Мөрдөгч 11 настай хүүхдээс хэдэн удаа, хаана, ямар хугацаанд хүчиндүүлж байсныг асуужээ

Бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэргийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа харамсалтай нөхцөл байдлын мэдээг ХЭҮК-оос мэдээллээ.

Угтаа бол хүүхдүүд дарамт, мөлжлөг, үл хайхрах хүчирхийллээс ямагт ангид, эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхтэй. Гэвч Монгол Улсад уг эрх зөрчигдөх нь битгий хэл, анхаарч хандах хүн үлдсэнгүй.

Тэр тусмаа төрийн ордонд сууж байгаа хүмүүс уг асуудлыг үл тоож байгаа нь харамсалтай. Магадгүй УИХ-ын гишүүд, Засгийн эрх баригчдад энэ мэдээлэл хүрдэггүй учраас өнөөдрийг хүртэл тодорхой ахиц дэвшил гараагүй ч байж магадгүй юм.

Гэтэл бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг 2018 оноос огцом өсжээ.

Энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн хүүхдүүдэд онцгой мэдрэмжтэй хандах ёстой бөгөөд уг гэмт хэргийг шийдвэрлэхэд нарийн ур чадвар шаардлагатай байдаг аж.

Насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн улмаас сүүлийн 5 жилд 1553 эмэгтэй, 77 эрэгтэй хүүхэд өртөж хохирсон байна.

Харамсалтай нь өнгөрсөн онд хүчингийн гэмт хэргийн улмаас 10-14 насны 23 хүүхэд үр хөндүүлж, 69 хүүхэд төржээ. Сүүлийн 5 жилийн байдлаар уг гэмт хэргийн улмаас нийт 10-14 насны 313 хүүхэд үр хөндүүлж, төрcөн байж болзошгүй байна.

Уг гэмт хэргийн нөхцөл байдал, шийдвэрлэлтийг ХЭҮК-оос дүн шинжилгээ хийжээ.

“Манай улсын цагдаа, прокурор бусад байгууллагын хийсэн энэ төрлийн гэмт хэргийн статистик тоон мэдээ зөрүүтэй байдаг. Бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг нь өөр төрлийн гэмт хэргээс онцлог.

Учир нь хохирогч хүчирхийллийн улмаас сэтгэцийн хүнд гэмтэл авч, хэвийн бус болсон байдаг. Ялангуяа хохирогч хүүхэд сэтгэцэд учирсан гэмтлийн улмаас өөрт учраад байгаа нөхцөл байдлыг зөв үнэлэх чадваргүй болдог. Гэтэл Цагдаагийн байгууллагын нийгэмд тогтсон харилцааны буруу хэв маягаас болж айх, хуулийн байгууллагад хандахаас зайлсхийж байхыг үгүйсгэхгүй гэж ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан хэлэв.

“МӨРДӨГЧ ХОХИРОГЧИЙГ БУРУУТГАСАН, ҮЛ ИТГЭСЭН БАЙР СУУРИНААС ХАНДАХГҮЙ, СЭТГЭЛ САНААГ НЬ ОЙЛГОЖ АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ”

Тэрээр “Энэ төрлийн гэмт хэргийг шалгахдаа хохирогчоос олон дахин мэдүүлэг авч байна. Нэг хэрэг дээр ажиллаж байсан мөрдөгч, прокурор солигддог, ижил хүйсийн мөрдөгч оролцуулдаггүй, хууль сануулж байна.

7 настай хүүхдээс гурван цагийн турш мэдүүлэг авсан эрүүдэн шүүлт болох үндэслэл болж байгаа юм. Олон улсын туршлагад 14-оос доош настай хүүхдээс мэдүүлэг авах хугацааг 45 минут байх ёстой гэж үздэг. Мөн ярилцах замаар мэдүүлэг авах ёстой. Гэтэл манай улсад хүүхдэд ээлтэй биш, залхаан цээрлүүлэх шинжтэй мэдүүлэг авч байна.

Хохирогч хүүхдэд хууль хүчнийхэн ямар ч хэрэггүй сүр хүчийг харуулж, айлгах нөхцөлийг бүрдүүлж байна.

Мөн мэдүүлэг авч байгаа мөрдөгчийн 75 хувь нь эрэгтэй хүйстэй байна. Гэтэл хохирогч хүүхэд өөрт тохиолдсон таагүй зүйлсээ эсрэг хүйсийнхээ хүнд байн байн давтан ярих шаардлага үүсэж байгаа юм. Энэ нь нөгөө хүүхдийг залхаах, сэтгэл зүйн гэмтлийг сэдрээх эрсдэлтэй.

