Омог бардам, өөртөө итгэлтэй эрчүүдгүйгээр энэ амьдралыг төсөөлөхөд хэтэрхий бэрх бөгөөд тэд бол айл гэрийн ноён нуруу, хань ижлийнхээ түшиг тулгуур, үр хүүхдийнхээ сайн аав, эцэг, эхийнхээ ачлалт үр нь болсон хүмүүс билээ. Хааяа нэг хэлэх үг нь үнэ цэнэтэй байх бөгөөд гэрийн хойморт налайгаад сууж байдаг эр хүн үгүй бол гэр хүртэл нэг л хоосон оргих шиг болдог шүү дээ…
Тэгвэл омог бардам эрчүүдэд маань зарим зүйл дээр асуухаас эмээдэг асуултууд гэж байдаг байна. Чухам ямар асуултууд тэднийг эмээхэд хүргэдэг юм бол?
1. Би ямар хувцас өмсөх вэ?
Тэдний ингэж асуухаас эмээдгийн гол шалтгаан нь энэ асуултыг бүсгүй хүн асуусан нь илүү тохиромжтой гэж боддогтой холбоотой байдаг гэнэ. Тэд бол төрөлхийн бүсгүйчүүд шиг толины өмнө олон цаг зогсох хүмүүс биш учраас ингэж асуувал утгагүй гэж боддог байна. Нас биенд хүрсэн эр хүн бусдаас ямар хувцас өмсөх вэ гэдгээ асуух шиг тэнэг зүйл байхгүй бөгөөд үүний оронд хайртаасаа урьтаж, хувцсаа өмсчихөөд гадаа машиндаа хүлээгээд сууж байхыг тэд гол төлөв эрхэмлэдэг ажээ.
2. Эвгүй сэтгэгдэл төрүүлэхүйц асуултууд…
Тэднийг бурхан бүтээхдээ эмэгтэй хүнийг хайрлан хүндэтгэж, ойлгож байхаар хамгийн эрхэм зан чанаруудыг суулгаж өгсөн гэлтэй. Тантай анх учирсан өдрөөс эхлээд тэд таныг хүндэтгэж, хайр халамжиндаа аз жаргал дүүрэн амьдруулахыг зорих бөгөөд зарим залуусын хувьд хайртынхаа инээмсэглэлийг харах гэж үргэлж баярлуулж, догдлуулах нь бий. Тиймээс тэд таныг гомдоож, сэтгэлийг чинь өвтгөж, эвгүй байдалд оруулах асуултыг асуухаас аль болох болгоомжилдог байна.
3. +18 асуултууд…
Тэд бол төрөлхийн сексийн харилцааг эрхэмлэдэг, төдий чинээ их ач холбогдол өгдөг хүмүүс юм. Түүнээс гадна аливаа зүйлээс амархан залхах хандлага илрэх нь бий. Тиймээс эрчүүд орон дотроо цаг үргэлжид шинэ зүйлийг туршиж үзэхийг хүсдэг байна. Гэвч харамсалтай нь хайртдаа энэ талаар хэлэх, иймэрхүү сэдэвийн асуулт асуухаасаа үргэлж эмээж явдаг гэнэ. Учир нь нөгөө л эмэгтэй хүнийг хүндэтгэж, хайрладаг зан чанартай нь холбоотой ажээ.
4. Чи наадахаа хийхгүй байж болох уу?
Хосууд учирч, хоёр биенээ хайрлаж эхлэхээсээ өмнө ямар амьдралаар, юу хийж ирсэн нь чухал биш ч гэлээ, тэдний хүсэл мөрөөдөл, өмнөө тавьсан зорилго, хобби, дур сонирхол зэрэг нь хоорондоо зөрчилдөж, үл ойлголцох нь бий. Энэ тохиолдолд эрчүүд эмэгтэйчүүдийг бодоход харьцангуй тайван хандахыг эрхэмлэдэг бөгөөд энэ нь хайртынхаа хувийн орон зай руу хэт их алдаж байна гэсэн сэтгэгдлийг төрүүлэхвий гэхээс эмээж буйтай холбоотой ажээ. Хэрвээ ийм сэтгэгдэл төрүүлвэл өөрсдийнхөө эрх чөлөөг зөрүүлээд боолгуулахад хүргэж болзошгүй хэмээн сэрэмжилж байж ч болох талтай юм.
5. Надад итгэдэг үү?
