АНУ-ын Беркли дэх Калифорнийн их сургуулийн эрдэмтэд АНУ, Европын холбоо, Их Британид худалдаалагддаг хэд хэдэн тампоны брэндийн бүтээгдэхүүнээс хортой металл илрүүлсэн байна.
Өнгөрсөн сарын сүүлээр нийтлэгдсэн судалгаагаар бол хэд хэдэн брэндийн тампоноос хар тугалга, хүнцэл, кадми гэх мэт хортой металлууд илэрчээ.
Хортой металлын агууламж нь хаанаас худалдан авсан (АНУ, Их Британи, Европын холбоо) болон тампон нь органик эсвэл органик бусаасаа хамаарч өөр байсан аж.
Эрдэмтэд 14 брэндийн 30 тампоны хүнцэл, бари, кальци, кадми, кобальт, хром, зэс, төмөр, манган, мөнгөн ус, никель, хар тугалга, селен, стронций, ванади, цайрын агууламжийг судалсан байна.
Шинжилгээг явуулахад бүх тампоноос тодорхой хэмжээний металлын агууламж илэрчээ. Тодруулбал органик бус тампонуудад хар тугалганы агууламж өндөр байсан бол органик тампонуудад хүнцлийн агууламж өндөр байсан юм.
Калифорнийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаач Женни Шертсон “Нийгмийн эрүүл мэндэд томоохон нөлөө үзүүлж болох байтал тампон дахь химийн бодисын агууламжийн тухай судалгаа маш бага хийгдсэн” гэж хэлжээ.
Эдгээр металлууд тампонд хэд хэдэн замаар орсон байж болно. Тухайлбал хөвөнгийн талбайн ойролцоо хар тугалга хайлуулах үйлдвэр гэх мэт бохирдуулагч байсан бол эсвэл ус, агаар, хөрсөөр дамжуулан хөвөн бохирлогдох боломжтой юм.
Судлаачид “Хар тугалганы аюулгүй түвшин гэж байхгүй. Тампоноос ялгарч хүний биед нэвтэрсэн хар тугалга ямар ч хэмжээтэй бай сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй” гэжээ.
Мөн “Онцгойлон бичихэд хар тугалганд бага хэмжээгээр хордох нь насанд хүрэгчид болон хүүхдүүдэд мэдрэл, зан үйлд нь нөлөөлж анхаарал, ой санамж, суралцах чадвар зэрэг нь буурахад хүргэдэг” хэмээсэн байна.
Одоогийн байдлаар тампонд агуулагдаж буй эдгээр хортой металлууд биед шингэдэг эсэх нь тодорхойгүй байгаа юм. Ийм учраас нэмж судалгаа хийх хэрэгтэй гэдгийг эрдэмтэд онцолжээ.
Эх сурвалж: Newsweek