Нэг л өдөр хүмүүс алга болбол дэлхий дээр юу болох бол? Та уран зөгнөл гэж бодож байна уу? Огт үгүй. Вирус, дайн, гамшиг гээд юу эс тохиох билээ. Тэр тусмаа яг ийм дүр зураг 75 мянган жилийн өмнө болж байсан. Тухайн үед Тобо супер галт уул дэлбэрсний улмаас манай гараг дээр галт уулын өвөл болж, хүн төрөлхтөн 2000 болтлоо цөөрч байжээ.
Бидний хойно юу үлдэх бол? Хачирхалтай санагдаж болох ч эрдэмтэд зарим үед ийм ирээдүйн талаар тунгаан боддог байна.
Хүн төрөлхтөн алга болсны дараа хамгийн түрүүнд ажиглагдах зүйл бол анир чимээгүй байдал гэж Айовагийн их сургуулийн дэд профессор Карлтон Басмажян өгүүлжээ. Дэлхий дахинд ер бусын анир чимээгүй байдал тогтоно. Тэгэхээр хүн төрөлхтөн итгэмээргүй их чимээ гаргадаг байх нь. Гэхдээ энэ аниргүй амгалан байдал удаан үргэлжлэхгүй. Бид алга болсноор гамшигт үйл явдал, техникийн цуврал сүйрэл дагуулна. Эрдэмтэн судлаачид хүн төрөлхтний дараах үйл явдлын дарааллыг ийн гаргажээ.
Нэг өдрийн дараа
– Хүмүүс үгүй болсноос хэдхэн цагийн дараа газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд гал гарна.
– Малтмал түлшээр ажилладаг дулааны цахилгаан станцууд нүүрс, мазутын нөөцгүй болсны улмаас үйл ажиллагаа нь автоматаар зогсож, улмаар дэлхий даяар ээлж дараалан цахилгаан тасарна.
– Эхний хүйтрэлээр халаалтын системийн хоолой харагч, өндөр барилгууд усанд автана. Ус дамжуулах хоолой хагарч, усны урсгалаас үүдэн хатуу хучилттай зам эвдэрч эхэлнэ.
2-3 хоногийн дараа
– Томоохон хотуудын метро 36 цагийн дотор усанд автана. Учир нь хүний оролцоогүйгээр хөрсний ус сорогч насосууд жагсаалаас гарна.
– 48 цагийн дараа цахилгаан эрчим хүчний хэрэглээ буурсан дохио авсан цөмийн цахилгаан станцууд аюулгүй ажиллагааны горимд шилжин, эрчим хүчний дамжуулалтаа зогсооно.
10 хоногийн дараа
– Атомын цахилгаан станцын хөргөлтийн системийн үйл ажиллагааг хангадаг аваарын генераторуудын түлш дуусна. Хөргөгч реакторуудын ус ууршсанаар реакторууд дэлбэрч эхэлнэ. Дэлхий даяар нийт 450 орчим цөмийн реактор байдаг бөгөөд эдгээрт гарах осол Чернобыль болон Фүкүшимагийн атомын цахилгаан станцын осолтой ижил үр дагавар дагуулна.
– Усан цахилгаан станцууд хүний оролцоогүй нэг долоо хоногоос 2-3 сар ажиллах чадвартай. Төхөөрөмжүүд ээлж дараалан зогсож, ослын нөхцөл байдал үүссэнээр, цахилгаан үйлдвэрлэхээ зогсооно. Томоохон хотууд бүр мөсөн харанхуйд автана.
Нэг сарын дараа
Усан цахилгаан станцууд зогссоноор усан сангийн усны түвшин нэмэгдэж эхэлнэ. Улмаар далангууд сэтэрч, газар зүйн хувьд доор байрладаг хотууд усанд автах нь цаг хугацааны л асуудал болно.
Зургаан сарын дараа
-Харх, хулганууд супермаркет болон агуулахуудын хүнсний нөөцийг дуусгаж, хотоос гарч эхэлнэ. Гэрийн тэжээмэл амьтдад маш хүнд үе ирнэ. Мал, тахиа, гахай махчин амьтдын хоол болно. Нохойд хүртэл зэрлэг байгальд амьд үлдэхэд туйлын хүнд болно. Харин муужгайнууд эсрэгээр жаргана.
Хоёр жилийн дараа
– Хүн төрөлхтөн үгүй болсноор зэрлэг ан амьтдын тоо толгой огцом өснө. Чоно, баавгай, үнэг, туулай, буга зэрэг амьтад хотын шинэ оршин суугчид болно.
Таван жилийн дараа
– Хотуудын ихэнх хэсэг хөрс, ургамлаар бүрхэгдэнэ.
25 жилийн дараа
– Музейн чихмэлүүд арчилгаагүй болсноор ялзарч эхэлнэ. Египетийн хаадын занданшуулсан шарилуудаас зөвхөн араг яс нь л үлдэнэ.
30 жилийн дараа
– Хиймэл дагуулууд дэлхий дээр унаж эхэлнэ. Учир нь тойрог зам дахь тэдний хөдөлгөөнийг хянан тохируулах хүн байхгүй. Тэр дундаа Олон улсын сансрын станц дэлхий руу бууж ирнэ.