Эрчүүдийн хайртаасаа аль болох асуухгүй байх асуултуудын нэг бол дээр дурдсан асуулт бөгөөд үүний шалтгаан гэвэл тэд өөрт нь итгэх үгүйгээс үл хамаарч, өөрийнхөөрөө байхыг эрхэмлэдэг бөгөөд харин ч энэ асуултыг асуухгүй байх нь тэдэнд амар санагддаг байна. Яагаад гэвэл эрэгтэй хүмүүс болсон хойно хааяа нэг хайртыгаа гэмгүй болон гэмтэй хуурах тохиолдлууд их гарах бөгөөд тэдгээр зүйлсийг ихэвчлэн нууц хэвээр үлдээсэн нь хосуудын харилцааг аварч үлдэх цор ганц арга хэмээн боддог байна.
6. Орал секс…
Тэд чухам яагаад таниас уг асуултыг асуудаггүйн шалтгааныг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. Мэдээж хэрэг хайртаасаа хүсч болох хамгийн төвөгтэй зүйлсийн нэг бол орал секстэй холбоотой асуулт юм. Эмэгтэйчүүдийн дийлэнх хувь нь хайртдаа орал секс хийж өгөхөөс татгалздаг бөгөөд насанд хүрэгчдийн кинонд л ийм зүйл байдаг гэж боддогоос гадна өөрсдийг нь доромжилж байна гэж үзэх нь бий. Тиймээс эрчүүд хайртаасаа энэ талаар асуух нь юу л бол…
7. Чамд таалагдахын тулд юу хийх ёстой вэ?
Хосуудын дунд зөрчилдөх, маргалдах үе бишгүй дээ л нэг тохиолддог билээ. Тэр болгонд эрчүүд түрүүлж буулт хийх нь асуудлыг түргэн намжаах, хийж байгаа хэрүүлдээ цэг тавих боломжийг бий болгодог бөгөөд бүсгүйн сэтгэлийг тайвшруулж, түүнийг аргадахын тулд эрчүүд чадах ядахаараа хичээдэг нь нууц биш юм. Гэвч тэд хайртаасаа дээр дурдсан асуултыг асуухаас үргэлж зайлсхийдэг бөгөөд хэрвээ асуухад хүрвэл өөрсдийнх нь хийхийг хүсэхгүй байгаа зүйлийг хий гэж шаардахвий гэж боддогтой холбоотой ажээ. Тухайлбал “Чи тамхи татаж, тоглоом тоглохоо болчих л доо. Тэгвэл бидний харилцаанд ямар ч асуудал дахиж гарахгүй” гэх мэтээр өөрсдийнх нь дур сонирхлыг хааж боогдуулахыг тэд дуртай хүлээж авдаггүй байна.
8. Би чамаас залхаж байна гэж чи бодохгүй байна уу?
Олон удаагийн хэрүүл маргаан, тэр болгонд өөрийг нь өнгөрснөөр нь дүгнэх явдал, элдвээр харааж, доромжлох гээд энэ бүгдээс болж, эрчүүд харилцаандаа цэг тавьж, амар амгалан байдлыг хүсэх нь олонтаа. Гэвч тэд үнэхээр хайртай бол өөрийн эхнэр, найз охиндоо залхаж байгаагаа хэлэхийг хүсдэггүй бөгөөд дараагийн удаа нөхцөл байдал арай илүү дээрдэнэ гэдэгт итгэлтэй байдаг байна. Магадгүй залхаж байгаагаа хэлвэл харилцаагаа эцэслэхэд хүрч болох бөгөөд хэдийгээр ингэхийг хүсч байгаа ч гэсэн, ямар ч эр хүний дотор уян зөөлөн зан оршиж байдаг гэдгийг мартаж болохгүй юм.
9. Би найзуудтайгаа цагийг өнгөрөөж болох уу?
Эрэгтэй хүн бүрийн хувьд дотны сайн найзууд гэж байх бөгөөд эхнэр, хүүхэдтэй болмогц найзуудаасаа бага багаар хөндийрч эхэлдэг нь амьдралын жам гэлтэй. Эхнэр, хүүхэдтэй байж гадуур тоглоод, шоудаад, наргиад яваад байна гэдэг байж боломгүй асуудал хэдий ч, тэд залуу насаа гэрийн хойморт налааж суугаад өнгөрөөхийг хүсдэггүй нь ойлгомжтой юм. Гэвч эхнэрийнхээ дургүйцэхийг мэдэх учраас зөвшөөрөл хүссэнээс хүсээгүй нь дээр гэж боддог байна.
10. Чамд зориулж авсан миний бэлэг таалагдсан уу?
