Могой жилийн ДОРНЫН ЗУРЛАГА

Могой жилийн хүн төрөлхтөнд илгээж буй бэлэг

Угтан золгох 2025 онд дорно дахины билгийн тооллоор хөхөгчин модон могой жил айлчлан ирнэ. Монголчууд гуравдугаар сарын 1-нд хаврын тэргүүн сарын шинийн нэгний баяраа ёслон золгох бол Азийн бусад орнууд нэгдүгээр сарын 29-нд хаврын баяраа угтана.

Ирэх оныг Төгс буянтын зурлагаар Хөхөгчин модон могой жил гэдэг бол Хятадын зурхайд ногоон модон могой хэмээн нэрийдэж, тэр нэршлээр бусад орнууд “Ногоон” хэмээж буй. Эр, эм жил ээлжилдэг дорнын зурхайгаар хөхөгчин могой жил нь эм буюу зөөлөн жил, лусын бэлгэдэл юм. 2025 онд гарах хөхөгчин могой жил онцгой сонголт, төсөөлшгүй өөрчлөлт хийх боломжийг бидэнд бэлэглэх ажээ.

Энэ жил хүн бүхэнд таатай боломж нээж буй ч гагцхүү хүчин чармайлт, хичээл зүтгэл гаргасан нэгэн л түүнийг хүртэх абшигтайг анхаарна уу.

Зурхайч Астролог Белла Винкс ирэх жилийн ноён нурууг зурахдаа “Могой жил бол нуугдан буй эрч хүчний бэлгэ тэмдэг юм. Могой танд “Бүү яар, гэхдээ байрандаа бүү зогс” хэмээн шивнэж байна. 2025 он үнэнч, шударга байхыг шаардах болно. Ямар нэг асуудал шийдэгдэхгүй бол зүгээр орхи. Хүчээр шийдэх гэж бүү муйхарла. Дотоод зөн совингоо сонсож сур. Совин тань таныг хэзээ ч хуурахгүй. Гэгээн мөрөөдөлд умбахаасаа эмээх хэрэггүй. Могой жил таны далд эрч хүчийг бэлгэдэж буй тул өөрчилж шинэчлэхийг хүсдэг зүйлс байвал яг хийх цаг тань даруй мөн. Зорилго тэмүүллээ гүйцээхийг зорь, гэхдээ амарч хүч сэлбэхээ хэрхэвч огоорч болохгүй. Могой жилд аз жаргалыг ерөөе” гэжээ. Могой жил цэцэн цэлмэг ухаан, үнэнч шударга зан, хичээнгүй зүтгэлтнүүдийг ивээх болно. Харин худалч хуурамч, хариуцлагаас бултагч, зальхай луйвар үйлдэгсдэд хатуухан гэсгээл үзүүлнэ гэдгийг санах хэрэгтэй болох нь. Ингээд билгийн тооллын 12 жилийн ноён нуруу хөхөгчин могой жилийн зурхайн тольд хэрхэн буусныг харуулъя.

ХУЛГАНА ЖИЛТЭН

Төрсөн он: 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020

Хулгана жилтнүүдэд 2025 он хойш тавьшгүй олон үүрэг хүлээлгэх гэж байна. Хэрэв хуучин оны ажлаа бүрэн дүүрэн гүйцэтгэж чадвал тушаал дэвших, амжилтаа ахиулах боломжийг могой жил амлаж буй. Дарга удирдлага тань таны зүтгэлийг үнэлж, хамт олон тань дэмжих болно.

Ажил алба: Хичээнгүй зүтгэл бүрийг тань могой жил урамшуулан шагнах болно. Ажил дээр үл ойлголцол гардаг байсан бол ирэх жил энэ бүхэн арилна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийг та бүрэн утгаар нь үзэх нь ээ.

Хайр дурлал: Хувийн амьдралдаа тэвчээртэй тууштай байвал зохино. Гэр бүлтэй хулгана жилтнүүдэд гэр бүлийн маргаан тохиолдвол аль болох эв зүйгээр зохицуулах учиртай. Ганц бие бол ирэх зун хайрын тухай ойлголтыг тань ихээхэн өөрчлөх сонирхолтой хүнтэй танилцахад бэлэн байх хэрэгтэй гэнэ.

