Амласандаа хүрэхгүй, халамжаар дутаагаад ирэхээр эмэгтэй хүний сэтгэл хөрдөг юм байна

Одоогоос 11 жилийн өмнө анх эхнэртэйгээ танилцаад хайрын баланд мансууран байхдаа энэ хорвоо дээр бид хоёроос өөр жаргалтай хос үгүй байлаа. Хайрттайгаа хамт гадуур цагийг өнгөрөөж, хаа явсан газраа зургийг нь дарж түүний төлөө бүх зүйлээ зориулан, хайрт минь ч гэсэн миний гараас хөтлөн, намайг үнсээд л аз жаргалаар дүүрэн байлаа.

Тэр минь нүүрэндээ инээмсэглэл тодруулан үргэлж инээж явдаг боловч тэр царайны цаана ямар их зүйлийг тэсэж тэвчиж өнгөрөөж ирснийг надад ярьж би дотроо “Одоо энэ бүх зүйл ард үлдсэн чиний минь жаргах цаг ирсэн” гэж амалдаг байлаа.

Гэрлээд удаагүй эхнэр минь хөл хүнд болж анхны хүүхдээ тэсэн ядан хүлээж байтал хүүхэд маань бага сартайдаа зулбаад бүтэлгүйтэв.

Яагаад заавал бид хоёрт ийм зүйл тохиолдов. Эхнэр минь доошоо цус алдаад эмчийн үзлэг хийж байхад хүүхэд маань(эрхий хурууны хумсны толио шиг жижиг бөөрөнхий дөнгөж бүрэлдэж байсан тийм жаахан) гарахыг харах үнэхээр нүд хальтрам, зүрэх зүсэм байсан. Одоо ч энэ дүр зураг миний санаанаас огт гардаггүй. Энэ бүх зүйлсийн дараа эхнэр бид хоёр төрсөн нутагтаа ирж амьдрахаар шийдэв.

Нутагтаа ирээд өөрсдийн бяцхан бизнес хийж үзэв олигтой болсонгүй, ингэж явсаар хувийн хэд хэдэн компанид хот хөдөө янз бүрийн ажил хийсээр энэ хугацаанд 2 хүүхэдтэй болж 11 жил өнгөрчээ.

Ажил хийж мөнгө олохоос өөр юмгүй эхнэрээ хайр халамжаар дутааж байжээ. Халамж гэдэг миний хувьд хүүхдүүдээ асарч тойлох, гэр орны ажлаас хийлцэх, хоол унд хийх гэх зэрэг төдийхнөөр бодож, хайр гэдэг хайртай гэж хэлэх, гараас нь хөтөлж явах, хол байвал утсаар ярих, дуртай зүйлсийг нь авч өгөх төдийхнөөр бодож эндүүрч явжээ.

Энэ хугацаанд гадагшаа гарна гэж нилээд хэдэн улсын визнд орж нилээн мөнгө ч заржээ. Гол зорилго нь одоогийн энэ амьдралаа өөрчилж сайхан амьдрах. Гэвч би гэдэг хүн энэ бүх хугацаанд хажуудах амьдралын утга учир болсон эхнэрээ хайр халамжаар дутааж маш том алдаа гаргажээ.

Анх танилцахдаа амласан амлалтаа биелүүлж чадаагүй өдий хүрчээ. Амалсан амлалтдаа хүрэхгүй, хийж байгаа зүйлс нь бүтэлгүйтээд, хайр халамжаар дутаагаад ирвэл эмэгтэй хүний сэтгэл хөрдөг юм байна.

Сүүлийн үед эхнэр маань жаахан шалтаг гарах тоолонд өмнөх таагүй дурсамж юу байна тэр бүгдийг сөхөж, над руу дайрч давшилж өөрийгөө хамгийн азгүй, намайг бүтэлгүй, арчаагүй доожоогүй бусад залуус шиг сэргэлэн биш, ямар ч мэдрэмжгүй, юу ч ярьдаггүй таг дуугүй гэж уурлах болов.

Сүүлдээ бүр салъя гэж хэлдэг болсон. Өөр гайгүй залуу гараад ирвэл дагаад явна гэх утгатай үг хэлдэг болов.

Бид хоёрын дунд хэрүүл гэхээр зүйл бараг болдоггүй би ихэвчлэн дуугаа хурааж чимээгүй суудаг, эхнэртээ ганц муу үг ч хэлдэггүй хүн. Хэчнээн муу муухай үгээр миний зүрхийг зүсэж голдоо ортол гомдомоор болдог ч “Энэ эмэгтэй миний нэг насны амьдралын хань, миний сонгосон амьдрал, хоёр хөөрхөн хүүхдийн минь эх” гэх бодол бүх зүйлийг уучилахад хүрдэг.

Бие биенээ уучилж, итгэж амьдрахгүй бол энэ богинохон амьдралд бид хэр удаан амьд байх билээ маргааш юу тохиолдхыг хэн ч таашгүй гэдэг бодлоор би эхнэртээ уурлахгүй, эхнэрээ уурлуулахгүй тайван амьдруулхыг хичээж ирсэн.

Гэвч энэ бүхэн эмэгтэй хүний сэтгэлд хүрдэггүй юм байна.

Архи тамхи авгай хүүхэнтэй орооцолдохгүй, гэр орны ажилдаа туслаад, хүүхдүүдээ асраад, хүнээс дор орчихгүй, гэдэс цатгалан, мөр бүтэн амьдрал гэдэг эмэгтэй хүний сэтгэлд бас л хүрдэггүй юм байна.

Эцэст нь эмэгтэй хүнд байнга анхаарал хайр халамж, өчүүхэн жаахан ч гэсэн магтаал урам, гэнэтийн бэлэг, сэтгэлээ онгойлгон ярилцах хэрэгтэй гэдгийг ухаарлаа.

Эрэгтэй хүн ч гэсэн өөртөө анхаарч, амалснаа биелүүлж, зөв буруу ч хамаагүй санаа бодлоо илэрхийлж өөрт төрсөн мэдрэмжээ хуваалцаж байх хэрэгтэйг ухаарлаа. Энэ бүгдийг хэрэгжүүлэхээр хичээж л явна даа. Эхнэрийхээ хөрсөн сэтгэлийг эргүүлэхээр хичээж л явна даа

1 Comment

  1. Gggggggg says:

    Алтан загасны үлгэрийг унш бро, чамайг голоод эхэлчихсэн байна, хүн гэж үзэж хүндлэхгүй юм чинь чи одоо хөхөө шиг донгодоод ч нэмэргүй ээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.