Салалт болон салалтаа хэрхэн даван туулж байгаагаа хуваалцъя аа

Нөхөртэйгөө анх танилцаад сайхан л байсан. Бүгд л анх сайхан байдаг биз. 3 жил үерхээд жирэмсэн болсон жигтэйхэн баярлаад л хүнээс дутаахгүй та 2-оо авч явна нтр гэж байлаа. Тэр үгэнд нь их урам орж билээ. Тэгсэн 6 сартай жирэмсэн байхад гадагшаа явна ажил хийнэ л боллоо. Гэнэт шийдээд л гэнэт явчихсан. Очоод мөнгө төгрөг олно. Ирээд 3-лаа тусдаа гарна сайхан амьдарна гээд явсан хүн эсрэгээрээ очоод надаас мөнгө нэхдэг боллоо. Жирэмсэн үед янз бүрийн юм идэх хүсэл зөндөө. Гэвч ганц чихэр ч аваад идэх мөнгөгүй уйлаад суусан өдөр зөндөө. Хүний урманд 1000 төгрөг ч явуулсангүй. Жирэмсэн үедээ ганцаараа байна гэдэг нэмээд хүмүүсийн хэл ам гэдэг зүйл үнэхээр хүнд байж.

ЭРЧҮҮД, БҮСГҮЙЧҮҮД БОЛОН ГЭР БҮЛИЙН ХОСУУДЫН ТОГЛООМ

Энэ бүхнийг шарандаа даван туулав. Төрөөд хүүхэд бор хоолондоо ороод овоо болчихсон хойно покеронд донтсон нэг л том ярьсан хүн гэнэт ирээд болж байсан амьдралыг минь самраад л тавьчихсан. Хүүхэддээ эцэг шиг эцэг ч байж чадахгүй, ганц памперс тэврээд ирэх мөнгө ч байхгүй сэтгэл ч байхгүй. Өдөржин гэрт хэвтэнэ үнэд хүрэх юу л байна ломбард, покер, архидалт. Эцэстээ гар хүрдэг боллоо. Хэлэх хэлэхгүйгээр харааж доромжилт алж тална дээрээ хүрдэг болсон. Өөрчлөгдөнө ухаарна гэж найдаж ухаараасай гэж өчнөөн ч гуйж учирлаж аргадаад болоогүй. Сална гэхээр ална гэж дайрна. Яах ч аргагүй хэцүү цаг үе зөндөө тохиолдсон. Сүүлдээ зүгээр сайхан хүмүүсийн амьдралыг самараад байдаг хүүхнүүд гарч ирээд аваад явчихаасай гэж хүсдэг боллоо. Өмнө нь хүлээж догдлож санадаг байсан хүнээ харахаас ч дур гутаж гэртээ битгий ирж хоноосой гэж боддог болсон.

Ар гэрийн санхүүг аав ээж ах дүүгээсээ худлаа үнэн хэлж гуйж аргалдаг боллоо. Би ажил хийе хүүхэд хар гэхээр хаа хамаагүй хамаатны дүүгээ авчираад хүүхэд орхиод архи уугаад алга болчихсон байдаг. Сүүлдээ миний нүдэнд гал цог алга сэтгэл санаа гэж мөнгө яаж олох уу, яаж салах уу гэдгээс өөр бодох юмгүй боллоо. Үргэлж инээж аз жаргал цацруулж явдаг байсан би инээх гэдгийг ч мартсан. Хоёулаа ярилцах хэрэгтэй байна битгий ингээч гэж гуйхад чамд ямар хамаа байна, даварлаа барьлаа гэж уурлаад цохиод авсан. Гэнэт л газарт сэрсэн. Ерөөсөө гэнэт л болоод өнгөрдөг болов. Гэнэт л орон доороо сэрнэ. Гэнэт л тааз харж сэрнэ. Үгийн муухайгаар харааж доромжилчихоод нэг ч удаа уучлал гуйсангүй, би уучлал гуйдаггүй л гэнэ. Цөхрөл гомдол тэвчээр холилдон нэг л өдөр хүүхдээ аваад аав ээж рүүгээ явсан даа.

