Америкийн хипхоп ертөнцийн томоохон төлөөлөгчдийн нэг Шон Комбсыг өчигдөр хүний наймаа, бэлгийн хүчирхийллийн хэрэгтэй холбогдуулан баривчилжээ.
Прокурорууд түүнийг оргон зайлах эрсдэлтэй гэж үзсэн тул шүүх хурал хүртэл цагдан хорих шийдвэр гаргаж, барьцаагаар суллагдах хүсэлтийг нь хүлээж аваагүй байна.
Bad Boy Entertainment студийг оролцуулсан бизнесийн томоохон группийг үүсгэн байгуулагч 54 настай Комбс өөрөө үзэж таашаал эдлэх зорилгоор эмэгтэйчүүд болон эрэгтэй биеэ үнэлэгчдийг “Freak Offs” гэж нэрлэсэн садар самуун дүрс бичлэгтээ ашигладаг байсныг мөрдөгчид баримтаар тогтоожээ.
Ингэхдээ тэр хохирогч эмэгтэйчүүдийг мансууруулах бодис, мөнгө санхүү, урлагийн од болгох амлалт, романтик харилцаа зэргээр гартаа оруулдаг байсан гэнэ.
Мөн ийм эмэгтэйчүүдийг гэмт үйлдлийн талаар чимээгүй байлгахын тулд дүрс бичлэгээр болон галт зэвсгээр сүрдүүлж байсныг тогтоожээ.
Комбс ийм хууль бус үйл ажиллагааг сүүлийн 16 жилийн турш явуулж байсан нь мөрдлөгөөр ил болсон байна.
Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн шүүгч Робин Тарновски түүнд гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор бусдыг айлган сүрдүүлсэн, бэлгийн мөлжлөг, бусдын биеийг үнэлүүлэх зорилгоор муж хооронд тээвэрлэсэн гэх гурван зүйл ангиар ял тулгажээ.
P.Diddy, Puff Daddy зэрэг нэрээр уран бүтээл туурвиж байсан Комбс өөрийн үүсгэн байгуулсан Bad Boy Records студиэрээ дамжуулсан 1990-2000-аад оны үед Mary J. Blidge, Faith Evans, Notorious B.I.G, Usher зэрэг алдартнуудыг төрүүлсэн гавьяатай гэгддэг.
Хэрвээ түүний буруутай нь шүүхээр тогтоогдвол дээд тал нь бүх насаар хоригдох ял сонсож болзошгүй болжээ.
Комбс сүүлийн нэг жилийн турш янз бүрийн дуулианд холбогдож, нэр хүнд нь нэлээд унаад байгаа.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хуучин найз бүсгүй нь байсан дуучин Касандра Вентура түүнийг бие махбодын болон бэлгийн хүчирхийлэл, бэлгийн боолчлолд буруутгаж байв.
Сүүлд тэрбээр Касандратай тодорхойгүй хэмжээний мөнгөөр тохиролцсоны дараа уг дуулиан намжсан юм.
Комбсоос өмнө R&B дуучин Р.Кэлли 2021 онд Нью-Йорк, 2022 онд Чикаго хотын шүүхээс хүний наймаа, айлган сүрдүүлэлт, хүүхдийн садар самууны хэргээр нийтдээ 31 жилийн хорих ял сонсож байв.
SOURCE: ikon.mn