Оройтож гэрлэх нь нас богиносгох, эрт зөнөх шалтгаан болдог…

Тэнэгрэл болон зөнөгрөлөөс сэргийлэх боломжийн асуудалд

Амьд биет бүхэн (амьтан, ургамал) эсүүдээс бүтдэг. Хүний эрхтэн нэг бүр (булчин, яс, уураг тархи) өвөрмөц эсүүдтэй. Ихэнх эрхтний эсүүд нөхөн сэргээгдэж, шинэчлэгдэж байдаг бол уураг тархины эсүүд (мэдрэлийн эсүүд) үхсээр, хорогдсоор дуусдаг. Үхэх, хорогдох явц нь зохисгүй нөлөөнөөс л үүдэлтэй.

Мэдрэлийн эсүүд үхэх, цөөрөх хэрээр хүний оюун ухаан мууддаг. Хүний тэнэгрэл, зөнөглөх гажиг нь мэдрэлийн эсүүдийн тоо хэмжээ, хоорондын нь холбоо, сүлжээ, харилцаанаас, эсүүдийн нь хоорондоо холбогдох сэртэнгүүдийн өтгөрөл болон сийрэгжилтээс хатуу хамааралтай. Ингэхлээр хүн залуу, хөгшин аль ямар ч насандаа тэнэгрэл, зөнөгрөлд орж болох ажээ. Чухам иймийн учир идэр залуугаараа тэнэгрэлд автсан хүн ч байдаг, мөн зуу шахам настай хэдий ч саруул ухаантай хөгшид ч байдаг.

Судлаачдын олж тогтоосноор сөрөг нөхцөл нь бүрдэх аваас хүн амын 45 хүртэлх хувь (хөгшин, залуу) тэнэгрэх, зөнөглөх магадлалтай ажээ. Хэрвээ сөрөг хүчин зүйлүүд, сөрөг нөхцөлийг нь бууруулах, багасгах аваас энэ 45 хувь хэд ч болж буурч болох гэнэ. Сөрөг хүчин зүйлүүдээс голлох хорлолтой нь юуны өмнө архи, тамхины хэрэглээ, холестерины өндөр түвшин, хөдөлгөөний дутагдал, боловсролын нам түвшин, таргалалт, сахарын шижин, агаарын бохирдолт, хараа болон сонсголын муудалт, цусны даралт ихсэлт, тархины бэртэлт, ганцаардалт, сэтгэлээр уналт юм байна.

Залуучуудын 5 хүртэлх хувь нь мэдлэг, боловсролын хэтэрхий нам түвшнээс шалтгаалж, харин дунд насныхны 7 хувь нь дүлийрлээс, мөн 7 хувь нь холестерины өндөр түвшнээс, 3 хувь нь сэтгэл гутралаас, 3 хувь нь уураг тархины бэртлээс, 2 хувь нь хөдөлгөөний дутагдлаас, 2 хувь нь сахарын шижингээс, 2 хувь нь утаат тамхинаас, 2 хувь нь цусны даралт ихсэлтээс, 2 хувь нь таргалалтаас, 2 хувь нь архидалтаас болж тэнэгрэл, зөнөгрөлд автдаг байна.

Харин хөгшдийн 5 хувь нь ганцаардлаас, 3 хувь нь агаарын бохирдлоос, 2 хувь нь сохорсноос болж эрт зөнөдөг гэнэ. Энэ бүхнээс болж нийлбэр дүнгээрээ нэг үеийн хүмүүсийн 45 хүртэлх хувь нь тэнэгрэл болон зөнөгрөлд автах магадлалтай ажээ.

Хүн гэдэг амьтан идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлэх хэрээрээ, шинэ зүйлд суралцах хэрээрээ, аль болох олон хүнтэй харилцах хэрээрээ, инээх, дуулах, бүжиглэх, гар урлал хийх (зурах, сийлэх, оёх хатгах, гоёл чимэглэлийн зүйлс урлах г.м) хэрээрээ, мөн аялах, зугаалах хэрээрээ зөнөгрөл, тэнэглэлд автахаас сэргийлдэг байна. Чингэж эр, эм, хөгшин, залуу хэн боловч аливаад идэвхтэй, зөв, хүмүүнлэг, оюунлаг, соёлжингуй болж чадах аваас л урт насалдаг, эрүүл амьдардаг, саруул ухаантай янзаараа л зуу гаруй насалдаг ажээ. Энэ бол сүүлийн гурван жилд судлаачдын олж тогтоосон мэдлэг, мэдээлэл юм шүү.

