Анаболик стероид бэлдмэлийн замбараагүй хэрэглээ эр бэлгийн эсийн чанар буурч, үргүйдэлд хүргэх нэг шалтгаан болж байна

Нийт үргүйдлийн шалтгааны тал хувийг эрэгтэй үргүйдэл дангаар эзэлж байна. Иймд эрэгтэй үргүйдлийн шалтгаан, урьдчилан сэргийлэлт, оношилгоо эмчилгээний талаар “CLWH” эмнэлгийн нөхөн үржихүй, үргүйдлийн эмч Э.Мөнхбаяртай ярилцав.

Эрэгтэй хүний үр тогтоох чадвар, эр бэлгийн эсийг нийлэгжүүлдэг үндсэн үүрэгтэй эрхтэн нь төмсөг. Төмсөг нь эр бэлгийн эсийг нийлэгжүүлэх болон тестостерон дааврыг нийлэгжүүлэх үндсэн хоёр үүрэгтэй. Тэр дундаас эр бэлгийн эс нь нөхөн үржихүй, хүүхэдтэй болоход хамгийн чухал эс.

Настай холбоотойгоор эр бэлгийн эсийн тоо тодорхой хэмжээнд буурдаг. Чанар болон үр тогтоох чадвар нь буурдаг.

Эр бэлгийн эсийн тоог ДЭМБ-ын стандарт ангилалд 1 мл-т багадаа 16 сая байх ёстой гэж үздэг. 15 сая байх нь шууд үргүйдэл биш ч энэ тооноос доошоо байвал үр тогтоох чадвар буурч эхэлж байна гэж үзнэ.

Судалгаагаар, ихэнхдээ 12 саяас доош тооны эстэй бол ер нь үр тогтоох чадваргүй гэдэг ангилалд ордог.

Үргүйдэл нь нэг хүний биш хосуудын асуудал. Нийт хосуудын 10 хувь орчимд нь, монголд 7-10 хүртэлх хувь нь үргүйдэлтэй байх магадлалтай гэж үздэг. Үүнийг хүйсээр нь хувааж үзэх юм бол,

Нийт үргүйдлийн шалтгааны 40 хувь нь эрэгтэй, 40 хувь нь эмэгтэй, үлдсэн 20 хувьд нь шалтгааныг тодорхойлох боломжгүй байдаг.

Эрэгтэй үргүйдэл нь олон шалтгаантай. Олон улсад хийгдсэн судалгаа, Монголд хийгдсэн судалгаа ерөнхийдөө ойролцоо. Манайд хийгдсэн судалгаагаар халдвар болон гэмтлийн шалтгаант эрэгтэй үргүйдэл тэргүүлэх байрыг эзэлж байна гэж гарсан.

  • Халдварын шалтгаан гэдэгт бэлгийн замын халдварууд, гахай хавдар зэрэг бусад халдвар үүсгэгч, үрэвслийн шалтгаанууд ордог. Энэ нь олон улсад ч ялгаагүй тэргүүлэх шалтгаан болж байна. Гэмтэл халдвар зэрэг нь бүгд цаанаа нэг шалтгаанаар үргүйдэлд хүргэдэг. Тодруулбал, үрэвсэл болон эр бэлгийн эс дамждаг нарийхан суваг үрэвслийн улмаас сорвижиж гэмтсэнээр эр бэлгийн эсгүй болох, бага зэргийн үрэвсэлтэй үед эр бэлгийн эс гарахдаа гэмтэж тоо толгой нь буурдаг.

Ихэнх тохиолдолд бага насандаа төмсгийн гэмтэл авч байсан, зодолдох, цохиулах, юмнаас унасан зэрэг тохиолдолд үргүйдэлтэй байх магадлал өндөр.

Тухайн үедээ ямар нэгэн байдлаар төмсөг хавдаж байсан гэдгээ өөрөө мэдэж байгаа үед ихэнхдээ эр бэлгийн чанар өөрчлөлттэй байх, эрэгтэй үргүйдэлтэй байхтай шууд холбоотой.

