Бид нар л мэддэггүй болохоос бэлгэвч тараахаас бээлий цуглуулах хүртэл есөн шидийн хөтөлбөр өдөр бүр олон арваараа хэрэгжиж байдаг. Маний төлөө гэдэг ч манд бараг хүртээлгүй болохоор мэдээд ч яах билээ. Гэхдээ нэг тийм хөтөлбөр нэг найзыг минь гарцаагүй үхлээс аварсан байдаг юм.
Яасан бэ гэхээр “улс даяараа тэмбүүрлээ хүүе хаая, авраарай, туслаарай, БЗХӨ“ гэх дуулиан дэгдсэний дараа янз бүрийн яамдын албан тушаалтнууд энэ сэдвээр төсөл, хөтөлбөр бичиж холбогдох байгууллага, албан газар, хорооны иргэдийн дунд хэрэгжүүлээд ням ням гээд эхэлсэн.
Дээр дурдсан найз минь офицер хүн, ахмад цолтой …дугаар цэргийн ангид алба хаадаг юм. Нэрийг нь өөрчлөөд Дэмбэрэл гэчихье. Дэмбэрлийн ангид ч бас ДЭМБ-ээс төсөл хэрэгжүүлж байна гээд чөлөө эсвэл томилолтоор явж байгаад цэрэг, байлдагч нарт үнэгүй бэлгэвч тарааж өгөх юм болж.
Гэхдээ юу гээ л тэд нарт үнэтэй цайтай юм зүгээр өгөөд байх вэ. Бодит байдал дээр ангийн эрүүл мэндийн төвийн ханан дээр өнгөт хуудас нааж, төвийн даргын том сейфийн нэг нүд хайрцаг бэлгэвчээр дүүрээд л өнгөрсөн. Дэмбэрэлийн салааны нэг цэрэг өвдөөд эрүүл мэндийн төвөөр орохоос өөр аргагүй байсан тулдаа үнэгүй бэлгэвчний тухай санамсаргүй олж мэджээ.
За тэгж байтал Батлан хамгаалах яам офицеруудын дунд жил бүр зохиодог уралдаан тэмцээний хажуугаар сургалт бас давхар зохион байгуулах юм болжээ. Тэгээд Дэмбэрэлийн анги шилж шилж байгаад эхнэр хүүхэдтэй, мэдлэгтэй хамгийн гол нь ууж идээд байдаггүй сахилга баттай зургаан сайн офицероо сургалт тэмцээнд хоёр долоо хоногоор хот руу явуулахаар болоход манай хүн ч багтаж.
Тэгээд зургаан шижигнэсэн залуу офицер хот ороод гурав хоног тэмцээнд боломжийн үр дүн харуулж, нэг хоног амраад дараа нь 10 хоног сургалтад суужээ.
Сургалтад суух ч гэж дээ тэмцээнээ ч тэмдэглээд, цуг төгссөн андуудтайгаа ч таараад, найз нөхөд хамаатан садныхаараа ороод баардаад, караокедоод, юу яагаад зад авч. Тэгээд нэг өдөр огиулан барин суухдаа тэсэлгүй дундаас нь хаяж яваад, өөр нэг өдөр босож чадахгүй таслаад ер нь л зөнгөртөж гэнэ.
Харин манай найз Дэмбэрэл угийн номын, жаахан хэнхэгдүүг ч хэлэх үү яаж ч шартсан гүрийж байгаад л сургалтаа таслалгүй суугаад байж. Тэгсээр сургалт дуусаж, нэгдэл маягийн юм хийхэд сургалтын дарга нь ахмад Дэмбэрлийг магтаад нөгөө хэдийг зад загнаж л дээ. Тэрийг гэхдээ хэн нь ч үг гэж тоосонгүй. Шартаж үхэх гээд юун тэр даргын янших.
