Нөхөн үржихүй, эх барих, эмэгтэйчүүд болон үргүйдлийн олон улсын ээлжит хурал “Шангрила” зочид буудалд өнөөдөр боллоо.
Энэхүү хурлыг “Regenerative Medical Center” үр шилжүүлэн суулгах төвөөс хоёр жил тутамд зохион байгуулж байна.
Нөхөн үржихүйн эрүүл мэнд ба анхаарах асуудлын талаар Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны тэргүүн, Анагаах ухааны доктор Ц.Үржиндэлгэрээс тодрууллаа.
Тэрбээр хэлэхдээ “Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр насанд хүрсэн нөхөн үржихүйн насны хүмүүсийн 17.5 буюу зургаан хүн тутмын нэг нь үргүйдэлтэй гэж мэдээлсэн байдаг.
Үргүйдэл нь тухайн хүний эрүүл мэндээс гадна гэр бүл, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал болдог. “Эмэгтэй хүний гоо сайхан үргүйдэлтэй болоод ирэхээр буурдаг” гэж гадаадын зочин, профессорын танилцуулгад ч дурдагдаж байна.
Үргүйдлийн шалтгаанд олон хүчин зүйл нөлөөлдөг. Тэгвэл үргүйдэл гэж юу вэ?
Нэг жилийн хугацаанд жирэмснээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглэхгүй, тогтмол бэлгийн амьдралтай байхад жирэмслэхгүй байвал үргүйдэл гэж үздэг.
Түүнчлэн 35-аас дээш насны жирэмснээс хамгаалах арга хэрэглэдэггүй, тогтмол бэлгийн амьдралтай байгаа эмэгтэйчүүд зургаан сар болбол үргүйдэлтэй гэж үзэх тодорхойлолтын шинэ санаанууд гарч ирж байгаа.
Гэр бүл, үр хүүхэдтэй болох төлөвлөгөө гаргасан ч жирэмслэхгүй байгаа бол хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн эмчид хандах нь зүйтэй.
Шалтгааныг тодорхойлох зорилгоор маш олон шинжилгээг хийлгэх ёстой байдаг учир эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамт шинжилгээнд хамрагдахыг зөвлөдөг.
Эрэгтэйчүүдийн үрийн шингэнийг шинжлэхэд л эсийн тоо нь хангалттай эсэх хөдөлгөөн нь чанартай байна уу гэдгийг амархан үзэж болно.
Харин эмэгтэйчүүдийн шалтгаан нь таван төрөлд байж болох учраас удаан үргэлжлэх магадлалтай. Тиймээс шинжилгээгээ дэс дараалалтай, шантрахгүй зохих хугацаанд нь өгөх шаардлагатай” хэмээн зөвлөлөө.
Үргэлжлүүлэн “Нөхөн үржихүйн эрхтний үрэвсэл нь эрүүл мэндийн сөрөг үр дагаврыг авчирдаг. Ялангуяа үрийн хоолойг битүүрүүлж, нарийсган хучуур эдэд нь нөлөөлдөг өвөрмөц халдвараас үүдэлтэй.
Энэ тохиолдолд эр, эм бэлгийн эс уулзаж чадахгүй, үр тогтсон өндгөн эс үүсэхгүй учраас үргүйдэлтэй болж байгаа.
Үр шилжүүлэн суулгах төвд ханддаг олон шалтгааны нэг нь үрийн хоолойн битүүрэл юм.
Үрэвслээс сэргийлэхийн тулд шат дараалсан шинжилгээнүүдийг өгөх шаардлагатай. Шинжилгээгээр оношоо тодруулаад тохирсон эмчилгээг бүрэн зөв хийлгэх хэрэгтэй. Анхдагч урьдчилан сэргийлэлт бол үрэвслээс сэргийлэх явдал гэдгийг дахин зөвлөе.
Үрэвслээс сэргийлэхийн тулд бэлгийн замбараагүй хавьталгүй байх ёстой. Мөн нөхцөлт эмгэг төрөгчийн халдвар хүний биед байх үед сэдээж өвчин болгохгүй байхад анхаарах хэрэгтэй” гэлээ.
“Оюутнуудын нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг тааруу буюу 40-50 хувь нь буруу ойлголттой байсан”
Мөн “Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх тандалт судалгааг манай холбоо 2023 оны эхний улиралд хийж байсан.
Сургалт явуулдаг таван сургуулийн нэг, хоёрдугаар дамжааны оюутнуудын дунд явуулсан. Судалгааны үр дүн маш тааруу гарсан. Өөрөөр хэлбэл оюутнуудын нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг тааруу буюу 40-50 хувь нь буруу ойлголттой байсан.
Энэ нөхцөл байдлыг засахын тулд Ерөнхий Боловсролын Сургуульд эрүүл мэндийн хичээлийг бодлогоор чанартай сайн ордог байх хэрэгтэй.
Буруу ойлголт, дадал, хандлагатай байснаар эрүүл мэндэд сөрөг үр дагавар авчирч, цаашилбал үргүйдэлд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болж болзошгүй.
Өсвөр насныхны хувьд хүсээгүй, эрт жирэмслэхээс сэргийлж мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй. Хамгийн түрүүнд ээж, эгч гэр бүлийн хүмүүст нь энэ төрлийн мэдээллийг хүргэх явдал” гэв.
SOURCE: ikon.mn