Гэртээ ир хэн болчихоод явж байгаа юм. Давраад байгаарай ална хядна гэж араач өчнөөн дарамтлаад авсан. Сүүлдээ эргэж очихооргүй явсныг минь ойлгоод зөндөө гуйж чихэн дээр цэцэг ургуулсан ч би аль хэдийн тэр хүнээс явсан байсан. Салалтандаа харин ч их баярлаж өдөр өдрөөр сэтгэл санаа минь тайвширч эхэлсэн. Үнэндээ тэр хүнтэй хамт байж эхэлснээс надад хамт олон найз нөхөд хүрээлэл гэж байх аа больсон байжээ. Би ч амьдрал гэр бүл илүү чухал гээд тэднийгээ ч тоогоогүй орхиж. Хүмүүс тэгдэг дээ гэр бүлээ бүтэн байлгах гэж хүүхдээ аавтай байлгах гэж хүчирхийллиййг тэвчсэн гээд. Тэгж л болдоггүй юм байна. Мянга хичээгээд болохгүй бол цэг тавьж сурах л хэрэгтэй юм байна. Хүүхдээ эцэгтэй байлгах гэж байна гэж зодуур яргаллыг тэвчсээр эцэстээ нэг нь шороонд нэг нь шоронд орж хүүхдээ аав ч үгүй ээж ч үгүй болгож мэдэхээр юм байна.

Хүн зовохоо хүрвэл ганцаараа ч зовно гэж үнэн юм. Бид ч бас айлын нялх нандин үр. Хайрлагдах эрхтэй. Хэн нэгэн айлын хүмүүжүүлж чадаагүй эрх тэнэг хүүхдүүдийг хүмүүжүүлж зовж амьдрах үүрэггүй. Өөрсддөө хайртай байцгаая. Ээж нь жаргалтай гэр нь амар тайван байж хүүхэд зөв өснө, зөв хүмүүжинэ. Хүчирхийлэл харж хүүхдээ байтугай өөрийгөө яая гэсэн сэтгэл зүйтэй ээжийн дэргэд хүүхэд зөв хүмүүжиж чадахгүй. Би салалтаа аз жаргалтайгаар даван туулж байна. Маш том сургамж байлаа. Нэгэнт явуулсан бол эргэж буцахгүй шийдэж сураарай. Амьдрал баялаг шүү. Уйлж гуниж зовж зодуулж суусаар насыг барж болохгүй. Цагаа тулахад эмэгтэйчүүд бид маш их сэтгэлийн хаттай хүчтэй.

3 Comments

  1. Khuslen says:

    Зандан тайлаад өгөх эгч юм уу эмэгтэй байна уу

  2. эр хүн says:

    Ийм эр хүний нэр гутаасан боловсролгүй, бохир заьаан бүдүүлэг, архичин дээр бас банзал янхан халтар эрийн оронцогуудаас эртхэн холдсон нь аминд чинь өлзийтэй шүү охид бүсгүйчүүд минь. Зодуураас нь болж тархи толгойны эмгэгтэй болсон бүсгүйчүүд их л байдаг юм шиг байна лээ. Мөнгө олохгүй байж гэдэг эмэгтэй хүнд эр бяраа гаргахгүй байж болдоггүй л юм байх даа.

  3. Comment says:

    Үнэхээр мундаг сэтгэлийн хаттай тэвчээртэй эмэгтэй юм аа. Зөв шийдвэрийг зөв цагт нь гаргаж үрээ мөн өөрийгөө хамгаалж үлдэж чадсан чамд баяр хүргэе. Эмэгтэйчүүд минь өөрийгөө л хамгаас түрүүнд хайрлаж байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.