Хятадын томоохон их сургуулийн захиргаа оюутан эмэгтэйд үзүүлсэн бэлгийн дарамтын талаар мэдээлэл сошиал орчинд цацагдсаны дараа нэг профессороо ажлаас нь халжээ.
Бээжингийн Рэнмин Их сургуулийн докторын хөтөлбөрт сурдаг Ван Ди хэмээх бүсгүй Ням гарагт Вэйбо сүлжээнд 59 минутын урт видео мэдэгдэл байршуулсан нь олны анхаарлыг татсан юм.
Уг мэдэгдэлдээ тэр өөрийнх нь удирдагч багш, тус сургуулийн Коммунист Намын үүрийн дарга асан эрхэм бэлгийн дарамт үзүүлдэг талаар баримт дэлгэсэн байна.
Тавьсан саналаас нь татгалзсаныхаа төлөө тэр сүүлийн хоёр жил гаруй хугацаанд асар их дарамт, сүрдүүлэг амсах болсноо ярьжээ.
Бас бэлгийн дарамт үзүүлснийг батлах баримтыг мэдэгдэлдээ үзүүлсэн байна.
“Одоо би үүнийг цаашид тэвчиж чадахгүй, ухрах газаргүй болсон тул ил болгохоор шийдлээ” гэж ярьсан оюутан бүсгүй профессорыг шийтгэж, өөр удирдагч багш томилж өгөхийг сургуулийн захиргаанаас хүссэн юм.
Түүний мэдэгдэл Даваа гарагийн оройн байдлаар 2.2 сая орчим хүний дэмжлэгийг авсан байв.
Өчигдөр Рэнмин Их сургуулийн захиргаа оюутны гомдол үнэн болох нь батлагдсан тул тухайн профессорыг ажлаас нь халж буйг мэдэгджээ.
Үүнээс гадна профессорыг намаас хөөж, хуулийн байгууллагад шалгуулахаар болсныг дуулгасан байна.
Их сургуулийн мэдэгдлийн дараа Вэйбо сүлжээнд оюутны тавьсан бичлэг устгагджээ.
Хэдэн жилийн өмнө дэлхий дахинд өрнөсөн #MeToo хөдөлгөөний үеэр Хятадад эрх мэдэлтнүүдийн бэлгийн дарамтыг илчлэх явдал нэмэгдсэн юм. Гэхдээ энэ нь Коммунист Намын нэр хүндийг сэвтүүлж эхэлсэн тул удалгүй ийм үзэгдлийг хатуу хориглох болжээ.
2021 онд Хятадын теннисийн од Пэн Шуай төрийн өндөр албан тушаалтан Зан Гаоли гэгчийн бэлгийн хүчирхийллийн хэргийг илчилснийхээ дараа хэсэг хугацаанд олон нийтийн өмнө ил гаралгүй, ор сураггүй алга болж байв.
Түүний мэдэгдэл интернэтээс ул мөргүй устгагдаж, энэ сэдвээр хэлэлцэхийг хатуу хориглох болжээ.
Эх сурвалж: Associated Press