Гэр бүлийн боловсрол олгох зөвлөгөөг МУИС-ийн профессор, доктор Т.Бүрэнжаргал хүргэлээ.
Гэрлэлт гэдэг нь насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэнд “Гэр бүл” болох зорилгоор хуулийн дагуу гэрлэлтээ бүртгүүлэхийг хэлдэг.
Гэрлэлт бол гэр бүлийн суурь, үндэс болж байдаг учраас гэр бүл болж, гэр бүлээ бүртгүүлж байгаа хосуудад эрх үүрэг болон хариуцлагын тогтолцоо бий болдгийг тэрбээр хэлэв.
Түүний танилцуулсан зөвлөгөөг хүргэж байна.
Монгол Улсад гэрлэлтийн “Моношами” хэлбэрийг хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоорондоо гэрлэж болно.
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн хоёрдугаар бүлэгт “Гэр бүлийн харилцаа үүсэх үндэслэл, нөхцөл, журам, мөн гэрлэлт дуусгавар болох харилцааг зохицуулж заасан байдаг.
Гэрлэлт гэр бүлийн харилцаа сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэнд тулгуурлаж явагдах ёстой. Үүнээс гадна нас, хүйс, боловсрол, мэргэжил, шашин шүтлэг, үзэл бодлоор ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш эрхийн үндсэнд суурилж, гэр бүлийн харилцаа явагдах ёстой.
Харшлах шалтгаангүй бол 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн эрэгтэй, эмэгтэй хоёр гэрлэлтээ батлуулж болно. Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн эсхүл харьяалалгүй хүнтэй гэрлэх бол Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсад гэрлэлтээ бүртгүүлж болно.
Үүнээс гадна гэрлэгчдийн эд хөрөнгийн болон эдийн бус харилцааг Монгол Улсын гэр бүлийн тухай хуульд зааж өгсөн байдаг.
Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ батлуулахдаа гэрчийн этгээдийг байлцуулан улсын бүртгэлийн байгууллагад хилийн чанадад бол дипломат төлөөлөгчийн газарт гэрлэлтээ батлуулж болно.
Гэрлэлт бүртгүүлсэн өдрөөс эхлээд гэрлэгчдийн хооронд эрх, үүргийн харилцаа бий болно. Гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө гэрлэгчид эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд орж, тодорхойлолт авсан байх шаардлагатай.
Эрүүл гэр бүлээс эрүүл хүүхэд төрөх учраас гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө эрүүл мэндийн байгууллагад хандаж, шинжилгээ өгөх шаардлага бий. Гэрлэхийг хүсэгчид өөрсдийн оршин суугаа газрынхаа харьяа эрүүл мэндийн байгууллагад хандаж, эрүүл мэндийн шинжилгээ, үзлэгт хамрагдана.
Эрүүл мэндийн шинжилгээнд бэлгийн замын халдварт өвчин, дох, сүрьеэ, сэтгэцийн эрүүл мэндийн шинжилгээг өгдөг.
Эмнэлгийн байгууллага эрүүл мэндийн шинжилгээ өгсний дараа шинжилгээний хариуг гэрлэгчдэд тайлбарлаж, удамшлын болон нөхөн үржихүйн, гэр бүл төлөвлөлтийн талаарх зөвлөгөө өгдөг. Хэрвээ ямар нэгэн өвчин, өвчний шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагын ажилтан энэ талаар заавар зөвлөгөө өгч, гэрлэгчдэд тайлбар олгоно.
Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй нь гэр бүл болсноос хойш илэрвэл аль нэг тал нь шүүхийн байгууллагад хандаж, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус хэмээн тооцуулах боломжтой.
Гэрлэгчдийн эрүүл мэндийн шинжилгээний хариу нь хувь хүний нууцад хамаардаг.
Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хуулийн долдугаар зүйлд гэрлэсний бүртгэлийг хуульчилж, гэрлэхийг хүсэгчид тус тусдаа өргөдөл гаргаж, өөрийн биеэр очиж, гэрлэлтээ бүртгүүлэхийг хуульд зааж өгсөн байдаг.
Гэрлэхийг хүсэгчид ирэхдээ дараах баримт бичгийг авчирч бүртгүүлнэ. Үүнд
Иргэний үнэмлэх
Гадаадын иргэн эсхүл харьяалалгүй иргэн бол паспорт болон түүнийг орлох бичиг баримтаа авчирна.
