ЭГЧ /өгүүллэг/

До.Болдхуяг

Алга болж болж байгаад гэртээ ирээд гурав хоног өрөөнөөсөө ч цухуйлгүй хэвтлээ. Даанч олон хоног заваарч явсан болохоор өнгө зүс засрах яагаа ч үгүй байна. Цагийн сайханд бүтэн сар дампуурлаа ч гурав хоноод л өнгө ордог байсан, одоо ч долоо хоногоос наашгүй болж дээ хөөрхий. Ээж, аавын буянд гайгүй царай зүстэй төрсөн юм болохоор боломжийн юм өмсөж зүүж, будаж шунхдаад явахад гучаас дээш насны дундаж эрчүүлд бол болоод л явчихдаг юм. Өнөөдөр амралтын өдөр юм байлгүй, өдөр Ганбаа ах авгай хүүхэдтэйгээ ирчихсэн байх шиг байсан. Жорлон орох хооронд коридорт тааралдаад үг хэлээгүй ч аймаар муухай харж байна лээ. Муу Сараагаас минь өөр надтай тоож дуугарах хүн ч байхаа больж дээ. Энэ маягаараа бол муу дүү минь ч намайг тоохоо болих байх. Уг нь одоо л өөрийгөө татаж авбал гайгүй хүнтэй суух нас, танаг хоёр байна даа. Ээжийг гуйвал эмнэлэгт хэвтүүлээд өгнө ч гэж байхгүй л байх даа. Гурав хоног гэрээс гараагүй юм чинь Сараа ирвэл надтай дуугарах л ёстой. Цагтаа ажил төрөлтэй, нөхөр сүүдэртэй, тав гурван төгрөгтэй байхдаа харж үздэг байсан болохоор одоохондоо ганц дүү минь нүүр буруулчихаагүй л байна. Ингээд зэсэрч зэсэрч ирэхээр гэр орон мөн ч сайхан, өнгөлөг харагддаг шүү.

Хонх дуугарч байна, Сараа л байгаасаа, дуу нь ч мөн дөө. Муу дүүгээ байгаагүй бол би өдийд яаж явах юм байгаа юм. За хэдэн минут болж байгаад аяндаа орж ирэх байх. Болохгүй бол жорлонд орох гэж байгаа юм болоод эвтэйхэн дуудна даа. Ээж гэж зөнөг авгайтай тааралдвал ахиад хялалзаад, үглээд гай болно. Аавыг амьд байхад арай ч ийм зан гаргадаггүй байсан шиг санагдах юм. Жорлонгийн хаалга дуугарч байна, дараа нь угаалгын өрөөнд орно. Тэгээд гал тогооны өрөөнд орж хоолоо идчихээд л ороод ирэх байх. Сараа ч тамхитай байгаа даа, ээжээс гуйна гэхээр яс хавталзаад байх юм. Болдогсон бол архинаас гараад гайгүй хүнтэй суучихаад муу мантгар хүүгээ өөр дээрээ авах юмсан. Одоо муу хадам авгай хүүг минь өөрийн өмч шигээ санаж байгаа даа. За за бүх юм миний арчаагүйгээс л болсон. Янз бүрийн эрчүүдтэй шоудаад, байн байн гадуур хоноод байхаар ямар аавын хүү тэсэхэв дээ. Муу хүүгээ л өөр дээрээ авах юм сан, даанч мөнгө төгрөгтэй улсыг яаж ч чадахгүй юм даа.

Өө за за, ийм хурдан ороод ирэх байсан юм уу. Энэ чинь одоо яагаад гэм хийсэн юм шиг гилбэлзээд байгаа юм бэ, уг нь “За архичин авгай тэнхэрч байна уу” гээд хор малтдаг сан.

– За юу байна, гадаа хүйтэн байна уу? Яагаад дүлий дүмбэ оргиод байгаа юм бэ?

– Ажаа, яанаа Дэрэм ах нас барчихсан юм шиг байна.

– Айн, үгүй…, үгүй байлгүй дээ. Хэн чамд хэлсэн юм бэ?

– Өглөө намайг автобусны буудал орох гээд 7 дугаар байрны урдуур гарсан чинь танай арван жилийн ангийнхан орцных нь үүдэнд бөөнөөрөө цуглачихсан байсан. Бат-Очир ах, Сугар ах, Цэвлээ эгч, өөр хэн хэн байлаа даа байз. Би юу болсон юм бол, танд дуулгах гээд чадаагүй байх, намайг харчихвал таныг асуугаад унана. Би ямар таныг архидаж алга болж байгаад саяхан ирсэн, царай зүс нь авах юм байхгүй гэж хэлэлтэй биш гэж бодоод бушуухан нүүр буруулаад автобусанд суусан юм. Сая автобуснаас буугаад орцных нь урдуур гарсан чинь майхан барьчихсан, “МИАТ” гэсэн бичигтэй автобус ирчихсэн, ээжийг нь танай ангийн Сугараа ах түшээд орц руу оруулж байна лээ. Дэрэм ах ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг биз дээ, өөр хэн байхав дээ.

– Одоо ээж нь яанаа, би ямар өөдгүй хүн бэ? Юунаас болоод нас барчихав аа. Яаж мэдье дээ байз. Манай ангийнхан асуувал надтай яриулж, уулзуулж ёстой болохгүй шүү.

