Хэрвээ та G цэгийг асар их таашаал, дур ханалтын оргил гэж бодож яваа бол үүнийг уншаад үзээрэй. Италийн эрдэмтэд сэрлийн энэхүү гайхамшигт цэгийг “бид нээсэн” гэдэг. Харин зарим эрдэмтэн сэрлийн ийм цэг огт байхгүй гэж үздэг.
G цэг гэж юу вэ?
G хэмээн нэрлэгдсэн биеийн нэгэн цэг эмэгтэйчүүдийг дур ханахад тусалдаг гэж зарим эрдэмтэн дүгнэдэг. Ер нь эмэгтэй хүнд дээрх цэг байдаг эсэх тухай маргаан тун их. Анагаах ухааны ихэнх лавлах бичигт энэ нэр томъёо огт байдаггүй. Мөн нэг ч эмэгтэйчүүдийн эмч, мэс засалч энэ цэгийг харж, нэг ч эмгэг судлагч хүний биеэс энэ цэгийг илрүүлээгүй юм. Гэхдээ нөгөө талаас нь харвал олон эмэгтэй өөрийн сексийн туршлагад үндэслэн үтрээний урд хананд тодорхой нэг цэгт хүрэхэд дур ханадгийг баталсан нь бий. Тэгээд ч зогсохгүй энэ цэгээс авсан дур ханалт бусад дур ханалтаас өөр, илүү хүчтэй байдаг гэж нотолдог.
G цэг байдаг гэх баталгаа бий юу?
Германы эрдэмтэн, эмэгтэйчүүдийн эмч Эрнст Грефенберг 1944 онд эмэгтэй хүний үтрээний урд хананд сэрлийн шинэ бүс байгааг тогтоожээ. Тэрбээр нээлтээ Олон улсын сексологичдын сэтгүүлд 1950 онд нийтлүүлсэн “Эмэгтэйчүүдийн дур ханалтад шээс гадагшлуулах сувгийн гүйцэтгэх үүрэг” өгүүлэлдээ бичсэн аж. Эмэгтэй хүний шээс гадагшлуулах суваг үтрээний урд хананд байрладаг бөгөөд энэ хэсэгт өдөөлт өгвөл эд эс хөөж сексийн таашаал төрж, дур ханалт үүсдэг гэж Грефенберг нотолсон байна. 1950-иад онд Грефенбергийн судалгаанд хүмүүс төдий л анхаарал тавьсангүй. Зөвхөн 1981 оноос л G цэгийн тухай дахин ярилцах болжээ.
Доктор Аддиего Сексологийн судалгааны сэтгүүлд “Эмэгтэйчүүдийн дур ханалт: Нэгэн тохиолдлыг судалсан нь” хэмээх судалгааны ажлаа нийтлүүлсэн байна. Энэ илтгэлд үтрээний урд хананд өдөөлт үзүүлэх замаар гүн дур ханалтыг мэдэрсэн нэгэн бүсгүй дээр хийсэн судалгааныхаа талаар бичжээ. Тэрбээр илтгэлдээ Грефенбергийн нээлт, нотолгоог хүндэтгэн сэрлийн цэгийг G хэмээн нэрлэсэн аж. Үүний дараа жил Америкийн судлаач Ладас, Уиппл, Перри нар “G цэг ба сексийн хүрээний бусад нээлт” ном гаргажээ. Энэ ном маш олон мянган хувиар борлогдож, сая сая хүн хэрвээ тэр цэгийг олж чадвал сексийн амтыг бүрэн мэдэрч болохыг ойлгов. Гэхдээ 1980 -1990-ээд оны үед эрдэмтэд G цэг гэж юу болох тухай багагүй судалгаа хийсэн ч олигтой үр дүнд хүрч чадаагүй юм. Тиймээс 2001 онд Америкийн эмэгтэйчүүдийн эмч нарын мэргэжлийн сэтгүүлд G цэгийг “Орчин үеийн гинекологийн үлгэр” гэж нэрлэжээ.
Харин 2008 оны гуравдугаар сард Италийн Л`Акила их сургуулийн хэсэг эрдэмтэн 20 эмэгтэйн бэлэг эрхтэнд хэт авиан судалгаа хийснийхээ дараа дахин G цэг байдгийг нотолж, ихээхэн шуугиан дэгдээсэн юм. Тэд үтрээ, шээс гадагшлуулах сувгийн заагт нэгэн зузаан эд байдгийг олж тогтоосон бөгөөд түүний тусламжтайгаар эмэгтэйчүүд үтрээгээр дур ханалт мэдэрдэг нь тодорхой болжээ.