Баасан гарагт болсон Парисын олимпын нээлтийн үеэр Италийн өндрийн харайлтын тамирчин Жанмарко Тамбери хуримын бөгжөө Сена мөрний усанд унагажээ.
32 настай дэлхийн аварга энэ үеэр Италийн төрийн далбааг өргөх үүрэгтэй байсан юм.
Тэрбээр энэ явдлын дараа Инстаграм хуудсаараа дамжуулан эхнэр Киара Бонтемпи Тамберигаас уучлал гуйжээ.
Тамбери тэмцээнд орохын тулд “хэт их жин хассан”, нээлтийн арга хэмжээний үеэр сэтгэл хөдөлсөн байсан тул хуримын бөгжөө унагаснаа тайлбарлаад “Намайг уучлаарай хайр аа” гэж бичсэн байна.
“Гэхдээ энэ бөгж гээгдэх ёстой байсан юм бол хамгийн зөв газраа хаясан гэж би бодож байна. Бөгж маань хайрын хотын голын ёроолд мөнх үлдлээ” гэж Тамбери цааш тайлбарлажээ.
Тэр гэргийнхээ бөгжийг бас Сена мөрөнд хаях санал гаргасан байна.
“Тэгвэл бөгжнүүд үүрд хамтдаа үлдэж, бид хамт амьдрах амлалтаа шинэчилж, дахин гэрлэж болох юм” гэж Тамбери бичжээ.
Хариуд нь Киара бичсэн сэтгэгдэлдээ “Зөвхөн чи л энэ явдлыг ийм романтик зүйл болгож чадна” хэмээн нөхрөө магтсан байна.
Хос хоёр 2022 оны есдүгээр сард гэрлэж байжээ.
Тамбери өмнө нь 2020 оны Токиогийн наадмаар өндрийн харайлтын алтан медалиа өрсөлдөгч Катарын Мутаз Эсса Баршимтай хуваах шийдвэр гарган дуулиан тарьж байв.
Тухайн үед тэд хэн хэн нь 2.37 метр өндөрт амжилттай харайсан үзүүлэлтээр тэнцээд цааш ахиулахгүй байхаар шийдэж байжээ.
Тамбери бас 2011 оноос хойш тэмцээнд таллаж хуссан сахалтай оролцдог өөрийн “таних тэмдэг”-ийг бий болгосон юм.
Эх сурвалж: BBC