Барууны астрологид хүнийг төрсөн сар, өдрөөр нь 12 ордод хуваадаг. Тэгвэл төрсөн сарын цэцэг гэж байдгийг та мэдэх үү? Төрсөн сарын цэцэг гэх ойлголтын гарал үүсэл бага зэрэг тодорхойгүй байдаг. Зарим эх сурвалжууд эртний Ромоос гаралтай гэх нь бий. Төрсөн сарын цэцгийн ихэнх нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагас, сэрүүн уур амьсгалтай бүс нутагт ургадаг байна. Гуравдугаар сараас бусад сар хоёр төрсөн сарын цэцэгтэй байдаг.
Нэгдүгээр сар
Лиш: Эртний грекүүд лиш цэцгийг гэрийн чимэглэл, зүүл болгон ашигладаг байжээ. Лиш цэцгийн өнгөнөөсөө хамаарч өөр утгатай. Түгээмэл байдаг улаан, ягаан өнгө нь гүн гүнзгий хайр, биширлийг илэрхийлдэг. Харин шар өнгийн лиш урам хугарах, татгалзлыг бэлгэддэг байна.
Яргуй: Хавар хамгийн эрт нахиалдаг цэцгүүдийн нэг гэдгээрээ алдартай. Ийм учраас итгэл найдвар, шинэ эхлэлийг бэлгэддэг. Мөн яргуй нь Грекийн охин тэнгэр Персефоныг төлөөлдөг юм. Яргуй нахиалах нь Персефон доод ертөнцөөс гарч ирж шинэ хаврыг эхлүүлж буйг илтгэдэг.
Хоёрдугаар сар
Нил цэцэг: Байгалын эрс тэрс уур амьсгалд тэсвэртэй энэ цэцэг өвлийн дундуур цэцэглэдэг. Их Британид 18-19-р зууны үеэр нил цэцэг бэлэглэх нь жинхэнэ санаа зорилгыг бэлгэддэг байжээ. Одоо үед нил цэцэг нь даруу зан, үнэч, гэнэн цайлган байдал, мөнхийн хайрыг бэлгэддэг юм.
Примроз: Примроз нь Латин хэлний primula буюу эхэнд гэдэг үгнээс гаралтай нэр. Учир нь примроз хавар хамгийн эхэнд нахиалдаг цэцгүүдийн нэг. Эрт дээр үеэс примрозыг иш шидтэй холбодог байжээ. Кельтүүд примроз идвэл дагина болно гэж итгэдэг байв. Мөн энэ цэцэг залуу хайрыг бэлгэддэг байна.
Гуравдугаар сар
Нарцисс цэцэг: Дафодил буюу нарцисс цэцэг нь гуравдугаар сарын цор ганц цэцэг. Нарцисс гэдэг нэртэй болохоор эгог бэлгэддэг гэж хүмүүс андуурдаг ч тийм биш аж. Харин дахин төрөлт, уучлал, итгэл найдвар бэлгэддэг гэж үздэг.
Дөрөвдүгээр сар
Хонин нүдэн цэцэг: Дэйзи буюу хонин нүдэн цэцгийг эрт үед Гэгээн Мариатай холбодог байсан тул гэм зэмгүй байдал, хайрыг бэлгэддэг байна. Мөн хавар цэцэглэдэг тул шинэ эхлэлийг илэрхийлдэг юм.
Вандуйн цэцэг: Вандуйн цэцэг нь ихэвчлэн хаврын сүүлийн сард цэцэглэдэг байна. Анхилуун сайхан үнэртэй учир талархал, аливаа зүйлийг үнэлж буйгаа илэрхийлж бэлэглэдэг. Мөн найз нөхөрлөл, салах ёсыг илэрхийлдэг байна.
Тавдугаар сар
Долоогонын цэцэг: Долоогонын мод нь жимс ургуулдгаас гадна цагаан, ягаан эсвэл улаан өнгийн цэцэг нахиалуулдаг байна. Энэ цэцэг итгэл найдварыг бэлгэддэг. Эртний грекүүд долоогонын мөчрийг хуримын ёслолын үед хэрэглэдэг байжээ.
Хөндийн сараана: Энэ цэцгийн ихэвчлэн хуримын цэцгийн баглаанд боодог. Ийм учраас баяр баясгалан, эх хүн, цэвэр ариун байдлыг бэлгэддэг байна.
