Сайхан эхнэр, хөөрхөн хүүхдээ гомдоож салсан юм аа. Тэр үед амьдралынхаа үнэ цэнийг ойлгоогүй, юу үнэтэй, юу түр зуурынх гэдгийг ялгах ухаангүй байж. Салаад л хэсэг дураараа амьдрах шиг болсон. Хүссэн хүүхэнтэйгээ уулзаж, эрх чөлөөгөөр халхавчилж, бодитоор бол утгагүй дэмий л цаг хугацааг өнгөрөөсөн.
Тэгж тэнэж явах даа өөрөөсөө 11 насаар дүү нэг хүүхэнтэй дурлалцаад, 3 жил орчим салж нийлж, хэрүүл зодоон, гомдол гутрал дунд зовж тарчилсан. Тэр хооронд миний хүү өсөж, их сургуульд орж, амьдралд хөл тавьж байхад нь би ойр байж тусалж дэмнэх манатай нөгөө хүүхэнтэйгээ хөөцөлдөөд…
Хүүгийнхээ хамгийн хэрэгтэй цаг үед, би бүх л байгаа сэтгэл, итгэл, цагаа нөгөө дүү хүүхэндээ зориулаад, өөрийгөө ч, үр хүүхдээ ч, үнэ цэнэтэй амьдруулаагүй. Тэр хүүхэн боломжийн орлоготой, мөнгөний асуудалд надаас их зүйл нэхээгүй ч, намайг сэтгэл санааны хувьд доош нь хийгээд, байнга алга болчихдог, хэрүүл үүсгэдэг, утсаа салгаад ор сураггүй болчихдог. Би л гуйж, эрж хайж, сэтгэлээр унаж, сүүлдээ өөрийгөө ч танихаа больсон.
Хайрлахаас илүү, эрхлүүлэхийг хүсдэг, хөөрхөн сайхан минь гэж хэлүүлж өөрийгөө мэдрэх гэж л надтай байсан юм шиг санагддаг. Багадаа дутуу хайр мэдэрсэн ч юм уу, нэг тийм эмзэг сэтгэлтэй, бас өөрийгөө гоё болгохын тулд нүүр амаа янзалсан, гадаад байдлаа чамгүй өөрчилсөн хүүхэн байсан. Ёстой л дураа хүрэхээр ирээд, дургүй нь хүрэхээр алга болчихдог хүнтэй амьдарна гэдэг, өөрийгөө бага багаар устгаж байгаа юм шиг хэцүү юм билээ.
Одоо бол би үеийнхээ, амьдралын утга учрыг ойлгодог, халамжтай, ухаалаг, зөөлөн бүсгүйтэй амьдарч байна. Тэр минь хүүтэй минь хүртэл сайхан харилцаатай. Хань болох хүн андашгүй байдаг юм билээ хэрүүл хийгээд алга болох биш хэрэлдэж уурлаад ч болсон дэргэд байж л байдаг. Дүү хүүхэнтэй суугаад өтөл насандаа ганцаараа үлдэж буй хүмүүс эргэн тойронд байна шүү. Нас ахих тусам зөрөлдөөн бүр ихэсдэг шиг. Би ч азаар тэр хүүхнээс салж биеэ татаж авсан даа баярладаг л юм.