Урт хугацааны 1500 дурлалт хосын зөвлөж буй жаргалтай, эрүүл үерхлийн 12 зөвлөгөө

“Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” номын зохиолч, чөлөөт нийтлэлч Марк Мэнсон өөрийн цахим сайтдаа аз жаргалтай, эрүүл харилцааг тогтоон, урт хугацааны үерхлийг бүтээж буй 1500 хосоос судалгаа авч, хамгийн түгээмэл давтагдсан аз жаргалтай үерхлийн 12 зөвлөгөөг нийтэлжээ.

1. “Зөв” шалтгаанаар хамтдаа бай

Өөр хүн үгүй, ганцаардсан, өөр хэн ч түүн шиг чамайг хайрлахгүй гэж цөхөрсөн, олон жилийг хамтдаа өнгөрөөсөн, хамгийн аюулгүй харилцаа нь энэ учраас, харилцаандаа дэндүү их хичээл зүтгэл гаргасан нь хайран учраас гэх мэт шалтгаанаар хамт байх хэрэггүй. Эдгээрийг мартаад зүрх сэтгэлээсээ, ухамсартайгаар “хайртай” гэх ганцхан шалтгаан л та хоёрт хэрэгтэй. Ганцаардсан учраас хэн нэгэнтэй хамт байхыг хүссэндээ бус ганцаараа ч аз жаргалтай байж болох ч түүнтэй илүү аз жаргалтай байж чадах бол үерхлээ үргэлжлүүлээрэй. Ийм л энгийн.

Хосуудын ирүүлсэн зөвлөгөөнөөс анзаарвал ихэнх нь хоёр, гурав дахь удаагаа гэрлэж байж л өмнө нь юун дээр алдсанаа ойлгосон байлаа. “Буруу шалтгаанаар хамт байсан”. Хайрлах хүнтэй л байвал бүх асуудал үлгэрийн мэт шийдэгдэнэ гэж итгэх нь өрөөсгөл ажээ.

2. Үерхэл, романс, хайрын тал дээр бодит хүлээлттэй бай

“Хайр бүх асуудлыг шийднэ гэж итгэх, гэрлэчихвэл л “аз жаргалтай төгсөх” үлгэр амилна гэж хүлээх нь утгагүй. Хайр үргэлж нэгнийхээ өөдөөс инээх бус хамтдаа зовж, хамтдаа шаналах болохыг ойлгоорой. Нэг л өдөр ухаангүй дурлаж байсан хүнээ хараад “Өө энд байсаар л байна уу” гэж залхах ч үе гарна. Хайр үерхэл ч завсарлаж, зай авч, хамгийн сайхнаас хамгийн муухай хүртэл хувирч болохыг ойлгон бодит хүлээлттэй байгаарай.”

Сохор дурлал гэдэг уртдаа нэгээс хоёр жил л үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд нэгнээ танин мэдсэн хоёр хүн алдаа дутагдлыг нь олж хараад хайрлахаа болих сонголттой нүүр тулдаг. Харин жинхэнэ хайр гэдэг насан туршид үргэлжлэх бөгөөд өглөө бүр сэрээд өөр хэнийг ч хайрлах болох ч хайртай хүнээ хайрлах сонголтыг хийсээр байх юм. Зарим өдөр хэцүү, харин зарим нь аз жаргалаар дүүрэн байх болно.

3. Үерхлийн хамгийн чухал зүйл нь итгэл хүндлэл

Үерхэлд хамгийн чухал нь ярилцах, хайрлах, бэлгийн харилцаа таарч тохирох, ижил сонирхолтой байх гэж та бодож байна уу? Бүгд чухал боловч хамгийн чухал нь хүндлэл юм. Хайртай хүнийхээ итгэл хүндлэлийг алдахгүйн тулд хичээх нь хамгийн чухал. Харин нэгэнт итгэлийг нь алдвал харилцаа урт хугацаанд үргэлжилж чадахгүй. 20,30,40 жилийг хамт өнгөрөөсөн хосууд үүнийг л танд зөвлөж байна.

