Хүйсний асуудлаар маргаан дэгдээсэн Алжирын боксчин Илон Маскийн эсрэг шүүхэд гомдол гаргажээ

Алжирын олимпын аварга боксчин Иман Хелиф өөрийнх нь эсрэг онлайн орчны дайралт дарамтыг эрчимжүүлсэн хэрэгт олны танил хүмүүсийг буруутгаж, Парисын шүүхэд гомдол гаргажээ.

Тэдний жагсаалтад тэрбумтан Илон Маск, зохиолч Ж.К.Роулин нарын нэр байгааг Variety сэтгүүл олж мэдээлсэн байна.

Парисын олимпын наадмын эмэгтэйчүүдийн боксын 66 кг-ийн жинд түрүүлэхдээ Хелиф хүмүүсийн дунд нэлээд том маргаан дэгдээсэн юм.

Түүнийг олон хүн биологийн хувьд эрэгтэй, хүйсээ солиулсан хүн гэх зэргээр мэтгэлцэж, эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцуулсныг нь шүүмжилж байв.

Өнгөрсөн онд Хелиф хүйсийн шалгуур хангаагүй шалтгаанаар дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээнээс хасагдаж байжээ.

Парисын олимпын үеэр Хелифийг эрэгтэй хүн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн алдартнуудын нэг Илон Маск байв.

Тэрбээр Хелифийн эхний тулаанд өрөвдөлтэйгөөр ялагдсан Италийн тамирчин Анжела Каринигийн зургийг сошиал хуудсандаа нийтлээд “Эрчүүд эмэгтэйчүүдийн спортын төрөлд өрсөлдөх ёсгүй” гэсэн тайлбар зүүж байжээ.

“Харри Поттер” номын зохиолч Ж.К Роулин бас сошиал хуудсандаа инээмсэглэж буй Хелифийн зургийг нийтлээд “Өөрийг нь харгис үзэлтэй спортын байгууллага хамгаалж буйг мэдсэн эрэгтэй хүний инээмсэглэл” гэсэн тайлбарыг бичиж байв.

Лхагва гарагийн байдлаар зохиолч эмэгтэйн энэ пост 122 сая хандалттай байжээ.

Парисын прокурорын газар Хелифээс гомдол хүлээж авсан бөгөөд “хүйсийн шалтгаанаар бусдад кибер орчинд дарамт учруулж, олон нийтийн дунд доромжилсон” гэх үндэслэлээр шалгаж эхэлснийг баталсан байна.

Францын хуулиар ийм гэмт хэрэгт гурав хүртэл жилийн хорих ял болон мөнгөн торгууль оноодог юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.