70-75 жилийн дараа
– Могой тоо томшгүй үржиж, хэмжээгээрээ томорно. Учир нь хүн төрөлхтөн үгүй болсны дараа тэдний гол хүнс болох мэрэгчин амьтдын тоо толгой хэд дахин өснө.
150-200 жилийн дараа
– Дэлхий дээрх тэнгэр баганадсан барилгуудын гуравны нэг нурж унана. Хамгийн түрүүнд нурах барилгуудын нэг нь Нью Йоркийн алдарт Empire State Building юм. Эйфелийн цамхаг эвдрэлд орж, Парисын бэлэг тэмдгийн дээд хэсэг эхний шуургыг давахгүй нурна.
– Дэлхий хэмээх гараг дээр хүний хэл яриа үүрд сонсогдохгүй. Эздийнхээ үгийг давтдаг байсан хамгийн сүүлчийн тотинууд үхнэ.
1000-1500 жилийн дараа
– Орчин үеийн ихэнх хотууд ургамлан хивсэнд хучигдана. Хүн төрөлхтний соёл иргэншлийн нүдэнд үзэгдэх ул мөр бараг үлдэхгүй. Асар том чулуугаар бүтээсэн байгууламжууд л хамгийн сүүлд цаг хугацаатай нүүр тулж үлдэнэ. Египетийн пирамидууд, Хятадын Цагаан хэрэм, дундад зууны цамхгууд.
Хүн төрөлхтний ул мөрийг сарнаас хай
Палеонтологийн түүхэнд хүн төрөлхтний соёл иргэншлээс зөвхөн хуванцрын нимгэн давхарга, цацраг идэвхт изотоп, тахианы /бид жилд 60 тэрбум тахианы мах хэрэглэдэг/ яснууд л үлдэнэ. Хэрэв дэлхийд харь гарагийнхан бууж ирвэл нэгэн цагт өндөр хөгжилтэй соёл иргэншил байсныг зөвхөн гений өөрчлөлттэй организмаас л олж мэднэ. Олон сая жилийн дараа ч гэсэн атаржсан хөдөө аж ахуйн ургамлын ДНХ-г шинжлэхэд ургамлын генд гаднын нөлөө орсон ул мөр үлдэнэ.
Сансар огторгуйд бидний түүхэнд үлдээсэн ул мөр харин илүү тод үлдэнэ. Хүн төрөлхтөн байсныг сарнаа явагчид гэрчилнэ. Хуучин ЗХУ, АНУ, Хятадын сансрын машинууд саран дээр гайхалтай сайн хадгалагдаж үлдэнэ. Учир нь тэнд агаар, ус байхгүй, газар ч хөдлөхгүй.
Тэр бүү хэл олон сая жилийн дараа хүн төрөлхтнийг сонсох боломжтой. Радио, зурагт зохион бүтээснээс хойш 100 гаруй жил өнгөрч, энэ хугацаанд хүн төрөлхтөн цахилгаан соронзон долгионы тусламжтай сансар огторгуй руу соёл иргэншлийнхээ талаар мэдээлэл дамжуулсаар байна. Хаа нэгтээ, 100 гэрлийн жилийн тэртээх алсад харь гарагийнхан томоо антен суурилуулаад Моцартын симфони, Фредди Меркюригийн дууны бичлэгийг сонсох боломжтой.
Эдгээр цахилгаан соронзон долгион нь хэдэн сая жилийн дараа дэлхийгээс улам бүр холдсоор байна. Цаг хугацааны явцад эдгээр долгион маш сул болж, сансрын чимээнээс ялгахааргүй болно.
Биднээс хойш ухаантай амьтан гарч ирэх үү?
Дэлхий дээр хэзээ нэгэн цагт ухаант амьдрал үүсэж л байсан юм чинь байгаль эхэд ид шидээ давтахад юу ч саад болохгүй. Сүрэг дотроо өндөр түвшний хамтын ажиллагаа шаардагддаг нийгмийн амьтдын ухаан нь хөгжих магадлал бий. Тархины хэмжээгээрээ бидний дараа бабуин сармагчин ордог. Тиймээс тэд дэлхий дээрх хамгийн ухаантай амьтанд нэр дэвшиж болох юм. Тэд бидний өвөг дээдэс шиг ойд амьдарч, ойн цоорхойг эзэгнэдэг. Тэд араатны эсрэг хэрхэн нэгдэх, хоол хүнсээ төвөггүй цуглуулахаа мэддэг. Бабуин сармагчнууд бидний байранд очих боломжтой. Түүнчлэн, зарим эрдэмтэд элбэнхүүд ухаантай амьтан болох муугүй шанстай гэж үздэг. Маш эвлэгхэн хөдөлгөөн бүхий урд мөчтэй элбэнхүүд нь нийгэмшсэн, ухамсарт төрөл зүйл. Ганцхан асуудал нь 20 сая жилийн туршид элбэнхүүд хүний зиндаанд хүрэх гэж тэмүүлээгүй. Тэд байгаа байдалдаа сэтгэл хангалуун байдаг бололтой.