Зургаадугаар сар
Сарнай: Сарнай нь ихэвчлэн хаврын сүүл эсвэл зуны эхээр цэцэглэдэг. Өнгөнөөсөө хамаараад сарнай өөр өөр зүйлийг бэлгэддэг билээ. Тухайлбал улаан сарнай хайр дурлал, романсыг бэлгэддэг бол шар сарнай нөхөрлөл, уучлалыг илэрхийлдэг. Харин цагаан сарнай гэнэн цайлган байдал, шинэ эхлэл, ягаан сарнай талархлыг бэлгэддэг.
Далан хальс: Далан хальс цэцэг нь зуны сүүлээр цэцэглэдэг. Мөн хайр сайн сайхан сэтгэлийг бэлгэддэг байна. Энэ цэцгийн бал бурмыг хүн идэж болдог юм. Харин гэрийн тэжээвэр амьтдад хортой.
Долоодугаар сар
Усны сараана: Энэ цэцэг нь эртний Египетэд дахин төрөлтийг бэлгэддэг байжээ. Харин Буддын шашинд гэгээрлийг илэрхийлдэг маш чухал ач холбогдолтой цэцэг юм.
Бэр цэцэг: Ларкспур буюу бэр цэцэг нь зургаагаас есдүгээр сарын хооронд ургадаг. Энэ цэцэг хамгаалалт, ёс суртахуун, зөөлөн байдлыг илэрхийлдэг байна. Ягаан бэр цэцэг хувирамтгай байдлыг илэрхийлдэг бол нил ягаан бэр цэцэг анхны хайр, цагаан нь баяр баяслыг бэлгэддэг.
Наймдугаар сар
Гладиолус: Энэ цэцгийн иш 180 см хүртэл ургаж чаддаг. Гладиолусыг эрт үед тулаанд ялалт байгуулсан гладиаторуудад өгдөг байсан тул ялалтыг илэрхийлдэг байна. Мөн шударга байдал, хүч чадал, дурсамж, бишрэлийг бэлгэддэг юм.
Намуу: Одоо цагт намуу цэцгийг эргэн дурсахад зориулж ашигладаг. Их Британийн Хамтын нөхөрлөлийн орнуудад Зэвсэгт хүчний өдөр, АНУ-д Ахмад дайчдын болон дурсгалын өдрөөр намуу цэцгийг ашигладаг байна.
Есдүгээр сар
Гэсэр цэцэг: Астер буюу гэсэр цэцэг нь зуны сүүл, намрын эхэн сард ургадаг. Астер нь Грек хэлийн од гэх үгнээс гаралтай нэр юм. Гэсэр цэцэг нь хайр, мэргэн ухаан, тэвчээр, итгэлийг бэлгэддэг.
Имопея: Энэ цэцэг нь аливаа зүйлийг бүрхэж, хүрээлэн ургадаг тул мөлхөө цэцэг гэх нь ч бий. Имопея нь гоо сайхныг бэлгэддэг байна.
Аравдугаар сар
Космос: Энэ цэцэг нь дотоод амар амгалан, тэнцвэрт байдлыг илэрхийлдэг. Мөн гэм зэмгүй байдлыг бэлгэддэг юм.
Мариголд: Аравдугаар сарын хоёрдох цэцэг нь сүнслэг зан үйлтэй холбоотой байдаг. Мөн өвөл ирж буйг бэлгэддэг байна.
Арваннэгдүгээр сар
Удвал: Энэ цэцэг нь үнэнч байдал, нөхөрлөл, баяр баяслыг илэрхийлдэг юм.
Цээнэ: Арваннэгдүгээр сарын хоёрдох цэцгийг хуримын баглаанд боож, аз жаргалтай амьдрал болон аз жаргалтай гэрлэлтийг бэлгэддэг байна.
Арванхоёрдугаар сар
Цагаан нарцисс: Цагаан дафодил буюу цагаан нарцисс нь дахин төрөлт, итгэл найдвар, гэмгүй байдлыг бэлгэддэг юм.
Балуу мод: Барууны орнуудад арванхоёрдугаар сард балуу модыг зул сарын чимэглэл болгон ашигладаг. Мөн үржил шим, аз хийморийг бэлгэддэг байна.
Эх сурвалж: Britannica, House Beautiful, Parade