  • Хайртынхаа тухай хэзээ ч бүү муугаар ярь. Түүнийг хүндлэхгүй байна гэдэг өөрийгөө хүндлэхгүй байна гэсэн үг.
  • Нэгнийхээ өөр өөр сонирхол, хобби, харах өнцгийг хүндэл. Үүндээ өөрийн цаг заваа зарцуулах эрх чөлөөг нь түүнд өг.
  • Үерхэлд та хоёр ижил эрх үүрэгтэй гэдгээ сана. Нэг нь аз жаргалгүй л байвал тэр үерхэл аз жаргалгүй үерхэл гэсэн үг.
  • Нууц агуулах хэрэггүй. Нэгнээ хүндэлж л байгаа бол шударга, ил тод, нээлттэй байх нь чухал. Нуусан зүйлс та хоёрыг хөндийрүүлэх болно.

4. Өвтгөм, хэцүү, “эвгүй”, бүх зүйлийн талаар чөлөөтэй ярилцдаг бай

Үерхэл харилцааныхаа болохгүй бүтэхгүй байгаа асуудлыг бид найз нөхөд, бусдад ярьж зөвлөгөө авдаг хэрнээ хоорондоо ярилцдаггүй нь хамгийн том алдаа.

  • Хэрвээ ямар нэг асуудал сэтгэл зовоогоод байвал ярилц. Асуудлыг ярилцахгүй орхих тусам томрох болно. Харин эртхэн ярилцвал нэгэндээ итгэдэг, нуух зүйлгүй гэдгээ бататгах болно.
  • Хүмүүст хэлэхээс ч санаа зовдог, хамгийн эмзэг зүйлийнхээ талаар ч нэгэнтэйгээ ярилцаж чадах нь эрүүл, урт удаан үерхлийн гол тулгуур юм.

5. Эрүүл үерхэл гэдэг эрүүл сэтгэл зүйтэй хоёр хүнээс тогтдог

Хэчнээн хайртай байлаа гээд та хоёр нэгнийхээ сэтгэл зүйн асуудлыг шийдэж чадахгүй. Хамтрагчаа өөрийгөө аз жаргалтай, бүрэн бүтэн болгохыг хүлээж, түүнд түшиж тулах хэрэггүй. Нэгнийхээ төлөө өөрийгөө золиосолж, өөрийгөө алдан байж бүтээсэн үерхэл удаан үргэлжлэхгүй нь лавтай. Түүнийг өөрчлөхийг ч бүү хичээ. Чи энэ хүнийг одоо байгаагаар нь сонгосон, одоо байгаагаар нь хайрласан шүү дээ. Ирээдүйд ч энэ хэвээр нь хайрлаж чадахаа өөрөөсөө асуу.

6. Нэгэндээ орон зай олго

Нэгнээсээ хамааралгүйгээр амьдрах орон зайг нэгэндээ олгох нь чухал. Хамтын зүйлсээсээ гадна өөрийн гэсэн найз, өөрийн гэсэн ажил, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, өөрийн гэсэн өрөөтэй байх нь та хоёрын хэн хэнд нь чухал. Хангалттай хайртай л бол түүнийг хэн байхыг хүсэж буйг нь ойлгож, орон зай олгож чадах болно.

7. Та болон таны хайртай хүн цаг хугацааны явцад төсөөлөмгүй байдлаар өөрчлөгдөх болно. Үүнийг хүлээн зөвшөөр

“Хорин жилийн хамтын амьдралын турш бидний хэн хэнийх нь хүсэл мөрөөдөл, улс төрийн үзэл бодол, үсний өнгө, гадаад төрх ч өөрчлөгдсөн. Гол нь бид нэгэндээ итгэсээр л байсан учраас энэ бүхэн бидэнд асуудал болоогүй” – Дотти

8. Үр дүнтэй маргаан өрнүүлж сур

Үерхэл бол яг л биеийн булчин, зүрх шиг амьсгалж буй амьд зүйл юм. Зүрх цохилж даралт өгөлгүйгээр амьдруулах боломжгүй. Маргана, муудна. Сорилтууд гэрлэлтийг бүтээдэг. Харин бууж өгөх үү, хамтдаа давах уу гэдэг нь таны сонголт.