Дараа нь бүгд цуглаад яамны үүд хавьцаа буцах унаа хүлээж байх зуур хамт явсан тагнуул ротын захирагч ахмад хэн гэхээр нэрийг нь хэлээд дэмий болохоор Шаркоов гэчихье. Ер цааш хүмүүсийг хочоор нэрлэчихье. Тэр нь амар юм. Тэгсэн ахмад Шаркоов шартсан дээрээ шаралхаад байна гэнэ ээ. Муу Дэмбэрэл бусадтайгаа адил байхгүй ганц ч удаа таслаагүй болохоор бид хэд хэлмэгдэж загнууллаа гээд үглээд байж.
Дэмбэрэл ч тэрийг нь тоосонгүй. Харин тэгсэн нууцын эрхлэгч хошууч “Еэ еэ” (мань эр “р” гэдэг авиа хэлж чаддаггүй. Жагсаалд тушаал өгөхөөрөө “Зэегээц, оехий. Зэегээц. Чигээеэ. Эеэг. Баюун тийш эег гэсээр байгаад “Еэ еэ” гэдэг хоч авсан хэрэг) гэтэл уурлав. Үхэх гэж байхад нь үглэж яншаад ядаргаатай юм, үгээр биш үйлдлээрээ дургүйцлээ илэрхийлээч гэсэн утгатай үг шидэж. Тэгсэн ахмад Шаркоов дүрс хийж, шингэхэн шар сахал нь муурынх шиг сэртийснээ арга сэдэв бололтой ойрхон харагдах эмийн сан руу харайлгажээ.
Тэгээд Дэмбэрлийг утсаар ярихаар бусдаасаа нэлээд холдохыг яг сайхан тааруулаад эргээд ирэв. Мань эр есөн шидийн бэлгэвч арван хэдийг аваад ирж. Эзгүй байгаа Дэмбэрэл ахмадын кодоор онгойдог чемоданыг нь нүд ирмэхийн зуур онгойлгоод бэлгэвчүүдээ хийгээд хааж орхив.
Нөгөө хэдийнх нь толгойд нь тэр даруйд “Энэ муу хулгайч муур шиг новш чинь арай…” гэсэн бодол зурсхийж, бүгд тушаал авсан цэргүүд шиг тус тусынхаа чемодандаа код тааруулан онгойлгоод гялс манас үзлэг хийж амжив. Илүү дутуу юм байсангүйд бүгд сэтгэл нь онгойход ахмад Шаркоов харин бүр уурлаж “Өмхий санаатай лалрууд вэ. Шар тайлагчаа өгье гэж бодож байснаа болилоо. Та нартай хуваахгүй” гэж далимдуулаад жижиг шилтэй таван шар тайлагч ар араас нь гүд гээд залгилж орхив.
Нөгөө хэд “Өө чи муу..” гээд яг эхлэх гэж байтал унаа ирж, хүүе хаая бушуул түргэл гээд унаанд суун түгжрэлд дунд огиулан огиулан хотоос гараад товчоон дээрээс хошууч Еэ Еэг бүгд аргадаж байж дундаа хоёр юм авснаа микрон дотор “Тэрэлж”-ээр даруулж хүү хаа гэчхээд бүгд нь хацар нь ягаарч дотор нь уужраад хөдлөв.
Уг нь уухдаа ахмад Шаркоовыг новширсон гээд өгөхгүй гэж үзэх гэсэн ч хоёр шил юмыг авсан мөнгөний 80 хувь нь мань эрийн чамин бээлийн ар талын үл үзэгдэгч таславч дотроос гарч ирсэн болохоор өгөхгүй байж чадаагүй аж.
Анги дээр ирэхэд орой болсон тул шууд гэр гэртээ хүргүүлцгээв. Дараагийн үйл явдал бүгд өөр өөр айлд өрнөсөн хэдий ч армийн ёсоор бүгд нэгэн зэрэг тушаалаар хөдөлж сэтгээд байна уу гэлтэй болсон юм. Зэрэгцүүлээд харвал цэргийн жагсаал ч гэмээр юм уу.