Мөнгө, санхүү: Хулгана жилтнүүдийн мөнгө, санхүү ирэх жил тогтвортой байх боловч хэт их орлого гэнэт орох нь юу л бол. Болж өгвөл хадгаламж үүсгэж, илүүдэл зардлаа танахад гэмгүй. Үл хөдлөх хөрөнгө, урт хугацааны хөрөнгө оруулалтад мөнгө зарахад харин ашигтай гэжээ.

Эрүүл мэнд: Оны эхнээс эрүүл мэнддээ анхаарч байх нь таагүй байдалд орохгүй байхад тустай. Спортоор хичээллэж, цэвэр агаарт гарч, сайтар унтаж амрах нь таныг эрүүл саруул байхад туслах гол арга байх болно.

ҮХЭР ЖИЛТЭН

Төрсөн он: 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021

Үхэр жилтнүүдийн ажил үйлс, амьдрал ахуй тогтвортой, ахицтай байх нь. Аливаад шат ахихын тулд шийдмэг байхыг могой жил зөвлөж байна. Төлөвлөсөн ажлаа бодит хэрэг болгож, ойр дотнын хүмүүсийн харилцаа улам дотносон бэхжихийг зурхай харуулжээ.

Ажил алба: Могой жил үхэр жилтнүүдэд олон боломж нээж байна. Хэрэв та эртнээс тушаал ахих юм уу ажлаа солихоор бодож байсан бол одоо л хөдлөх цаг. Сурах тэмүүлэлтэй, шинэ үүрэг даалгавар хүлээхэд бэлэн хүнийг могой жил амжилтаар мялаах болно. Алхам тутмаа эртнээс төлөвлөх юм бол хүндрэл бага учирна.

Хайр дурлал: Гэр бүлтэй, ялангуяа гэрлээд удаагүй үхэр жилтнүүд орон гэрийн тав тухыг мэдэрч, ихэнх цагаа хайртай хүмүүс дундаа өнгөрөөх болно. Хосоо олоогүй яваа бол аялж зугаалах, эсвэл сургалтад хамрагдах явцдаа хань болох хүнээ олж мэднэ. Хамгийн гол нь шинэ бүхэнд нээлттэй байгаарай.

Мөнгө, санхүү: Үхэр жилтнүүдийн орлого могой жилд тогтвортой байх болно. Гагцхүү хэт үрэлгэн байх хэрэггүй. Гэнэтийн бонус, бэлэг авч мэднэ. Томоохон зүйл худалдан авахаар шийдсэн бол жилийн хоёрдугаар хагаст тааламжтой.

Эрүүл мэнд: Биеэ сайтар энхрийлүүштэй. Эрүүл хүнс хэрэглэж, тогтмол үзлэгт хамрагдаж байх нь эрч хүчээ хадгалахад чухлаар нөлөөлнө. Йогоор хичээллэж, усанд сэлж байвал булчин шөрмөс тань чангарч стресс тайлагдана.

БАР ЖИЛТЭН

Төрсөн он: 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022

Могой жил бар жилтнийг сорьж шалгах болно. Урт хугацааны зорилго өмнөө дэвшүүлж түүндээ төвлөрөхийг ирэх жил зөвлөж байна. Тэвчээртэй байх юм бол албан тушаал ахих, аятайхан ажилд орох, хувийн амьдралд од гийх зэрэг ер бусын бэлгийг могой танд илгээх нь ээ.

Ажил алба: Эрчимтэй ажлын жил таныг хүлээж байна. Ажил дээрээ өөрийн ур чадварыг таниулах хэрэг гарна. Энэ нь төсөөлж байгаагүй амжилт авч ирэх болно. Удирдлагын зүгээс зүй ёсны шаардлага тавьж болох ч та өөр дээрээ хариуцлага хүлээхээс эмээх хэрэггүй. Ахиж дэвшихийг мөрөөдөж байгаа бол идэвх санаачилга гаргаж өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.

Хайр дурлал: Оргилж бургилсан жил хүлээж байна. Гэр бүлтэй үхэр жилтнүүд хосуудын дунд үл ойлголцол үүсэхээс сэрэмжил. Ганц бие бол таны өндөр шаардлагад нийцсэн хүнийг олох магадлалтай. Заримдаа таны хүлээлт, шаардлага хэмжээнээс хэтэрч магадгүй гэдгийг санахад илүүдэхгүй.

Мөнгө, санхүү: Элдэв төрлийн эрсдэлт зүйлд хөрөнгө оруулж, мөнгөө дэмий үрэхгүй бол орлого тогтвортой. Хэмнэлт хийх боломжийн хугацаа бол жилийн эхний хагас.Могой жилийн сүүлээр урьдчилж тооцоолоогүй зарлага гарч болзошгүй учир хадгаламжтай байх нь чухал.