Үр дүнтэй маргаан өрнүүлэх 5 арга

  1. Хамтрагчаа бус түүний гаргасан үйлдлийг шүүмжил. “Чи тэнэг” гэхийн оронд “Чиний тэгэхэд гаргасан тийм үйлдэл үнэхээр тэнэг байлаа” гэх мэт.
  2. Үзэл бодлоо бататган алдаагаа зөвшөөр. Өөрийн хийсэн үйлдлээ баримтаар батлангаа алдаагаа хүлцэх нь маргааныг бодитой бөгөөд үр дүнтэй болгоно. “Чи сүүлийн гурван уулзалт дээр хоцорсон болохоор би энэ удаа цагаасаа сүүлд гарсан” гэх мэт.
  3. Түүнийг бүү үл тоо. Түүний яриаг сонсолгүй сэтгэл хөдлөлөөр урдаас нь дайрах нь ямар ч үр дүнд хүргэхгүй. Сэтгэлээ тайвшруулаад ярилцаж, ойлгохыг хичээ. Үр дүнд хүрэх болно.
  4. Хана босгох хэрэггүй. Маргаанаас шууд татгалзаж, түүнээс зайгаа барьсаар байвал та хоёрын харилцаа хөндийрнө үү гэхээс үлгэрийн мэт эргэн сэргэнэ гэж үгүй.
  5. Нэг маргааныг шийдвэрлээд хааж сур. Хаатал нь хангалттай ярилцаж ойлголцоогүй маргаан хэсэг хугацааны дараа ахин дахин гарч ирсээр байх болно.

9. Уучилж, мартаж, итгэж сур

Хэлсээр байтал тэр хэлснээс тань өөрөөр хийгээд таны зөв байсан байж таарлаа. Дуугүй л өнгөрчих. Заавал өөрийнхөө зөв байсныг бататгаж сануулаад, дээр нь гарах гэж хичээх хэрэггүй. Тэр таны хайртай хүн шүү дээ. Үерхлийн харилцаанд ялагч, ялагдагч гэж байхгүйг сана.

  • Маргаж дуусаад маргааныг март
  • Оноо бодох хэрэггүй. Аль ч баг хэдэн ч оноогоор энд ялахгүй.
  • Тэр алдаа гаргасан бол ярилцаж, үр дүнтэй маргалдаад мартаж сур. Алдааг нь байн байн сөхсөөр байвал ахин дахин давтагдсаар байх болно.

10. Жижиг зүйлс томыг бүтээдэг

Хайр сэтгэлээ мэдрүүлэх жижигхэн зүйл, жижиг алхам бүр урт удаан, аз жаргалтай харилцааг бүтээдэг. “Би чамд хайртай” гэж хэлэх хэдхэн хором, түүнд анхаарал халамж үзүүлэх бяцхан алхам бүр гайхалтай харилцааны хэсэг болохыг санаарай.

11. Бодит, хэрэгжүүлэхүйц үерхлийн дүрэм тогтоо

Анхнаасаа л дуртай дургүй зүйлсээ ярилцаад тохирчих. Гэрийн ажлаа хувааж хийнэ, нэгнийгээ ядарсан үед маргалгүй тайвшраад ярилцана гэх мэтээр зөвхөн өөрсдийн онцлог, сэтгэл зүй, харилцааны давтагдашгүй байдалдаа тохируулан хэзээ ч эвдэж үл болох цөөн дүрмийг тогтоогоорой.

12. Давлагаагаар аял

“Бид гэрлээд 44 жилийн хугацаанд 4 хүүхэд, 6 ач зээтэй болжээ. Энэ он жилүүдэд бидний нэгнээ гэх хайр сэтгэл ямагт өөрчлөгдөж байсан нь гайхалтай. Өөрчлөлт бүхэн муу байдаггүй. Нэг цаг үед бид галзууртлаа дурлаж, нэг цаг үед уйтгартай ч гэмээр тав тухтайгаар нэгнээ хайрлаж, бид өөрчлөгдөхийн хэрээр хайр минь ч өөрчлөгдөж байлаа” – Крис

Хайр сэтгэлийн давлагаагаар аялж, дурсамжаа хайрлахын зэрэгцээ угтан ирэх ирээдүйг итгэл дүүрэн угтаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.