  • Төрөлхийн буюу удамшлын шалтгаант үргүйдэл бас байдаг. Зарим тохиолдолд төрөлхийн гаж хөгжилтэй холбоотой, гэхдээ маш бага хувийг эзэлдэг.
  • Бусад үргүйдлийн шалтгаанд төмсгийн судасны үрэвсэл, түрүү булчирхай, урологийн шалтгаант үргүйдэл байж болно.

Шалтгаанаас гадна, эр бэлгийн эсийн чанар буурахад нөлөөлөх хүчин зүйл байдаг. Үүнд,

Тамхидалт, таргалалт, архаг хууч өвчин, даралт ихсэлт, чихрийн шижин, B, C вирусийн идэвхжилт нь эр бэлгийн эсийн үзүүлэлт буурахад нөлөөлдөг.

Сүүлийн үед цөөн тохиолддог боловч нэмэгдэх хандлагатай байгаа нэг хүчин зүйл нь фитнессээр хичээллэдэг хүмүүс анаболик стероид тестостероны бэлдмэл гээд булчингийн масс нэмэх зорилготой бэлдмэлүүдийг дунджаар 3-4 сарын хугацаанд замбараагүй хэрэглэхэд эр бэлгийн эсийн чанар буурах, үргүйдэлд хүргэж байна.
35 хүртэлх насныхан нэг жилийн хугацаанд хүүхэдтэй болохгүй байгаа бол, 35-40 насанд 6 сарын хугацаанд, 40 наснаас дээш хүүхэдтэй болохоор шийдсэн үедээ шууд үзүүлэх шаардлагатай буюу үргүйдэлтэй байх магадлалтай гэж үздэг.

Эрэгтэй эмэгтэй хамт үзүүлэх ёстой. Эрэгтэй нь түрүүлж үзүүлэх нь санхүүгийн хувьд ач холбогдолтой. Үрийн шингэний шинжилгээгээр эрэгтэй талаас шалтгаан байгаа эсэхийг төвөггүй үзэх боломжтой. Ихэнхдээ жирэмсэн болохгүй байгаа үед эмэгтэйчүүд нь түрүүлээд жил орчим эмнэлгээр явж олон шинжилгээ өгч цаг хугацаа алдаж явсаар сүүлд нь эрэгтэйгээ үзүүлдэг хандлагатай. Тиймээс хосууд маань хамтдаа үзүүлж, оношлуулах хэрэгтэйг дахин зөвлөе.

Үргүйдлийн эмчилгээг олон улсын түвшинд хийж байна

Монголд үргүйдлийн эмчилгээг олон улсын түвшинд хийж байгаа. Үргүйдлийн шалтгаан, эр бэлгийн эсийн чанар муудах, байхгүй байх гээд тодорхой түвшинд эмчилгээнүүд нь өөр өөр байдаг. Чанарын өөрчлөлтэй бол эмийн эмчилгээгээр чанарыг нь сайжруулна. Хөдөлгөөн багатай байвал цацлага эмчилгээ ч юм уу эр бэлгийн эсийн хөдөлгөөн суларсан үед туулах замыг нь богиносгодог эмчилгээ хийнэ. Цаашлаад цөөн эстэй, эс байхгүй тохиолдолд үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийдэг.

Мөн эр бэлгийн эс үрийн шингэнд байхгүй тохиолдолд мэс ажилбараар төмсгөөс эс авдаг. Зүслэг хийж эр бэлгийн эсийн эдийг авч лабораторид хөлдөөж хадгалаад дараа нь гэсгээж үр шилжүүлэн суулгах замаар жирэмслэх боломжтой. Эр бэлгийн эсийг янз бүрийн шалтгаанаар хадгалуулж болно. Хуульд зааснаар нөхөн үржихүйн нас дуусах хүртэл буюу 50 нас хүртэл үр шилжүүлэн суулгах замаар хүүхэдтэй болох боломжтой учраас тэр хүртэл эсээ хадгалуулах боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.