Өчигдөр буюу Даваа гарагт Францын нийгмийг цочроосон аймшигт гэмт хэргийн шүүх хурал тус улсын өмнөд бүсийн Авиньон хотод эхэлжээ.
Хохирогч эмэгтэйн нөхөр болох 71 настай эрэгтэй нь Францын цахилгаан түгээх сүлжээний EDF компанийн ажилтан байгаад тэтгэвэртээ гарсан нэгэн юм.
Тэрбээр эхнэртээ хүчтэй тайвшруулагч эм өгч ухаан алдуулсны дараа онлайн сүлжээнд өгсөн зарын дагуу гэрт нь ирсэн танихгүй эрчүүдэд хүчиндүүлдэг байжээ. Ийм гутамшигт хэрэг арав орчим жил үргэлжлэхэд хохирогч огт мэдээгүй өнгөрсөн байна. Цагдаа нар энэ хугацаанд 72 эрэгтэйн үйлдсэн 92 удаагийн хүчингийн хэргийг илрүүлсэн юм. Эдгээрээс 51 хүнийг нь олж тогтоож чаджээ.
Өчигдрийн шүүх хуралд хохирогч эмэгтэйн нөхөр Доминик болон 26-74 насны 50 хүчирхийлэгч хамт оролцсон байна.
2020 онд нэгэн худалдааны төвд гурван эмэгтэйн хормой доороос камераар бичлэг үйлдсэн хэргээр Доминик анх цагдаад баригдаж байжээ.
Түүнийг шалгах үеэр компьютероос нь их хэмжээний садар самуун зураг, бичлэг олдсоноор уг хэрэг илэрсэн байна.
Үүний дараа л Доминикийн эхнэр олон жил хүчирхийлүүлж байснаа мэджээ.
Доминик 2011 онд Парисын ойролцоо амьдардаг байхдаа анх ийм хэрэг үйлдэж эхэлсэн байна. Хоёр жилийн дараа Авиньон хотоос 33 км зайтай оршдог Мазан тосгонд нүүж суурьшсаны дараа гэмт үйлдлээ үргэлжлүүлжээ.
Мөрдлөгийн явцад цагдаа нар Доминикийн онлайн зарын дагуу хандсан хүмүүстэй харилцсан чатыг илрүүлсэн байна.
Тэр хүчтэй тайвшруулах үйлчилгээтэй эмийг (голдуу Temesta) эхнэртээ өгдөг байснаа хүлээжээ.
Хохирогч эмэгтэй эм уусныхаа дараа “унтах биш, түр зуур үхлийн байдалд ордог” байсныг эмч мэргэжилтнүүд тогтоосон байна.
Зарын дагуу ирсэн бүх эрэгтэйчүүдээс гурав нь л татгалзаад буцаж байсныг Доминик мэдүүлжээ.
Тэр эхнэрээ хүчиндүүлсний төлөө бусдаас мөнгө авдаггүй, харин зарим тохиолдолд өөрөө хамтардаг, дүрс бичлэг үйлддэг байсныг мөрдөгчид тогтоосон байна.
Хүчирхийлэгчдийн дотор жолооч, гал сөнөөгч, компанийн захирал, сэтгүүлч зэрэг олон төрлийн ажил мэргэжилтэй хүмүүс байжээ.
Тэдний ихэнх нь нэг удаа, зарим нь зургаа хүртэл удаа уг бузар хэрэгт оролцож байсан байна.
Тэд хэдийгээр хохирогч эмэгтэй ухаангүй байгааг мэдэж байсан ч өөрийгөө “чөлөөт харилцаатай хосын уран зөгнөлийг биелүүлэхэд тусалж байна” гэж боддог байснаа мэдүүлжээ.
Доминик есөн настай байхдаа эрэгтэй сувилагчид хүчиндүүлснээсээ хойш гэр бүлийн хүнээ ч ийм байдалд оруулах сонирхолтой болсон тухай өмгөөлөгч нь тайлбарласан байна.
Мэргэжилтнүүд Доминикийг сэтгэцийн хувьд эрүүл боловч “эмэгтэй хүнээс илүү хүчтэйгээ мэдрэх” дур сонирхолтой хүн гэж дүгнэжээ.
Өчигдрийн шүүх хуралд 72 настай хохирогч эмэгтэй насанд хүрсэн гурван хүүхдийнхээ хамт оролцсон юм. Шүүх хурлыг хаалттай зохион байгуулах боломжтой байсан ч хүчирхийлэгчдийг жигшүүлэхийн тулд тэр нээлттэй явуулахыг хүссэн байна.
Шүүх хурал арванхоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлэх тов гарчээ.
Эх сурвалж: ikon.mn