Хайртыгаа баярлуулж, цаг ямагт догдлууж, гэнэтийн бэлгүүдийг ар араас нь бэлэглэхийг хүсэх залуус таны гайхалтай инээмсэглэл, баярласан сэтгэлийг мэдрэхийг туйлаас хүсдэг нь ойлгомжтой юм. Гэвч тэд энэ бүхний эцэст “Таалагдсан уу?” гэж асуухаас эмээдэг байна. Учир нь тэдний сэтгэл дотор таалагдаагүй байхвий гэсэн айдас нуугдаж байдаг ажээ. Хэрвээ тийм бол сэтгэл, цаг зав гаргаж, хайртдаа зориулсан бүхэн нь ямар ч үнэ цэнэгүй зүйл болж хувирах бөгөөд энэ нь тэдний урам зоригийг мохооход хүргэдэг гэнэ.
11. Намайг үүрд хайрлах уу?
Хүн бүр дутагдал, сул талтай байдаг бөгөөд эмэгтэйчүүдийг бодоход эрчүүд илүү их өөрийгөө дутагдалтай зан чанар ихтэй гэж дүгнэдэг байна. Тийм ч учраас хайртыгаа өөрийг нь орхиод явчихвий гэж битүүхэн дотроо эмээдэг гэнэ. Тиймээс тэд “Намайг үүрд хайрлах уу?” гэж асуухыг хүсдэг хэдий ч, сонохыг хүсэхгүй хариултыг хэлэхвий хэмээн сэтгэл түгшин хүлээж байхаар асуулгүй өнгөрсөн нь дээр гэж боддог байна.
12. Яг одоо чи юу мэдэрч байна вэ?
Тэд ч гэсэн эмэгтэй хүнээс ялгаагүй адилхан зүрх сэтгэлтэй учраас сэтгэлээр унаж, гомдож, туних үе байх бөгөөд таны сэтгэлд бүгдийг нийцүүлэх гэж хамаг чадлаараа хичээж, мэрийх нь бий. Гэвч тэр хичээл зүтгэлийг нь үнэлж, урам зориг хайрлахгүйд хүрвэл ямар ч залууд сайхан санагдахгүй шүү дээ. Тиймээс энэ тохиолдолд эрчүүд хайртаасаа юу мэдэрч байгааг нь асуухыг маш ихээр хүсдэг гэнэ.
13. Чи миний талаар юу гэж боддог вэ?
Хосуудын хувьд өөрийнхөө талаар дүгнүүлж, юу гэж боддог тухай нь асууна гэдэг зориг шаардсан зүйл байдаг билээ. Магадгүй сэтгэл гонсойлгож, урам хугалахаар хариулт хэлвэл гомдох хэцүү, ойлголоо гэж хэлэх хэцүү нөхцөл байдалд орох нь гарцаагүй юм. Эрчүүдийн хувьд өөрийгөө дүгнүүлж, тодорхойлуулахаас илүүтэйгээр хайртынхаа өөрт нь хандаж буй хандлагаас өөрийг нь юу гэж бодож явдаг, өөрт нь хэр зэрэг хайртай гэдгийг мэдэж авдаг аж.
14. Болзоо ямар байв?
Хосуудын харилцаа дотносоогүй үед болзоог эрчүүд хариуцаж, тэр өдрийг сэтгэл ханамжтай, өндөр сэтгэгдэлтэй өнгөрөөх үү, эсвэл утгагүй өдөр болгох уу гэдгийг тэд шийддэг билээ. Хайртыгаа гэр рүү нь хүргэж өгч, тэр өдрийн болзоогоо өндөрлөх яг тэр оргил агшинд ямар ч залуугийн толгойд “Би түүнд таалагдсан болов уу? Өнөөдрийн болзоо ямар санагдсан бол?” гэсэн бодлууд эргэлдэж байдаг боловч, шууд ингээд асуучих зориг, хүсэл төрдөггүй байна.
15. Юу хийхийг минь заахгүй байж болох уу?
Энэ асуултыг хэлэх нөхцөл бүрдэж, эхний үг амнаас хариугүй гарахын даваан дээр буцааж залгих мөч амьдралд олон тохиолддог нь нууц биш юм. Гэр бүл болж, дэр нэгтгэсний дараа эхнэрүүд зарим тохиолдолд юм бүхнийг зааж зааварлаж, эр хүний дургүйг хүргэх нь бий. Тэдний хийж буй зүйлс магадгүй таны сэтгэлд бүрэн нийцэхгүй байж болох хэдий ч, хүүхдээ загнаж буй мэт түүнд хандах нь уур бухимдлыг нь бардаг ажээ.