2024 оны эхний хагаст ганцаар амьдардаг 37,000 гаруй хүн гэртээ нас барсныг сүүлд илрүүлснээ Япон улсын үндэсний цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.
Эдгээрээс бараг 4,000 орчим хүн нас барснаасаа хойш нэг сараас дээш хугацааны дараа олдсон бол 130 хүн нэг жилээс дээш хугацааны дараа олдсон байна.
Япон улс нь дэлхийн улс орнуудыг хүн амын хөгшрөлтөөр тэргүүлж байгааг НҮБ-ын сүүлийн үеийн тоо баримт харуулдаг.
Энэ оны эхний хагаст 37,227 хүн гэртээ ганцаар нас барсны 70 гаруй хувь нь 65 ба түүнээс дээш насныхан байжээ.
Нийт тохиолдлын 40 орчим хувь нь нас барсан өдрөө олдсон байна.
Насны бүлгээр нь авч үзвэл 85-аас дээш насны 7,498 хүн, 75-79 насны 5,290 хүн, 70-74 насны 5,635 хүн гэртээ нас барсан нь хамгийн олон тохиолдлууд болжээ.
Энэ оны эхээр Японы Хүн ам, Нийгмийн Хамгааллын Судалгааны Үндэсний Хүрээлэн 2050 он гэхэд 65-аас дээш насны ганц бие хүмүүсийн тоо 10.8 саяд хүрэх тооцоо гаргаснаа танилцуулж байв.
Мөн онд бүх насны ганц бие өрхийн тоо 23.3 саяд хүрэхээр байгааг бас мэдээлсэн юм.
Энэ оны дөрөвдүгээр сард Японы засгийн газар хүн амын хөгшрөлтөөс үүдэлтэй ганцаардсан, нийгмээс тусгаарлагдсан хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх хуулийн төслийг парламентдаа өргөн барьж байжээ.
Тус улсын эрх баригчид хүн амын хөгшрөлт, бууралтын эсрэг олон жил тэмцэж байгаа ч үр дүн харагдахгүй байгаа.
Өнгөрсөн онд ерөнхий сайд Фүмио Кишида тус улсад төрөлт буурсны улмаас удахгүй нийгэм үүргээ гүйцэтгэх чадваргүй болох аюул ойрхон болсныг анхааруулж байжээ.
Японы хөрш орнуудад ч хүн ам зүйн асуудал тулгараад байгаа.
2022 онд Хятад улсын хүн ам 1961 оноос хойш анх удаагаа буурсан бол Өмнөд Солонгос дэлхийн хамгийн бага төрөлтийн түвшинтэй улс болсноо удаа дараа зарлаад байна.
Эх сурвалж: Ikon.mn