Нөхрүүдээ ирсэнд эхнэрүүд бүгд баяртай байсан ч хоёр долоо хоноод ирж байгаа болохоор өөрийн мэдэлгүй бүгд хөмсөг зангидаад, нэг л мэдэхэд бүгд ярвайж байгаад л хоолойгоо зассаар угтав. Нөхрүүд нь офицерууд болохоор зурсан зангаараа бүгд “Чемодан дахыг гаргаад янзал даа” гэж тушаал буулгаад бүгд ус цасанд орох гэтэл эхнэрүүд нь бүгд “хм” гэхийг сонсоод “Замын тоосоо угааж болохгүй юу тэ” гэсэн яаж ч болохгүй нөхцөл дурдсан тулдаа бүгд биедээ үзлэг хийлгэлгүй шүршүүрт оров.
Шүршүүрээс бүгд улаа бутарч, оо ханхлуулсан сайхан ааштай юмнууд гарч ирэхэд ганцхан ахмад Дэмбэрлийн эхнэрээс бусад нь нөхрөө “За, яасан уддаг юм, хоолоо ид, хөрчихлөө” гэсээр угтжээ. Дэмбэрлийн “жанжин” яасан гэхээр нэг гартаа 10 гаруй янз бүрийн бэлгэвч барьчихсан, нөгөө гартаа нөхрийнхөө хотоос дөнгөж авчраад байгаа 499 мянгын хайруулын тавгийг барьчихсан үггүй асуултын 122 мм-ийн тийрэлтэт сумаар шуурган гал нээн угтжээ.
Ахмад Дэмбэрэл ер нь хичээлдээ сайн, ном уншдаг жинхэнэ мэргэшсэн армийн хүн байсан тул шууд л “Лалар Шаркоовыг дээ” гэж бодонгуутаа цэргийн ёсоор тулааны талбар дээрх нөхцөл байдалд шуурхай үнэлэлт хийж, эсрэг тал ба өөрийн хүн хүч, газар орны онцлог, болзошгүй хохирол ба нэмэлт хүч, зэвсэг техник зэргийг харьцуулаад эсрэг тал цөмийн зэвсэг хэрэглэж болзошгүй тул ялах магадлал 0-тэй тэнцүү гэж дүгнэж амжив.
Дүрсэлж бичихэд л ийм олон үг хэрэглээд байгаа болохоос биш бодит байдал дээр Дэмбэрлийн нойтон үснээс салсан усны дусал газар ч унаж амжаагүй байхад дүгнэлтээ хийж амжсан байв. Тэгээд хэлэлцээ хийж энхийн замаар асуудлыг шийдэхээс өөр аргагүй ч эхнэрээ ямар ч эргэлзээгүй итгүүлж, 100 хувийн магадлалтай байг онох пуужин буюу нотлох баримт хэрэгтэйг ойлгов.
Ингээд Дэмбэрлийн үснээс хоёр дах дусал бөнжгөнөн мултарч 9,8 м/с2 хурдатгалтайгаар газар руу тэмүүлэх агшинд дэмбэрлийн харц эхнэрийнх нь барьсан шинэхэн хайруулын таваг дээр туслаа. Эхнэр нь гэтэл шинэхэн хайруулын тавгийн гялгар уутыг ч тайлалгүй тэр чигээр нь барьсан байв. Тэр даруйд мань эрийн тархинд угладаг гялгар уут, гялгар уут угладаг, угладаг, угладаг бэлгэвч, угладаг үнэгүй бэлгэвч, эрүүл мэндийн төвий бэлгэвч, бэлгэвч хөтөлбөр гэсэн холбоос агшин зуур үүсээд усны дусал газар унах агшинд нотлох баримт бэлэн болж пуужин байгаа онохоор хөрсөн байлаа.