Эрүүл мэнд: Биеийн эрчимтэй хөдөлгөөн, дасгал сургууль, ажлын өдрийн зөв төлөвлөлт нь ачлаалал дааж, могой жилийг эрүүл саруул туулахад тань тусална. Хоол ундандаа анхаарч, хэт бухимдахаас сэргийлэх учиртай. Тайвшруулах дасгал, бясалгал хийж, иллэг, бариа засалд орох нь таныг эрч хүчтэй байхад тусална.

ТУУЛАЙ ЖИЛТЭН

Төрсөн он: 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023

Туулайтнууд өөртөө анхаарал сайн тавиарай. Эрүүл мэнд, ажил төрөл, сургууль соёл, харилцаандаа анхаар. Могой жил танд хуримтлагдсан асуудлаа шийдэх, дотоод зохицлоо тэнцвэржүүлэн хангахад тусална.

Ажил алба: Могой жил өөртөө дүгнэлт хийж өсөн дээшлэхэд тусална. Огцом өөрчлөлт хийх гэж бүү яар. Явц дунд төлөвлөсөн ажилдаа төвлөр. Хэрэв ур чадвараа дээшлүүлэх талаар эртнээс бодож байсан бол од гарагс танд туслахад бэлэн байна.

Хайр дурлал: Гэр бүлийн гишүүдийн харилцан ойлголцол хувийн амьдралын амжилтын үндэс болно. Гэрлэж амжаагүй туулайтнууд ялангуяа намрын улиралд сэтгэлд нийцсэн хүнтэй танилцаж магадгүй. Өнгөрч улирсан гомдлоо тайлж сурвал төгс харилцаа үүсэх магадлалтай.

Мөнгө, санхүү: Орлогын үүд тогтвортой. Хэт их орлого олох нь юу л бол. Бас томоохон зарлагаас зайлсхийх боломж бий. Хаврын улиралд санхүүгээ төлөвлөж, хуримтлал үүсгэхэд тааламжтай.

Эрүүл мэнд: Эрүүл байхдаа анхаарах нь таны чухал зорилго болох нь. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаарай. Йог хийж, цэвэр агаарт тогтмол гарах нь дотоод тэнцвэрээ хангахад тустай.

ЛУУ ЖИЛТЭН

Төрсөн он: 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012

Луу жилтнүүд ахиж дэвших боломжоор дүүрнэ. Боломжийн өөрчлөлт шинэчлэлт хийх хүсэлтэй луу жилтнүүдэд могой жил амжилт бэлэглэнэ. Ажил албанд ч, хувийн амьдралд ч, санхүүдээ ч ахиц гаргах боломжийг могой жил танд амлаж байна. Гагцхүү та өөрөө хичээгээрэй.

Ажил алба: Шийдвэртэй өөрчлөлт хийх цаг иржээ. Аливаа бүхнийг даван туулахад туслах итгэлийг могой жил олгож байна. Удирдлага тань таны амжилтыг ажиглаж, бодож сэдсэн төлөвлөгөөг тань дэмжих болно. Хэрэв та шинэ бизнес эхлэхээр төлөвлөж буй бол хэрэгжүүлж эхлэх цаг нь чухам могой жил мөн.

Хайр дурлал: Луу жилтнүүд 2025 онд хайранд умбах нь дээ. Гэр бүлтэй луутнууд хайртай хүмүүстэйгээ аялж, жуулчилж, хамтын хоббитой болж, харилцаагаа улам батжуулах боломжтой. Харин ханиа олоогүй яваа бол яг дэргэдээсээ хайраа олох магадлал бий гэдгийг санаж яваарай.

Мөнгө, санхүү: Хэрэв боломжоо зөв тооцвол санхүүгийн хувьд олз омогтой байх нь . Боловсрол, ахиц дэвшил бүхий бизнест хөрөнгө зарах нь амжилтын үндэс болно. Жилийн эхний хагаст бодлогогүй зардал гаргахаас сэргийл.

Эрүүл мэнд: Луутнууд эрч хүчээр бялхах жил. Гэхдээ ажил, амралтын дэглэмээ сайтар бариарай. Байнгын хөдөлмөрийн зэрэгцээ хангалттай амрах ёстой шүү. Онцгойлон өвлийн улиралд дархлаагаа сайн дэмжээрэй.

