Гэр бүлийн сэтгэл зүйчийн хосуудад өгөх 4 зөвлөгөө

Сэтгэл зүйчид хандаж буй ихэнх хүний зөвлөгөө авахыг хүссэн асуудал хосын харилцаанаас үүдэлтэй байдаг тухай сэтгэл судлаачид нэлээдгүй ярьдаг. Тэс өөр хоёр хүн учирч, хамт амьдрахад маш их тэвчээр, харилцан хүндлэл шаардах нь ойлгомжтой.

Хосуудад хамгийн тулгамддаг, үл ойлголцол үүсгэдэг, цаашлаад салалтанд хүргэдэг бэрхшээлүүдэд бие биенээ шүүмжлэх, буруутгах, ярилцахын оронд хэдэрлэх, эсвэл ярилцахаас татгалзаж дуугаа хураах гэхчлэн асуудлууд багтдаг байна. Эдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар гэр бүлийн сэтгэл зүйч, гэрлэлтийн тогтвортой байдал судлаач Жон Готман дараах 4 зөвлөгөөг өгчээ.

1. Бие биенээ шүүмжлэх

Аливаа зүйлийн талаар санал сэтгэгдлээ илэрхийлэх, бусдын дайрч давшлах хоёрт асар их ялгаа бий. Ихэнх тохиолдолд бид хамтрагчаа шүүмжлэхдээ тэдний алдаа дутагдал, өө сэвийг тод томруунаар хэлж, тухайн хүнийг ичиж гэмштэл нь хатуу ханддаг. Ингэснээр түүнийг дорд үзэж, гутаах, өөрөөс чинь дорд хүн мэт сэтгэгдэл төртөл харилцаж буйгаа тэр бүр анзаардаггүй. Хэрэв та түүнд ямар нэг шүүмж хэлэх гэж буй бол эхлээд сайн сайхан чанарыг нь өөртөө болон түүнд дурдаж, сануулаарай. Алдаа дутагдлынх нь тухай ярих гэж байвал эерэг өнгөөр ярихыг хичээж, гаргасан үйлдэл нь чамд хэрхэн нөлөөлснийг тайван тайлбарлаарай.

2. Уурандаа таагүй үгс хэлэх

Хэрэв та түүнийг ямар нэг нэр хочоор дуудаж, шоолж, доромж үгээр харилцдаг бол энэ нь үгээр үйлдэх сэтгэл санааны хүчирхийлэлд багтдаг юм шүү. Хахир өнгөөр ярьж, бүдүүлэг үг хэрэглэх нь хосын харилцаанд маш том сэв суулгадаг. Ямар ч хүн өөртэй нь бүдүүлэг харилцахыг тэвчих ёсгүй. Хайртай хүнээ хүндэлж, тэдний бодол санааг анхаарч буйгаа харуулах нь хамт байхын утга учир шүү дээ.

3. Биеэ өмөөрөх

Ямарваа нэг асуудал үүсэхэд та л ганцаараа хохирогч мэт аашилж, түүнд бурууг тохох үзэгдэл олон гарч буй юм биш биз? Алив асуудал хэзээ ч нэг л хүний буруугаас үүсдэггүй. Ялангуяа хосын харилцаанд. Хэрэв та үүссэн нөхцөл байдалдаа хариуцлага хүлээхээс татгалзаж, хамтрагчаа “муу хүн” болгох гээд байдаг бол хэтэрхий биеэ өмгөөлдөг хүн байж магад юм. Ингэснээр та түүний мэдрэмжүүдийг үгүйсгэж, хянаж, манипуляц хийх гэж оролдож байна гэсэн үг. Өөрийгөө өмөөрдөг хүн байнга ямар нэг шалтгаан хайж, өөрийн бурууг хүлээдэггүй. Гэтэл алдаж, буруудаж, түүнээ хүлээн зөвшөөрч, алдаанаасаа суралцаж урагш явах нь хүний хөгжлийн суурь шүү дээ.

4. Дуугаа хурааж, хамтрагчаа үл хайхрах

Юу ч хэлэхгүй суух нь ямар нэг таагүй зүйл хэлсэнтэй яг ижил хортой байдаг. Тэр тантай ярилцах гэж хичээж байхад чулуун хана шиг хүйтэн царайлж, түүний ярьж буй бүхнийг огт сонсохгүй байх нь харилцааны хамгийн хүйтэн хэлбэр. Үүнд завгүй мэт дүр эсгэн өөр юм хийх, өөр өрөөнд орж хаалгаа хаах, нүүрээ буруулан эргэж нуруугаа харуулах, эсвэл зүгээр л юу ч дуугарахгүй байх гээд олон төрөл бий. Энэ бол үл хүндлэлийн бас нэг хэлбэр шүү дээ. Ингэхийн оронд түүний юу хэлэх гэснийг анхааралтай таслалгүй сонс. Үл тоосноор хэн ч, хэзээ ч, ямар ч асуудлыг шийдэж байсан түүх байхгүй. Хэчнээн ууртай, сэтгэл дундуур байсан ч харилцах аргаа яаж ийгээд ол. Хайр гээч зүйл чинь үүний төлөө л байдаг.

Эх сурвалж: Higher perspective

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.