Салалтын шархаа хэрхэн эрүүлээр анагаах вэ?

Амьдралынхаа нэгэн цаг үеийг хамтдаа туулан хайрлан дурласан хүнээсээ хагацан салах мэдээж хэцүү. Харин ганцаар үлдэхэд тэрхүү хэцүү мэдрэмж хоёр дахин хүнд санагддаг. Тэрхэн үеэ эрүүлээр анагааж чадахгүй аваас үүрдийн буглааг сэтгэлдээ тээж хоцрох нь бий. Иймд салалтын дараах сэтгэлийн шархаа эрүүлээр анагаахад чинь туслах хэдэн зөвлөгөөг хүргэе.

Юуны өмнө чи ганцаараа биш гэдгээ үргэлж санаарай… Хэн нэгэнтэй ярилц. Доторх сэтгэл мэдрэмжээ чөлөөлж өөрийгөө илэрхийлэх нь хамгийн чухал нь юм шүү. Иймд салалтын дараах хүнд үеийг туулахын тулд мэргэжлийн сэтгэл засалчаас зөвлөгөө авч, ойр дотнын хүнтэйгээ сэтгэлээ уудлаарай.

Хүлээн зөвшөөр. Тэр нэгэн үе гэр бүлээс ч дотно амьдралын чинь чухал хэсэг байсан л юм чинь үгүйсгэж, тэр үеийн өөрийгөө ч хамт устгах хэрэггүй шүү дээ.

Нар чамайг гаднаас чинь эмчилж, сар харин дотроос чинь эмчилнэ гэдэг үг байдаг. Иймд байгальд их цагийг өнгөрөөх нь чамайг сэтгэлээ анагаахад хамгийн том тус дэм болно. Сэтгэлээр унаж найз нөхөдтэйгөө уулзан ганц хоёр юм балгахын оронд ууланд алхах, салхинд гарах зэргээр өөрийгөө эмчлээрэй. Мөн мод тэврэх нь тайвшруулах ид шидтэй шүү.

Зарим тохиолдолд сэтгэл зүйн мэдрэмжээ зүгээр л гаргуунд нь хаях хамгийн үр дүнтэй байдаг. Уйлмаар байгаа бол уйл. Өөрийгөө яг юунд төвлөрч байгааг анзаар. Өөрийгөө ахин таньж мэд. Амьд байгаагаа мэдэр. Мөн өнгөрснийг эргэцүүлэн тунгааж хүлээн зөвшөөр. Эдгээр нь нөгөө хүнээ тавьж явуулахад чинь туслах хамгийн чухал үйл явц юм. Хэрэв энэ үе шатыг алгасан мэдрэмжээ нуух аваас хэзээ нэг өдөр сэтгэл дотроос чинь тэсрэх бөмбөг дэлбэрч чамайг зовоох болно. Мөн сэтгэлийн буглаа дараагийн шинэ харилцаанд маш сөрөг үр нөлөө үзүүлж болзошгүйг санах хэрэгтэй.

Цээжинд цугларах гуниг, хямралаа бие болгож гаргах нь хамгийн сайн арга юм. Одоо л шинэ зүйл эхлүүлэх цаг шүү. Удаан бодсон зүйлээ хий, хүсэл мөрөөдлөө биелүүл. Зураг зур, гуниг тайтгарлаа шүлэг болгон бич. Ажлын анкет бөглө, гадаадын их дээд сургууль руу хүсэлт явуул. Амьдралынхаа шинэ бүлгийг эрч хүч, урам зоригоор дүүрэн эхлүүлээрэй. Энэ удаад чи өмнөхөөсөө хамаагүй тод гэрэлтэнэ гэдэгт итгэлтэй байна.

Бүрмөсөн өөрөөсөө явуулах хүртлээ дурсамжаа хадгалаарай. Чи ахин дурлах болно. Өөр нэгнийг илүү ухаалгаар, догдлон дурлаж хайрлана гэдэгтээ итгээрэй. Бүх шарх эдгэдэг шиг салалтын дараах шарх ч бага багаар эдгэх учраас тэвчээртэйгээр өөрийгөө эдгээгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.