МОГОЙ ЖИЛТЭН

Төрсөн он: 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013

Могой жил могой жилтнүүдийнхээ хувьд ялалтын он байх болно. Байр сууриа бэхжүүлэхийн тулд бүхий л эерэг боломжийг ашиглах нь зүйтэй. Ажил алба ахих нь аз жаргал, баяр баясал дагуулах болно.

Ажил алба: Од гарагсын таалал таны талд байна. Шийдмэг байх юм бол ажил төрөлдөө ахиц гаргаж, өсөж дэвших нигууртай. Хамтрах тухай санаанд оромгүй санал илүү боломжийг нээнэ. Шинэ зүйл төлөвлөж буй бол эхлэх цаг нь яг одоо гэдгийг санаарай.

Хайр дурлал: Гэр бүлийн харилцаа ер бусын сэтгэл татам, яруу тод байх болно. Гэрлэсэн могойтнууд харилцаандаа хайрын шинэ давалгааг мэдэрч, ханьтайгаа улам нягт ойлголцох болно. Ганц бие бол эсрэг хүйсийн олон сонирхолтой хүнтэй танилцаж, тэдний дундаас ирээдүйн хайраа олох боломж бий.

Мөнгө, санхүү: Бүхэл жилийн турш могойтнуудыг санхүүгийн амжилт ивээх болно. Гол нь орлого зарлагаа сайтар тооцож хэрэггүй зүйлд мөнгө зарахаас татгалзаарай. Томоохон хөрөнгө оруулалтад оролцох нь ашгаа өгөх болно.

Эрүүл мэнд: Бие, сэтгэлээ тайвшруулж, элдэв бухимдлаас хол байгууштай. Биеийн тамираар хичээллэж, сэргээн засах сувилалд явж, эрүүл хүнс хэрэглэж, тогтмол сайн амарч байвал эрч хүч ямагт сэргэг байх нь ээ.

МОРЬ ЖИЛТЭН

Төрсөн он: 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014

Морь жилтнүүдийг шахуу атлаа үр бүтээлтэй жил угтаж буй. Ажил төрөл ахиж дэвшиж орлого тогтвортой байж шинэ сонин хүмүүстэй танилцах учрал хүлээж байна. Могой жилийн илгээж буй боломжийг харин алдалгүй барьж авах нь чухал шүү.

Ажил алба: Идэвх, эрч хүчийн оргил үе тохиож байна. Ажил албандаа амжилт олж, хамт олныхоо хүндлэлийг хүлээх шиг хүлээх нь ээ. Биелүүлэхийн төлөө чармайх аваас шинэ төлөвлөгөө, шинэ зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх болно. Чухал ажлыг бүү хойш тавиарай.

Хайр дурлал: Хувийн амьдрал яруу тод өнгөөр гэрэлтэх жил. Хамтдаа амжилтад хүрч, аялж зугаалж, гэр бүлийн сайн сайхныг мэдрэх болно. Гэрлээгүй бол эргэн тойронд тааралдах сонирхолтой хүмүүс дундаас хувь заяаны эзнээ олж таниарай, алдаж болохгүй шүү.

Мөнгө, санхүү: Хэрэглээндээ хэт зардал гаргахгүй л бол санхүүгийн тогтвортой байдал баталгаатай. Таны материаллаг байдлыг бэхжүүлэхүйц гэнэтийн орлого, шагнал ч гардаж болзошгүй. Баталгаагүй зүйлд хөрөнгө зарахаас сэргийлэх учиртай.

Эрүүл мэнд: Амьдралын идэвхтэй хэв загварыг мөрдөөрэй. Спорт, фитнесс, цэвэр агаарт алхах, хол ойрын аялалд гарах нь сэргээш болно. Нойроо сайтар авч, хоолны дэглэмдээ анхаарууштай.

ХОНЬ ЖИЛТЭН

Төрсөн он: 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015

Хонь жилтнүүдийн хувьд боломж олдвол амрах, эрч хүчээ сэргээх жил.

Өөртөө болон хүсэл тэмүүлэлдээ анхаарах учиртай. Эрүүл агаарт гарч бие сэтгэлээ сэргээж байгаарай.

Ажил алба: Нөхцөл байдал, эрч хүчдээ тохируулж ажиллах жил. Могой жилд элдэв гэнэтийн өөрчлөлт гарахгүй. Чухал ажил төлөвлөсөн бол могой жилд барьж авахад эргэлзэх зүйлгүй.

