Зарим эрчүүдийг мэддэг ч болоосой гэж хүсдэг эмэгтэйчүүдийн чин сэтгэлийн зөвлөгөө үгсийг дайн хүргэж байна.
- “Чи дандаа даах албагүй ээ. Эмэгтэйчүүд зөвхөн даалгах гэж болздоггүй”
Болзооны үеэр зөвхөн эрчүүд л тооцоо хийх ёстой, эмэгтэй хүнээр даалгаж болохгүй гэж ихэнх эрчүүд боддог. Гэвч болзоот бүсгүй тань ч тооцоо хийхэд бэлэн байдаг, танаар зөвхөн даалгах гэж бус цагийг хөгжилтэй сайхан өнгөрүүлэх гэж, уулзах гэж л уулздаг болохыг бүү мартаарай.
- “Хөлдүү” чат хэзээ ч, хэзээ ч бүү бич
“Hi, унтаач”, “Унтаж байна уу?”, “Юу байна даа” гэсэн чатанд хэн хариулах вэ дээ… Заавал сонирхол татах тогос мэт элдэв чамин зүйл бичих албагүй. Зүгээр л өөрийнхөөрөө, чөлөөтэй харилцааг хэн ч мэдэрдэг шүү.
- “Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй” харилцаанд хэн ч дургүй
Энгийн уулзаж байгаа, болзож байгаа, үерхэж байгаа гээд харилцаагаа тодорхой байлгаж яагаад болдоггүй юм бэ? Эмэгтэйчүүд уулзаж явж байгаад нэг мэдэхэд үерхчихсэн эсвэл хоёр тийш болчихсон байх бус анхнаасаа л харилцаагаа тодорхой байлгаж, дотносохыг хүсдэг юм шүү. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй нэгнээ хүлээлгэснээс шулуухан хэлээд цэг тавивал хэн хэнд амар. Салсан шиг салж, үерхсэн шиг үерхье л дээ…
- “Күүл” байх гэж хэтэрхий хичээх хэрэггүй дээ…
Уулзаад салмагцаа чат бичвэл намайг өөрт нь хэтэрхий сайн гээд ойлгочих болов уу, араас нь гүйж байна гээд биеэ тоочих болов уу гээд хэд хоног таг болчихдог уу? Байзаарай… Күүл байх гэж хэтэрхий хичээх хэрэггүй, санаж байвал хэл, санах ч үгүй байвал “усанд хаясан мэт” алга бололгүй мэдэрч буйгаа илэрхийл.
- Жижигхэн зүйл ч таны тухай ихийг өгүүлдэг
Хаалга нээж өгөх, машинд эхэлж суулгах, хүнд юмыг нь барихыг санал болгох, гоё харагдаж буйг нь хэлэх гээд л жижигхэн зүйл ч таны талаар “том” зүйлийг мэдрүүлдэг шүү. Өөрт хэчнээн эелдэг найрсаг хандсан ч замдаа таарсан хүн рүү орилж хашхираад байвал танд өгөх оноо “0” гэж мэд.
- Өнөө л нэг цэцэгний тухай…
Өөрөө л эхэлж ам нээж цэцгэнд дургүй, харшилтайгаа хэлээгүй бол тэмдэглэлт баяраар ямар ч эмэгтэй хүн цэцэг авахыг хүсдэг л байхгүй юу. Тэгэхээр өөрийг нь заавал цэцэг авмаар байна гэж хэлүүлэлгүй мэдрэмжээрээ хайртай бүсгүйгээ баярлуулчихад яахав дээ…
- Санаачилгатай бай, эсвэл удирдлагаа надад өгчих
Болзоонд ирээд хоёулаа юу хийхээ мэдэхгүй явсаар байгаад болзоо өндөрлөсөн тохиолдол танд байдаг уу? Тэгвэл болзоог өөрөө санаачилсан бол юу хийх, хаана хэдэн цагаас уулзах гээд ерөнхий төлөвлөгөөгөө урьдчилан бодож байгаарай. Хэрвээ үнэхээр санаанд орохгүй, зүгээр л уулзмаар байвал үнэнээ хэлээд эмэгтэйгээсээ юу хиймээр байгааг нь урьдчилаад асуучих.
- Бусдын цаг хугацааг хүндлээрэй
Болзож буй эмэгтэйгээ таныг дуудахыг хүлээгээд л сууж байдаг завтай хүн гэж хэзээ ч бүү бод. Зуны орой гэрийн гадаа ирээд мөхөөлдөс идэх үү гэж дуудах заримдаа романтик л даа. Гэхдээ… Болзоот эмэгтэйд тань ч бас хийх зүйлс, дуртай амралт, ганцаараа хийхээр төлөвлөсөн зүйл байдаг, тусдаа амьдралтай хүн болохыг санан, аль болох цаг хугацаагаа эртхэн товлон ярилцаж шийдвэр гаргаж байгаарай.