Дэмбэрэл:
-Гүй чи, наадхаа далд хийгээч дээ. Хүүхдүүд харчих вий дээ. Наад чинь юу гэхээр чамд хэлэх гээд мартсан байна лээ. Мануусыг хот олон хоногоор явлаа гэсэн чинь эрүүл мэндийн төвөөс үнэгүй бэлгэвч заавал авч яв гээд хэдэн ширхгийг МАНЬ ЗУРГААД хүчээр өгсөн юм аа. Ямар ч гэнэ үү хөтөлбөр хэрэгжиж байгаа, ангийн даргын тушаал ч гэнэ үү ойлгомжгүй юм яриад унаанд суухад өгснийг би ямар олны нүдэнд дээр хаялтай биш чемодандаа хийгээд тэр чигээрээ мартаад аваад иржээ…..Чи эрүүл мэндийн төвийн Хямсаа ахлах дэслэгчээс асуугаарай. Харин тийм ээ, очоод тэмцээн уралдаан, сургалт энэ тэр гээд ямар ч завгүй болохоор юун чемоданаа ухах. Бушуухан дуусгачхаад харихын түүс ирсэн минь энэ шүү дээ. Тэгээгүй бол тэнд нь гаргаад хаяна шүү дээ. Чи тоолоод үзээрэй. Наад чинь яг өгсөн тоо ёсоороо байгаа гэж хэлэхдээ дарийн утаа үнэрлэж Дархан хотын барилга дээр явсан хашир офицерын хувьд тоог нь хэлсэнгүй.
Жанжин нь “хм” гээд хайруулын тавгийг түр хойш тавин тоолтол яг 14 ширхэг байв. Дэмбэрэл харин жанжнаасаа өрсөн тоолоод “14. Баярлалаа Шаркоов оо” гэж бодож амжив.
Тэр шөнө зургаан офицерын гэрт юу болсныг хошин шогийн жүжигчний хэлснээр “Илгасаад” өгүүлэх нь:
Маргааш өглөөд штабын өмнө анги нэгдэж ангийн дарга сарын ажлыг дүгнэж, томилолтоор яваад ирсэн офицеруудыг ангийн нэр хүндийг өндөрт өргөснийг магтаж байх зуур зургаан офицерын тав нь ганц руугаа жоготой харц шидэн, инээдээ барьж ядаж байлаа. Ялангуяа тагнуул ротын захирагч Шаркоовын уруул дээрх шингэн шар сахал үе үе муурынх шиг сөрдийж харагдана. Гэвч Дэмбэрэл юу ч болоогүй шинжтэй, ажиг ч үгүй байсанд тавуул дотроо баахан гайхжээ.
Энэ зуур Дэмбэрлийн эхнэр жагссан цэргүүдийн хойгуур фронтын шугамын цаана амьд хэл олзлохоор гарсан тагнуулч адил хэнд ч мэдэгдэж харагдалгүй сүн хийн гарч эрүүл мэндийн төвийн чийхран хяхтнаж онгойдог хаалгыг өчүүхэн ч дуугаргалгүй сэв хийтэл онгойлгоод ороод явчхав.
Ороод харц өргөв үү үгүй ээ БЗХӨ-өөс сэргийлье, үнэгүй бэлгэвч энэ тэр гэсэн хуудас ханаар нэг наалттай байхыг хараад дотор нь бага зэрэг уужрав. Төвийн дарга ахлах дэслэгч Хямсаа хэзээний анги нэгдэхэд тоож ордоггүй танхай офицер тул өрөөндөө хямсаагаар хавчсан янжуур сорон тухалж байв.
Хямсаа нь их цэвэрч, хямсгар хүн тул хумсаа шарлуулахгүй, гараасаа тамхи үнэртүүлэхгүй гэж маяг заахдаа хямсаагаар хавчиж тамхи татдаг болохоор тийм хоч авсан хүн. Бас Хямсаа нь урдуураа улаан хөлтийг өнгөрүүлдэггүй гэдгээрээ зартай эр байлаа.
Дэмбэрлийн эхнэр “Юун үнэгүй бэлгэвч тараагаад байна” гэхэд Хямсаа жоготой мушилзаад “ДЭМБ-ээгээс хэрэгжүүлж байгаа хөтөлбөр өө. Ангийн захирагчийн тушаалтай” гэчхээд залгуулан “Чи аваач” гэж хэлэх гэснээ Дэмбэрлийн эхнэрийг оролдохоор юугаараа оролдсон нь дээр шүү. Галзуу хүүхэн байгаа юм гэж нагац ах штабын дарга хурандаа Хэн гуайн хэлж байсныг санаад дуугүй өнгөрөв.
