Өчигдөр буюу Бямба гарагт Энэтхэг даяар эмч нар 24 цагийн хугацаатай ажил хаяж, хувийн болон төрийн өмчит эмнэлгүүд шуурхай тусламжаас бусад бүх үйлчилгээгээ зогсоожээ.
Энэ нь тус улсын Колката хотын нэг эмнэлэгт резидент эмч бусдад хүчиндүүлж, алагдсан явдалтай холбоотой эсэргүүцлийн арга хэмжээ байлаа.
Бямба гарагийн өглөөний 6:00 цагаас эхэлсэн ажил хаялтад нэг сая гаруй эмч оролцсон тухай Энэтхэгийн Эмч Нарын Холбоо мэдээлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Колката хотын анагаах ухааны коллежийн эмнэлгийн байранд тэнд ажилладаг 31 настай резидент эмч бусдад хүчиндүүлж, амиа алдсаны дараа Энэтхэг даяар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмч нарын аюулгүй байдлыг хангахыг эрх баригчдаас шаардсан хөдөлгөөн эхэлсэн юм.
Өчигдөр хэрэг гарсан RG Kar Medical College-ийн байрыг цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалтад авсан байсныг гэрчүүд мэдээлжээ.
Эмч нарын болон эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах, гэм буруутнуудад хатуу хариуцлага тооцохыг шаарсан жагсаал цуглаан энэ долоо хоногийн Даваа гарагаас Энэтхэгийн олон хотод эхэлсэн юм.
Өчигдрийн ажил хаялт эдгээрээс хамгийн өргөн цар хүрээтэй нь байлаа.
Улс төрийн намууд, Болливүүдийн одууд уг эсэргүүцлийг дэмжиж, гэм буруутнуудыг хатуу шийтгэхийг уриалж байв.
Наймдугаар сарын 9-ний өдөр цагдаа нар хохирогч эмэгтэйн цусанд хутгалдсан цогцсыг эмнэлгийн хурлын танхимаас олж байжээ.
Тэрбээр шөнийн ээлжид ажилласныхаа дараа тэнд унтаж, амарч байгаад гэмт хэргийн золиос болсон байна.
Эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай болсон цагдаагийн ажилтнууд, тэдний гэр бүлийнхэнд туслах үүрэгтэй эмнэлгийн сайн дурын ажилтан энэ хэргийн гол сэжигтэн болсон юм.
Пүрэв гарагт бас Уттараханд мужийн нутаг дэвсгэрээс цагдаа нар ес хоногийн өмнө ажлаас гэртээ харих замдаа хүчиндүүлж, алагдсан сувилагч эмэгтэйн цогцсыг олсноо мэдээлсэн нь нийгмийн бухимдлыг улам хурцатгасан байна.
Эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг Энэтхэгийн нийгмийн том асуудал болдог. Албаны тоо баримтаас үзвэл 2022 онд тус улсад 31,516 хүчингийн хэрэг бүртгэгдсэн нь 2021 оныхоос 20 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Эх сурвалж: ikon.mn