Олон хүнтэй танил тал, холбоо харилцаатай байдаг, гар урлал эрхэлдэг, ном судар их уншдаг, хөгжилтэй ааш авиртай хүн зөнөх нь бага, 90 гарсан насандаа ч оюун ухаан нь саруулхан байдаг нь ажиглалтаар, мөн тусгайлсан судалгаагаар нотлогджээ.

Монголчууд бидний хувьд ч гэсэн байдал мөн л адилхан болохыг олон ахмад хүмүүстэй харьцаж ирсний хувьд би ч мөн л тэгж хэлэх байна. Надаас 20-30 насаар ах байсан танилуудаас минь өмнө дурдсан болзолд яг таг нийцэх хүмүүс л 90 гартлаа ер зөнөсөн шинжгүй байсаар хорвоог орхисон юм. Тэд надтай яг 50-60 настны адил л ухаалаг, тод, цэгц ярилцдаг байж билээ. Тэдний хэн нь ч ном сонин уншихаа ер орхиогүй, нийтэч, хөгжилтэй ааш авираа ч ер гээгээгүй, хошигносоор, инээсээр, инээлгэсээр л байсан даа…

Бусдыг гүтгэх, хараах, зүхэх, худал хэлэх, хулгай хийх, авлига авах, өгөх, хэтэрхий шунах зэрэг нь түгшүүрт автах, стресст орох, нойргүйдэх зэргээр “Санаа муут яван хатдаг”, “Хараал хар толгойндоо эргэж тусдаг”, “Шунал ихэдвэл шулам болдог” гэхчилэн ард олны цэцэлж ирсний дагуу тэнэгрэл болон зөнөгрөлд автах нөхцөл болдог нь ч мөн батлагджээ. Сэтгэл судлалын шинжлэх ухаан статистик тоо баримтаар энэнийг нотолжээ. “Гэнэт их идэх гэдсэнд халтай, гэнэт их баяжих (буруу аргаар) аминд цөвтэй” хэмээн өвгөд маань буруу замаар баяжихыг их эртнээс цээрлэж байжээ. Хулгай, худал нь илчлэгдэх, авлига, луйвар нь баригдах, шүүх, цагдаа, прокурорт, авлигатай тэмцэх газарт байцаагдах, хөрөнгөө хураалгах, нэр нүүрээ хийх газаргүй болох зэргээс эмээж, түгшиж, нойргүйдэж, айж цочиж амьдрах нь яаж ч хар мөргүй байх билээ… Бусдад хоргүй, өөртөө зэмгүй, нүүр бардам явж байхын ач холбогдол, сайн үр дагавар гэж байнаа! Буруу арга, замаар хөрөнгөжсөн хүмүүс, тэр дундаас миний зарим танил өдөр шөнөгүй түгшүүрт автсаар эрт нас барцгаалаа.

Тэнэгрэл болон зөнөглөлийн асуудалд ХХ зууны эцэс, XXI зууны эхээр л судлаачид илүү их анхаарах болов. Энэ нь ч цаанаа бодит шалтгаантай. XIX зууныг хүртэл хүний дэлхийн дундаж нас 40-50 байсан үед тэнэгрэл, зөнөглөл анхаарал татах нь мэдээжээр бага байжээ. Шинжлэх ухаан хөгжиж бактери, вирусын эсрэг эм, вакцин бэлдэж чадсанаар хүний дэлхийн дундаж нас бараг хоёр дахин уртассан нь тэнэгрэл, зөнөгрөлтэй тэмцэх асуудлыг чухалчлахад хүргэсэн байна. Хүн төрөлхтөн зүй бусын тансаглалд ихээр автах, илүүдэл жинтэй болох, амьдрах орчин нь бохирдолд нэрвэгдсэнээр ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад тэнэгрэлийн аюул ихэссэн ажээ.