Дэмбэрлийн галзуу жанжин харин утсаа гаргаж ирж бичлэг дээр нь тавиад “Ийш нь ахиад хэлчих” гэхэд Хямсаа хөмсөг зангидах гэснээ болиод “ДЭМБ-ээгээс хэрэгжүүлж байгаа хөтөлбөр өө. Ангийн захирагчийн тушаалтай” гэж тод хэлэв. Дэмбэрлийн эхнэр үргэлжлүүлэн ханан дээрх хуудас энэ тэрийг бичлэг хийж аваад гарч одов.
Удалгүй Дэмбэрэлийн эхнэр гэртээ ирж галынхаа өрөөнд тухалсны дараахан Нүүр ном дээрх “..р ангийн офицеруудын эхнэрийн бүлэг” нэртэй хаалттай групп ногоон гэрэл асаан амь орж, Хямсаагийн тайлбар, хана дээрх зурагт хуудас гэх мэт хөдөлшгүй нотлох баримтаар баталгаажуулсан маш халуун дотно яриа офицеруудын эхнэрүүдийн дунд өрнөлөө.
Энэ зуур өдөр тутмын улигт ажилд дарлагдсан зургаан офицер тагнуулын ротын Шаркоовын үйлдлийг таг мартан бужигнаж байгаад ажлын цаг дуусахад гэр гэрийн зүг яарцгаав.
Энэ орой хот явсан зургаагийн тав нь гэрийнхээ босгоор давангуутаа шууд олзлогдож, хүлүүлж байгаад янз бүрийн хүнд хэцүү тамлалт, есөн эрүү гэх мэт харгис шийтгэлийн давах хэрэгтэй болсон юм.
Эхнэрүүд нь “Тэр 14 ширхэг бэлгэвч хаа байна” гэсэн ганцхан асуулт тавьж, америкчуудын “ус цутгах”, арабуудын “хос өндөг няслах”, оросуудын “ганжиндах” гэх мэтийн янз бүрийг ярга хэрэглэн тамласан байдаг.
Ядаж байхад Дэмбэрэлийн чемоданд сэм хийсэн бэлгэвчүүд нь янз бүрийн үнэртэй, амттай, товгортой, сахалтай, өнгөтэй, зузаан нимгэн, ийшээ тийшээ зориулалттай гээд зүйл бүрээр байсныг эхнэр нь гар утасныхаа гайхалтай камераар зургийг нь дарж, групп дээрээ байршуулсныг мань тав яаж мэдэх билээ.
Маргааш өглөө нь анги нэгдэж дуусаад хайрцаглан алхахад мань тавын зарим нь доголж, зарим нь алцганаж, зарим гараа өргөж дийлэхгүй ярвайж байхад ахмад Шаркоовын нэг талын сахал нь юу ч үгүй зулгаагдаад дээд уруул нь улайчихсан байсан гэдэг.
Бүгд Дэмбэрэл рүү хяламхийж, харцаараа лазердах ч мань эр ер тоосон шинжгүй “Жаргалыг авчирсан холбоочин хүү, Жанчивын гавьяа бидний бахархал” гэсэн дууны ая исгэрэн дээгүүр харж, лазерын туяаг тоохгүй байжээ.
Уурласан тав нийлж байгаад
ДЭМБ-ээс тараасан бэлгэвч
Дэмбэрэлдээ ээлтэй бэлгэвч гэсэн хоёр мөрт зохиож байж санаа нь амарснаар энэ явдал дууссан байдаг.
Ингээд бодохоор дээрээс зохиож хэрэгжүүлдэг хөтөлбөр бас ч гэж заримдаа ганц хоёр хүнд хэрэгтэй юм шиг байгаа юм аа.