Мөн эрүүл мэндийн бичиг, эрүүд мэндийн үзлэгт орсон шинжилгээний хариуг авчирна. Насанд хүрээгүй хүнийг “Эрх зүйн чадамжтай” гэж үзвэл түүнийг тодорхойлсон шүүхийн шийдвэрийг хавсарган авч ирж, гэрлэлтээ бүртгүүлж болно гэж үздэг.
Түүнийг тодорхойлсон шүүхийн шийдвэрийг хавсаргаж, гэрлэлтээ бүртгүүлж болно гэж үздэг.
Гэрлэхэд харшлах шалтгаанууд байдаг. Үүнд
Өмнөх гэрлэлт хүчинтэй хэвээр байвал гэрлэлтийг бүртгэхгүй.
Үрчлүүлэгч болон үрчлэн авагч хоорондоо гэрлэж болохгүй.
Харгалзагч, харгалзан дэмжигч хоорондоо гэрлэж болохгүй.
Гэрлэгч хос хоёулаа 18 нас хүрээгүй бол гэрлэлтийг бүртгэхгүй эсвэл аль нэг нь 18 нас хүрээгүй бол гэрлэлтийг бүртгэхгүй гэж үздэг.
Гэрлэгч хос хоёулаа эсвэл аль нэг нь сэтгэцийн архаг эмгэгтэй нь эрүүл мэндийн магадлаагаар тодорхойлогдсон бол гэрлэлтийг бүртгэхгүй гэж хуульд заасан байгаа.
Гэр бүлийн хуульд зааснаар гэрлэгчдийн дараах эрх, үүргийг ярьж болно. Ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, оршин суугаа газраа чөлөөтэй сонгох, гэр бүлээ төлөвлөхөд эхнэр, нөхөр, гэрлэгчид чөлөөтэй оролцох, хамтран өмчлөх, дундын болон хуваарьт хөрөнгөтэй байх, мөн эд материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах эрхтэй.
Гэрлэгчид нь дараах үүргийг хүлээнэ
Гэрлэгчид бие биеэ хайрлаж, хүндлэх, нэг нэгэндээ үнэнч байх
Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бойжуулах
Нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх
Аливаа хэлбэрийн дарамт, шахалт, хүчирхийлэлд оруулахгүй байх
Гэр бүлдээ шаардагдах эдийн засгийн болон сэтгэл санааны дэмжлэгийг байнга үзүүлж байх ёстой.
Эдийн засгийн нөхцөлөөр нь хангах үүрэгтэй. Үүнээс гадна гэрлэгчид угийн бичгийг хөтлөх шаардлагатайг хуульд заасан байгаа. Гэрлэх насны доод хязгаарыг 18 нас гэж хуульд зааж өгсөн.
15-18 насыг “Эрт гэрлэлт” гэж үздэг. Энэ нь “хүүхдийн гэрлэлт” гэж үздэг учраас 18-аас доош насны гэрлэлтийг хуулиар бүртгэдэггүй.
18 насандаа гэрлэж байгаа тохиолдолд хуулиар гэрлэлтийг нь хүлээн зөвшөөрнө. Гэхдээ онолын ангиллаар аваад үзвэл 18 нас эрт гэрлэлтэд тооцогддог.
Судалгааны дүнгээс аваад үзвэл хүн амын тооллогоор
Монгол эмэгтэйчүүд дунджаар 24-25 насандаа
Монгол эрэгтэйчүүд 25-27 насандаа гэрлэж байна.
Гэр бүл болох боломжтой нас гэж үзэж болно. Гэрлэлтийн нас жилээс жилд хожуудаж байгаа явдал нь нийгэм, эдийн засгийн хөгжилтэй холбоотой.
Мөн залуучуудын хувьд сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх эдийн засгийн боломжтой болж байгаад гэр бүл зохиоё гэсэн бодол давамгай ажиглагдаж байгаа.
Нэг талаар “гэр бүл”, нөгөө талаас “өрх” гэсэн ойлголт бий. Гэр бүл гэдэг нь хэд хэдэн хүний цусан төрлийн холбоонд бий болсон хүмүүсийн нэгдэл гэж үздэг. Өөрөөр хэлбэл эцэг эх, үр хүүхдийн харилцаа холбоонд нийтлэгийг “гэр бүл” гэж үздэг.
Өрх гэдэгт гэр бүлтэй дүйцэх зүйл ч бий, дүйцэхгүй зүйлс байдаг. Өрх гэдэг нь хэд хэдэн хүний цусан төрлийн болон цусан төрлийн биш хүмүүсийн нэгдэлд суурилж болдгоороо ялгаатай.
Нэг хүн өрхийг бий болгож болно. Харин нэг хүн гэр бүлийг бий болгож болохгүй.