Дахин давтан боловсруулж, давсалж, амтлагч болон өнгө оруулагч нэмж, лаазалж консервласан махан бүтээгдэхүүн, сахар их хэмжээгээр нэмсэн варенье, жигнэмэг, чихэр, хийжүүлсэн ундаа, нүүрс ус ихээр агуулсан, тослог ихтэй гурилан бүтээгдэхүүн зэрэг нь бүх насны хүмүүсийг илүүдэл жинтэй болгосоор байна. Хүмүүс одоо давснаас, сахараас, дээд гурилаар хийсэн олон амттанаас татгалзах хэрэгтэй болов. Таргалалт, зүрх судасны өвчин, инсульт, инфарктаас сэргийлэх нь эдүгээ цагийн тэргүүн шаардлага болчихлоо.

Дээр тоочсон 14 шалтгааны голлох 5-6 шалтгаан нь бараг л монгол эр хүн бүрд байх болов. Тамхи, архи, таргалалт, цусны даралт ихсэлт, холестерины өндөр түвшин, хөдөлгөөний дутагдал гэхэд л 40-60 насны эрчүүдэд байж л байгаа шүү дээ. Илүүдэл жин, хэт таргалалт нь 10 гаруй төрлийн хорт хавдрын шалтгаан болдог нь ч тогтоогджээ.

Зөнөхгүй байхад тусалдаг ажил, мэргэжил гэж бас байнаа. Энд юуны өмнө эмч, багшийн ажил ордог. Эмч, багш хоёр мэргэжлийн чиглэлүүдээрээ тасралтгүй суралцаж, шинэ мэдлэг, зөв мэдээлэл олж авч байдаг. Бас тасралтгүй хөдөлж явж байдаг. Мөн олон хүнтэй харилцаж, олон хүний үг сонсож, ганцаардал болон сэтгэлээр унахаас харьцангуй хол байж чаддаг.

Жирийн хүний, ердийн амьдралын уламжлалт хэлбэр, жишгээр амьдрах нь ч урт наслах, эрүүл байхын үндэс юм байна. Гэрлэх, үр хүүхэдтэй болох, ясан болон цусан төрлийн хүмүүстэйгээ ойр дотно байх, ахмадуудаасаа суралцах, анд нөхөд олонтой байх, хүнээс бэлэг авч баярлахаасаа илүүтэйгээр бусдад бэлэг өгч, тус хүргэж баярлах нь ч онц чухал гэнэ. Хүмүүсийн хоорондын харилцааны шүтэн барилдлагын учир, утга, нөлөө, ач холбогдол гэж бас байдаг ажээ…

Оройтож гэрлэх, хань ижлээсээ эрт хагацах, зожигрох, сэтгэл санаагаар унах, зөвхөн амин хувиа хичээж явцуурах зэрэг нь ч хүний насыг богиносгох, эрт зөнөхийн шалтгаан болдог гэнэ.

90 хүрч, гарч наслах нь ердийн шахуу зүйл болчихсон эдүгээ цагт ухаалаг, зөвхөн л шинжлэх ухааны үнэн мэдлэг, зөв мэдээлэлд тулгуурлан ажиллаж амьдрах нь хот, хөдөөгүй л хүсэх, сахих зүйл, иргэн хүний журамт үүрэг, хувь иргэний хариуцлага болоод байна.

Манай иргэдийн, тэр дундаас эрэгтэйчүүдийн боловсролын түвшин ихэнхийнх нь хувьд ихэд доошиллоо. Энэ нь алсдаа тэнэгрэл, зөнөглөлийн нэг том шалтгаан (нэмээд архи, тамхи, таргалалт, хөдөлгөөний дутагдал, цусны даралт) болох магадлалтай. Тэд мухар сүсэгт автах нь ч ихэсчээ. Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн гол аюул нь хэт таргалалт болчихлоо. Нэмээд бага насны хүүхдүүд дээд гурилаар хийсэн элдэв амттанаас (торт, чихэр, печенье, зайрмаг г.м) болж мөн илүүдэл жинтэй болсоор байна. Сахар их орсон, давстай, өнгө оруулагч нэмсэн ундааны төрөл, зүйл хяналтгүй ихэслээ. Энэ бол тун ч муу үр дагавартай.

Судлаач, профессор Д.Чулуунжав

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.