Хайр дурлал: Гэр бүлтэй хонь жилтнүүдийн ахуй амьдрал жигд тогтвортой байна. Ханиа олоогүй хоньтнууд найз нөхдийнхөө хүрээлэлд илүү байж, хамт аялаж, сонирхолтой уулзалтуудад оролцож байвал заяаны хань зам дээр гараад ирэх боломжтой гэнэ шүү.

Мөнгө, санхүү: Бүхэл жилийн турш ашиг орлого жигд тогтвортой байна. Үүнийг ашиглаж хуримтлалаа нэмээд аваарай. Хавар гэнэтийн орлого, санхүүгийн тусламж олдож магадгүй.

Эрүүл мэнд: Аль болох байгальд гарч, эрүүл агаар амьсгалж, уул хадаар алхаж, ургамал, амьтан сонирхоорой. Сувилалд явж, йогийн дасгал хийж байвал бие сэтгэл сэргэж, стресс тайлагдах болно.

БИЧ ЖИЛТЭН

Төрсөн он: 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016

Бичин жилтнүүдийн ахиц дэвшлийн жил. Шинэ төлөвлөгөө дэвшүүлж, тогтвортой ашиг олоход од гарагс тусална. Шийдмэг байж чадвал өөдрөг төлөвлөгөө дэвшүүлэн хэрэгжүүлэх боломж байна.

Ажил алба: Идэвх зүтгэл гаргах бүрийг тань могой жил амжилтаар шагнана. Өөрийн манлайлах чадвараа харуул. Үр дүн нь илт харагдах болно. Технологи, боловсролын салбарт ажилладаг бичтэнүүдийн ажил онцгой амжилттай байх болно. Мэргэжилдээ өсөж, сурч боловсроход таатай жил.

Хайр дурлал: Хайрын тэнгэр бичтэнүүдийг тэтгэх жил. Хэрэв хань ижлээ хангалттай халамжилж чадвал гэр бүлийн дотор үүссэн маргаан, үл ойлголцол амархан тайлагдана. Гэрлээгүй бол олон хүнтэй тааралдаж, танилын хүрээгээ тэлэх боловч ирээдүйн ханиа сонгохдоо яаралгүй байж, цаад хүнээ сайн таних нь хожмоо ээлтэй.

Мөнгө, санхүү: Жилийн хоёрдугаар хагаст санхүүгийн байдал үлэмж сайжирна. Томоохон худалдан авалт, хөрөнгө оруулалтад мөнгө зарах боломж бий. Гэхдээ хэр зэрэг үр ашигтайг нь тооцож үзэхээ мартахгүй биз ээ. Гар татах зүйлд татаж байх нь зөв шүү.

Эрүүл мэнд: Биеийн болоод сэтгэл зүйн эрүүл ахуйдаа санаа тавих нь зүйн хэрэг. Зүй зохистой эрүүл хоол, тогтмол дасгал хөдөлгөөн таныг ядаргаанаас хамгаална. Архаг хууч өвчин бий бол эмчлүүлэхэд гэмгүй.

ТАХИА ЖИЛТЭН

Төрсөн он: 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017

Тахиа жилтнүүдийн хувьд шийдвэртэй алхам хийх жил ирж байна. Хувь, хувьсгалын аль альд нь жигд анхаарал хандуулах үе иржээ. Могой жил зорилгодоо хүрч, бэрхшээлийг туулах эрч хүч, урам зориг хайрлана.

Ажил алба: Хүч хөдөлмөр, анхаарал шаардсан олон олон ажлаар таны хүчийг сорих болно. Гэвч та энэ бүхнийг амжилттай давж, хамт олны бахархал, хүндлэлийг хүлээхэд могой жил туслана. Хэрэв ажлаа солихыг хүсэж буй бол хавар цаг хамгийн таатай байх нь.

Хайр дурлал: Гэр бүлийн уур амьсгалыг тогтворжуулан бэхжүүлэх жил. Гэр бүл үр хүүхэдтэйгээ аль болох их цагийг хамт өнгөрөөж хайр халамжаа харамгүй зориулаарай. Гэр бүл зохиогоогүй тахиатнууд найз нараараа дамжуулж, аль эсвэл ямар нэг арга хэмжээн дээр амьдралын ханиа олох боломж буй. Аль болох нээлттэй байгаарай.

