Сухомлинскийн хүүдээ бичсэн УХААРАЛ ХАЙРЛАХ захидал

Оросын нэрт сурган хүмүүжүүлэгч В.А.Сухомлинскийн хүүдээ бичсэн захидлаас орчуулан хүргэж байна. Энэхүү захидал танд ухаарал, уярал бэлэглэж, амьдралын мөн чанарыг мэдрүүлэх болно.

“Хүнийг зөвхөн эерэгээр л хүмүүжүүлж болно” В.А.Сухомлинский

Өдрийн мэнд, хайрт хүү минь.

Ингээд чи үүрнээсээ нислээ. Том хотод амьдарч, их сургуульд сурч бие даасан хүн гэдгээ мэдрэхийг хүсэж байгаа. Энэ шинэ, буцалсан амьдралд ороод чи аав, ээж хоёрыгоо, төрсөн гэрээ санах нь багасна гэдгийг аав нь туршлагаасаа мэдэж байна. Ээж, бид хоёрыгоо бараг л санахгүй дээ. Энэ бүхэн чи минь амьдралыг таньж мэдсэний дараа хэзээ боловч тохиолдох л болно…Эцэг эхийнхээ үүрнээс нисэж байгаа хүүдээ бичиж суугаа анхны захидал минь энэ. Энэ захидлыг минь насан туршдаа хадгалж, дахин дахин уншиж, сургаалийг минь санаж яваасай гэж хүсэж байна, хүү минь. Ээж бид хоёр нь зарим зүйлийг чиний мэдэрч байгаагаас өөрөөр ойлгох үе байсан ч бид чамайг хэн бүхнээс илүү ойлгож байгаа. Магадгүй чи энэ захидлыг уншаад бидний сургамжаас хол байхыг хүсэж ч магад. Гэхдээ хүү минь, аавын минь зөв байж, ээж минь үнэн хэлжээ гэж бодох цаг ирдэг юм. Тэр үед чи энэ захиаг олоод уншина. Захидлыг минь насан туршдаа хадгалаарай. Би ч бас аавынхаа надад бичсэн анхны захидлыг нь хадгалдаг.

Төрсөн гэрээсээ явахдаа би 15 настай байлаа. Кременчугскийн багшийн их сургуульд элссэн үе минь тэр. 1934 он хүнд жил байж билээ. Төгсөлтийн шалгалт ямар байсныг сайн санадаг юм. Шалгалтаа сайн өглөө. Ингэж миний хичээл эхэлсэн юм. Ходоод хоосон байхад эрдэм сурна гэдэг хэцүү, их хэцүү байж билээ. Гэвч шинэ ургацын талх нэг л өдөр идсэн юм. Ээж минь надад шинэхэн ургацын талх явуулсан тэр өдрийг хэзээ ч мартдаггүй юм. Матвей өвөөгөөр ирсэн ээжийн минь анхны илгээмж тэр байлаа. Зөөлхөн, шинэхэн, тансаг үнэр нь ханхалсан талх байсан юм. Бас миний насан туршдаа хадгалж байгаа гэж ярьж байгаа аавын минь анхны захидал ирсэн байв. Аавын минь “Энэ талхыг бүү мартаарай хүү минь. Би бурханд итгэдэггүй ч энэ талхыг ариун гэдгийг хэлэх байна. Чи хаанаас ниссэн гэдгээ санаж яваарай, хүү минь” гэсэн байж билээ. Хүү минь үүнийг бүү мартаарай. Чиний өвөө, миний аав Омелько Сухомлин тариачин байсан юм. Анжсаа барьж яваад л амьсгал хураасан даа. Угсаа гарлаа хэзээ ч мартаж болохгүй шүү. “Чи сурч боловсорч байгаа ч энэ талхыг хийх гэж хэн нэгэн хөдөлмөрлөж байгааг санаарай. Чи сургуулиа төгсөж, багш боллоо ч энэ талхыг мартуузай. Талх бол хүний хүч хөдөлмөр, ирээдүйн итгэл найдвар, чиний болон хүүхдүүдийн чинь амьдрал юм шүү” гэж аав минь анхны захидалдаа бичсэн байж билээ.

Би энэ ертөнц дээр бараг тавин жил амьдарч байна. Хөдөлмөр гэж юу болохыг чамаас илүүгээр мэднэ хүү минь. Чамайг анхныхаа амралтаар ирэхэд чинь аж ахуйн ажилтан хөрштэйгөө танилцуулна аа. Тэр алим ургуулдаг юм. Тэр үүнийгээ ямар гайхалтай хийдэг гээч. Өнөөдөр бүх хүн тийм байсан бол энэ нийгэм ч өөр байх байлаа…Эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсье. Ээж болон дүү чинь чамд мэнд хүргэж байна. Тэд өчигдөр чамд захидал биччихсэн юм. Үнсье хүү минь. Аав нь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.