Мөн 2 цагийн турш 22 асуулт асууж байгаа юм. Энэ бол тухайн хүүхдэд асар их дарамт үзүүлж байгаа хэрэг.

  • 7 настай хохирогч хүүхдээс “Эгчийн дүү б**в гэж юу юм бэ?, урьд өмнө нь б**в харж байсан уу? гэж асуусан байна.
  • 13 настай хүүхдээс “Чамайг хүчирхийлж байхад чиний бэлэг эрхтэн хэр их өвдсөн бэ, өмнө нь өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байсан уу?
  • 11 настай хүүхдээс Ямар хэргийн улмаас хэрхэн хохирсон талаар үнэн зөвөөр тодорхой ярина уу. Хэдэн удаа, хаана, хэдий хугацаанд, хүч хэрэглэж хүчиндэж байсан вэ? гэж асуусан байна.

Мөн эдгээр хүүхдэд эрх үүргийг нь байнга сануулсан байна. Энэ бол ямар ч хэрэггүй сүр хүчийг хүүхдэд харуулж, хүүхдийг айлгах нөхцөлийг бүрдүүлж байна. Үндсэндээ хохирогч хүүхэдтэй харьцахдаа хүнлэг, мэдрэмжтэй байх гэдэг ойлголт байхгүй байна.
Тиймээс хүүхэд хохирсон бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа олон дахин дуудах явдлаас аль болох зайлсхийж, нэг удаа чанартай мөрдөн шалгах ажиллагаа явуулах гэсэн зарчмаар ажиллах хэрэгтэй.

Түүнчлэн сэтгэл санааг нь ойлгох, хохирогчийг буруутгасан, үл итгэсэн байр сууринаас хандахгүй байх, хүүхдээс мэдүүлэг авахдаа түүний нас, сэтгэхүйн онцлогт тохируулан асуултаа бэлтгэх шаардлагатай байна.

“ХОХИРОГЧ ХҮҮХДИЙН НАС БИЕ СЭТГЭХҮЙД ТОХИРСОН МЭДҮҮЛЭГ АВАХ ӨРӨӨ БАЙДАГГҮЙ”

Улсын хэмжээнд мэдүүлэг авах шаардлага хангасан буюу прокурор зөвшөөрөл олгосон нийт 565 өрөө байгаа ба үүнээс 49 буюу 8 хувь нь насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөө байна. Гэвч тус өрөөнүүдийг хүүхэд нас, бие, сэтгэхүйд тохируулан тохижуулаагүй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт ”Шүүх, прокурор, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байна” гэж заасан боловч шүүх, цагдаа, прокурорын байгууллагын барилга нь орчны хүртээмжтэй байдлын стандарт хангахгүй байна.

Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хохирогч хүүхэд бусдын адил төрийн үйлчилгээг хүртээмжтэйгээр авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа аж.

Тэгвэл уг асуудал, хэрэгтэй холбогдуулан ХЭҮК 24 дэхь илтгэлдээ дараах санал зөвлөмжүүдийг тусгажээ.

  • Хүүхдийн эсрэг гэмт хэргийн талаарх судалгаа, статистикийг нарийвчлан гаргах;
  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхэд заавал өмгөөлөгчтэй оролцох эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хангах;
  • Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, тэр дундаа сэтгэл санааны хохиролыг нөхөн төлбөр олгох сангаас олгох талаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах;
  • Бэлгийн хүчирхийллийн хохирогчдод зориулсан хохирогч төвтэй нөхөн сэргээх бүтцийг боловсронгуй болгож, хүний нөөцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн оролцоог оновчтой зохицуулах журам боловсруулах;
  • Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хамтарсан багуудын уялдаа холбоог сайжруулж, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ.

SOURCE: gogo.mn

1 Comment

  1. Zkkaosk says:

    Tegeed mergejliin huuhdiin setgetsiin emchte hamt asuulda , herev asuuudag bol hohirogch huuhdees oopoos n , minii dvv eregte setgelzuichte yrihu emegte setgelzuichte yrihuu geed songolt ogvol alind n itgej bolxoo ter huuhed songonshde manaihan aimar shuud emegtee l bol emegte setgelzuich geed hucheer oruuldagaa bas bodoh l heregte

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.