Мөнгө, санхүү: Хэр их ашиг олох нь тахиатнуудын хичээл зүтгэлээс шалтгаална. Санхүүгээ төлөвлөж, ашиг орлогоо сайтар тооц. Оны сүүлээр ихээхэн хэмжээний мөнгөтэй болох таатай учрал тохиож мэднэ.

Эрүүл мэнд: Идэвхтэй хөдөлгөөн, спорт, фитнессээр хичээлэх нь эрүүл мэндийн тулгуур болно. Сайтар унтаж амарч, хоол хүнсэндээ анхаарч, хэтэртэл идэхээс сэргийлж, хүнд хоолноос татгалзаарай.

НОХОЙ ЖИЛТЭН

Төрсөн он: 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018

Нохой жилтнүүд жинхэнэ хүч чадлаа энэ жил гаргаж гайхуулна. Шинэ зүйлд суралцаж, дадлага чадвараа дээшлүүлэх учиртайг од гарагс сануулж байна. Шаргуу байж чадвал амжилт таны гарт шүү.

Ажил алба: Нохой жилтнүүд ямар итгэл найдвартай, хөдөлмөрч хүмүүс болохоо харин ч нэг харуулна даа. Хэрэв та хүсэж байгаа бол мэргэжил дээшлүүлж, ажлаа сольж, шинэ бизнест хүчээ сорьж ч болно.

Хайр дурлал: Хань ижлээ сайтар сонсож чадвал хувийн амьдрал яалт ч үгүй гайхалтай байх болно. Гэр бүлийн гишүүдтэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлж байгаарай. Ганц бие нохойтнууд нээлттэй, найрсаг байж чадвал оны эхээр дурлалын гал асааж мэдэх нь ээ.

Мөнгө, санхүү: Ашиг орлого тогтвортой байна гэдэгт бүү эргэлзээрэй. Томоохон зүйлд мөнгө зарах шаардлага гарахгүй болов уу. Хавар, намартаа бага зэргийн нэмэлт орлого олно. Хэрэггүй зүйлд хэт их мөнгө цацах учиргүйг мэдэж байгаа биз ээ.

Эрүүл мэнд: Утга учиргүй бухимдлаас хол бай. Хэрэггүй зүйлийн төлөө сэтгэл чилээж биеэ зовоох учиргүй. Агаарт гарч, сэтгэлээ сэргээж, байгальтай ойр байгаарай. Бие эвгүйрхвэл зөнд нь орхиж болохгүйг санаарай.

ГАХАЙ ЖИЛТЭН

Төрсөн он: 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019

Гахай жилтнүүд эрх чөлөө, өөрчлөлт шинэчлэлтээр амьсгалах жил. Дорнын зурхай гахай жилтнүүдэд орлогын тогтвортой байдал, хувь хүний хувьд өсөн дэвжих боломжтойг өгүүлж байна. Энэ бүхэн таны хичээл зүтгэлээс шалтгаалах юм шүү.

Ажил алба: Могой жил гахайтнуудад мэргэжлийн хувьд өсөн өндийх боломжуудыг бэлэглэж байна. Шийдмэг хөдөлж чадвал гахай жилтнүүд өөрийнхөө сайн талыг бүгдэд харуулж чадна. Шинэ төсөл, үйл ажиллагаанд оролцсоноор танд хэтийн сайхан төлөв нээгдэх болно. Гол нь өөрчлөлтөөс бүү няцаарай.

Хайр дурлал: Хувийн амьдрал гэнэтийн бэлгээр дүүрэн байх нь. Гэр бүлийн харилцаа шинэлэг уур амьсгалаар дүүрч, төлөв төвшин байх болно. Ханьгүй бол санаачлагатай байх нь чухал. Ажил хэргийн уулзалт, айлал зугаалгын үед хостойгоо тааралдаж болох нигууртайг могой жил сануулж байна.

Мөнгө, санхүү: Орлого зарлагаа зөв төлөвлөж байх юм бол могой жил санхүүгийн бэлэг барихад бэлэн гэнэ шүү. Хуучин өр ширээ дарж, өглөг авлагаа цэгцэлбэл оны эхээр нэмэлт ашиг олж мэднэ.

Эрүүл мэнд: Гахайтнуудын хувьд могой жилд эрүүл мэндээ гойд анхаарах хэрэгтэй. Дархлаагаа дэмжиж, амралтаа зохицуулж, эрүүл хоол хүнс хэрэглээрэй. Йог, усанд сэлэлтэд цаг гаргаж, цэвэр агаарт тогтмол гараарай. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.