Нарциссист хүнтэй болзож байгааг илтгэх 9 шинж

Нарциссист хүний шинж тэмдэг эхэндээ өөр олон зүйлтэй андуурагдах магадлалтай байдаг. Зүгээр л өөртөө итгэлтэй байх зан чанартай андуурч боломгүй зүйл гэдгийг та мэдээд гайхах болно.

Нарциссист гэж өөрөө өөрийгөө бүхнээс дээгүүр тавигч, өөртөө хэт дурлагч хүнийг хэлдэг байна. Харин та тийм хүнтэй учирсан эсэхээ мэдэхгүй байна уу? NPD буюу Narcissistic Personality Disorder гэх сэтгэцийн өвчин байдаг бөгөөд ийм төрлийн хүмүүсийн тухай сонирхолтой нийтлэлийг Healthline сайтаас орчуулан хүргэж байна.

1. Тэд эхэндээ бусдыг байж ядтал нь өөртөө татдаг

Танд эхэндээ бүх зүйл яг л үлгэр шиг санагдах болно. Зарим хүмүүсийн нэрлэдгээр бол “хайраар бөмбөгдөж” эхлэх болно. Шууд л гоё сайхан үг хэлж, гайхшруулж, бүх зүйл удаагүй байхад ч сэтгэл хөдлөм томоохон шийдвэрүүд гаргаж мэднэ. “Нарциссист хүмүүс зөвхөн хамгийн онцгой гэсэн хүмүүстэй л хамт байх ёстой гэж өөрийгөө боддог. Харин онцгой гэдэг нь өөрийг нь магтдаг, дээдэлдэг хүмүүсийг л хэлж байгаа юм” гэж “Kaleidoscope Counseling” байгууллагын үүсгэн байгуулагч Недра Гловер хэлсэн байдаг. Та тэдний урмыг хугалах ямар нэг зүйл хийхэд л тэд шууд унтарч, холдож эхэлнэ.

Зөвлөмж: Хэрэв хэн нэгэн харилцааны эхлэлээс л шууд маш хүчтэй сэтгэл, мэдрэмж төрүүлээд байвал болгоомжлох хэрэгтэй. Хайр дурлалыг мэдрэхээр хүн болгон яардаг ч аливаа зүйлийг анзаарч байх хэрэгтэй шүү.

2. Харилцан яриаг түрэмгийлж, өөрсдийн тухай байнга ярих болно

Тэд өөрсдийн амжилт, олж авсан бүхнээ байнга ярих дуртай. Бусдад өөрийгөө мэдрүүлж, ийм байдлаар ярихад тэдэнд сайхан санагдаж, бусдаас илүү, ухаалаг гэдгээ мэдэрч өөрөөрөө бахархдаг болохоор тэр. Бас ярилцах үед тэд таныг анхаарч сонсох нь маруухан. Учир нь тэд өөрсдийнхөө тухай яриад завгүй байх болно.

Өөрөөсөө асуугаарай: Та тэр хүнд өөрийнхөө тухай ярих үед яаж хүлээж авдаг вэ? Цааш сонирхож, илүү ихийг мэдэхийг хүсдэг үү эсвэл шууд өөрийнхөө тухай сэдэв рүү чиглүүлдэг үү?

3. Тэд танаас магтаалын үг хүсдэг

Мэдээж магтуулах сайхан л даа. Гэхдээ хэмжээ нь хэтрээд ирвэл? Нарциссист хүмүүс байнга магтаалын үг сонсохыг хүсдэг. Хэрэв тэр үгийг нь хэлэхгүй бол сонсохын тулд юу ч хийж магадгүй. Өөрсдийн үнэ цэнийг мэдрэхийн тулд тэд уян зөөлөн ааштай хүмүүстэй ойр байх тохиолдолд бий. Тэд өөртөө хэт итгэлтэй учраас илүү дээр мэдрэмж авахын тулд бусдыг доош нь хийж ч магадгүй юм.

Багахан зөвлөгөө: Зүгээр л өөртөө итгэлтэй хүмүүс тэднээс өөр. Тэд сайхан мэдрэмж авахын тулд заавал бусад хүмүүсээс магтаалын үг сонсох гэж шахдаггүй.

4. Тэдэнд өрөвч сэтгэл байхгүй

Бусдын юу мэдэрч байгаа нь түүнд хамаагүй. Тэр таныг ажил дээрээ хэцүү байдалд орж, найзтайгаа муудалцан, гэр бүлтэйгээ асуудалтай болоход анхаарал хандуулж байна уу? Эсвэл та сэтгэлээ уудлахад тэд уйдсан, залхсан, сонирхохгүй бүр ууртай байгаа юм шиг байдаг уу?

5. Тэдэнд урт хугацаанд хамт байсан, багын найз байдаггүй

Тэдэнд “жинхэнэ” найз ховор байдаг. Анзаараад үзвэл түүнд зөвхөн танилууд, шинэхэн найзууд, ажлын холбоотнууд л элбэг байх вий. Үр дүнд нь тэр таныг найзуудтайгаа уулзах гэхэд дургүйцэж байна. Бас өөрт нь хангалттай анхаарал хандуулахгүй байна гэж мэднэ. Та түүний зэмлэлээс болоод найзуудтайгаа уулзах цагаа багасгаж, түүний өмнө гэмшиж магадгүй.

6. Тэд таныг үгээр идэж эхлэх болно

Эхэндээ танд зүгээр л тоглоом шоглоом шиг санагдаж мэдэх ч яваандаа энэ бүхэн байнга тохиолдоно. Тэд таныг доош нь хийж, янз бүрийн хочоор дуудаж, гомдмоор үгс хэлж, инээдтэй биш үгээр тоглоом тохуу хийж эхэлнэ. Тэд бусдыг өөрөөсөө дорд үзэх дуртай учир үгээр элдэвлэж, сэтгэлээр унаган, өөг нь тодруулсаар өөрөө дээр нь гарах гэдэг. Бас тэд хариу үйлдэлд ихээхэн дуртай. Өөрийнх нь үг үйлдэл бусдад нөлөөлж байгааг мэдрэх дуртай байдаг болохоор тэр.

Анхааруулга: Хэрэв тэд таны сайхан үйл явдлын үеэр урам хугалсан үг хэлж, доош нь хийж байвал энэ хамгийн том анхааруулгын тэмдэг юм шүү.

7. “Gaslight”

Энэ нь тэр хүн таны сэтгэл зүйд нөлөөлж, үнэнийг гуйвуулан, бодит байдлыг өөрчилж буй хэлбэр юм. Энэ мэдрэмжүүд төрөөд байвал та “Gaslight”-дуулсан буюу тархиа угаалгаж байна гэсэн үг.

  • Та өмнө нь байснаасаа шал өөр хүн болсон мэт санагдах
  • Илүү сэтгэл зовомтгой болж, өөртөө итгэлгүй болсон
  • Хэтэрхий мэдрэг байгаад байна уу хэмээн өөрийгөө гайхах
  • Хийсэн болгон чинь буруу санагдах
  • Асуудал буруугаар эргэх үед үргэлж өөрийн буруу мэт бодох
  • Ойр ойрхон уучлал гуйдаг болсон байх
  • Ямар нэг зүйл буруу байгааг мэдэрдэг ч юу гэдгийг нь мэдэхгүй байх
  • Нөгөө хүнийхээ хийсэн үйлдэл болгоныг өмөөрөх шалтаг олох
  • Нөгөө хүндээ юу гэж хэлбэл, харьцвал тэрэнд таатай байх бол гэж боддог болох

8. Тэд бүх зүйл дээр өөрсдийнх нь зөв гэж боддог. Бас уучлал гуйдаггүй

Нарциссист хүнтэй маргах нь боломжгүй зүйл. Үргэлж тэдний зөв байдаг учраас тэд бууж өгөх, уучлал гуйх, зай тавьж өгнө гэсэн юм байхгүй.

  • Таныг сонсохгүй
  • Ойлгохгүй
  • Өөрсдийн хийсэн буруу зүйлийг ухамсарлахгүй
  • Ойлголцохыг хичээхгүй

9. Салах гэж оролдох үед…

Тэднээс зайгаа барих гэж оролдох үед тэд буруугаа ойлгосон мэт буцаад л сайн сайхан хүн болж орхино. Гэхдээ удаагүй байтал юмс өөрчлөгдөөгүйг та анзаарч эхлэх болно. Бас нэгэнт бүх зүйл дууссан гэдгийг та бүрэн ойлгуулах мөчид тэд онцгүй зан байдал гаргах болно. Магадгүй муухай үгээр гомдоож, өөрийгөө хамгаалахын тулд бусдад худлаа яриад явж мэднэ. Бас таны найзуудтай илүү дотно байж, өөртөө урвуулах гэж ч мэднэ. Шуудхан өөр хүнтэй үерхэж, таныг атаархуулах гэж оролдож магадгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.