– Май ажаа, энийг асаагаад татчих. Одоо битгий уйл аа. Би таныг ингэнэ гэж мэдээд сая нэг давхрын дэлгүүрээс хэдэн пиво аваад ирсэн. Таныг дахиад уулгая гэж бодсон юм биш шүү. Зүгээр л ярьж суух гэсэн юм, уучихаад даврахгүй, гарч явахгүй гэж амлавал задлаад хоёулаа жаахан ярьж сууя. Ээж үү, ээж зүгээр ээ. Би сая Дэрэм ахын тухай хэлээд, ажаатай жаахан пиво ууж, ярьж сууна гээд хэлчихсэн. Одоо удахгүй хэвтээд өгөх байх. Ажаа одоо битгий уйл аа, хоёулаа жаахан ярьж сэтгэлээ онгойлгоё.

– Үгүй ээ, би Дэрэмийг яаж гомдоосныг чи мэдэхгүй байна. Ингэнэ гэж даанч санасангүй.

– Юу ярьж байгаан, би мэдэлгүй яадгийм. Би таны оронд байсан бол Дэрэм ахтай дуун дээр нь суухгүй юу гэж үргэлж боддог байсан.

– Үгүй ээ, чи мэдэхгүй байна. Би арваад хоногийн өмнө Дэрэмтэй тааралдаад бүүр аймаар гомдоосон байхгүй юу, арай ч дээ хөөрхий муу Дэрэм. Хүний ганц хүү ш дээ. Аав нь Дэрэмийг эхнэр, хүүхэдтэй болохыг хүлээгээд үзэж чадаагүй, ээж нь бүр аймаар юм үзлээ шүү. Энэ айлын удам тасарчихлаа. Би энэ гэр бүлийг голомтоор нь самарчихлаа ш дээ.

– За за зуун хувь таны буруу гэж юу байхав дээ. Дэрэм ах шиг чадалтай хүн өөр хүнтэй сууж болох л байсан ш дээ. Хорвоогоор нэг нөхөргүй хүүхнүүд байхад.

– Чи мэдэхгүй байна аа, хөөрхий минь надад үнэн голоосоо хайртай байсан юм аа. Даанч би тэр хүнийг үрж хаялаа даа. Хамгийн сүүлд тааралдахдаа надад ямар сайхан сэтгэл гаргасан гээч. Би ч дааж давшгүй нүгэл хийлээ дээ. Наадхаа задалбал задлаа ч дээ. Үзэсгэлэн үзүүлж байгаа биш, харуулаад суугаад байх юм.

– За та тэгвэл даврахгүй шүү. Би таныг бодохоос өр өвдөөд байх юм. Наад нүүр царайгаа хараач, ямар хүүхэн билээ. Над шиг ийм бүдүүн хар юм байгаа биш. Таныг оюутны мисс болоод шуугиулж явахад би төрсөн дүү чинь мөртлөө үхэтлээ атаархаж, ийм ялгаатай төрүүлсэн аав, ээждээ хүртэл гомдоод орондоо уйлдаг байлаа. Аавыгаа дууриаж төрсөн хувь заяатайгаа аль хэдийнээ эвлэрч дээ хөөрхий. Одоо намайг гэдэг хоёрхон л залуу бий. Нэг нь тань шиг амьдралгүй архичин, нөгөө нь нэг муу гуталчин. Гэтэл таныг гоёод гарахад ямар лаг лаг ах нар гүйдэг байлаа даа. Та одоо боль л доо, ийм гоё хүүхэн байж дандаа хамгийн балиар архичидтай нийлэх гэж. Тэгээд нөгөө балиар юмнууд нь зодно, хүчиндэнэ.

– Яасан сайхан хүйтэн пиво бэ. Чи өөрийнхөө зовлонг мэддэг мөртлөө минийхийг төсөөлөх ч үгүй л дээ. За тэр ч яахав, би хамгийн сүүлд Дэрэмийг яаж гомдоосноо ярья. Харин чи үүнийг хэнд ч хэлж болохгүй шүү. Уг нь ийм юм болоогүй бол би өнгө зүс орж байгаад ээжтэй нь уулзах байлаа. Одоо ямар ч арга байхгүй, талийгаач аягүй бол ээждээ бүгдийг яриа биз.

– За ажаа, одоо уйлахаа болио. Ийм гоё хүүхэн байж, архи л уухгүй бол ажил хийхгүй ч байсан танд гялалзсан ирээдүй байгаа ш дээ.

– Санаж байна уу, тэр гэрээс гардаг өдөр Хандаагийн төрсөн өдөр байсныг. Бид хоёр эхлээд тэдний байрны хажуугийн кафед орж баахан зовлон жаргал ярьж, өөр өөрийнхөө хүүхдийг дэргэдээ өсгөх юмсан гэж мөрөөдөв өө. Тэгээд оройхон тийшээ нэлээд халаалттай хоёр амьтан хоёр шил архи бариад гэрт нь орсон юм. Хоёулаа баахан уйлж, дуулав аа. Өглөө үүрээр унтаж байсан чинь дүү нь ээлжнээс бууж ирээд “Архичин авгай минь зайл, гэр орон бузарлалаа” гэж хөөгөөд, би нүүрээ ч угааж чадаагүй тэднийхээс гарсан юм. Дотор гэж най алга, кармаагаа уудлаад үзсэн чинь ямар ч мөнгө байхгүй, энэ хүртэл хоёр буудал алхлаа. Толгой тархи задрах гээд, өвчин хөдлөөд байхаар нь 7 дугаар байрны нөгөө муухай юмнууд дээрээ очлоо. Пүрэвээ ч гэртээ байна, бид хоёр янз бүрийн арга бодож байгаад шараа тайлаад, тэгээд л өдөржингөө юм болохгүй юу. Согтох ч үгүй, эрүүл болох ч үгүй. Хэдүүлээ ганц юм ууж жаахан манараад дараагийн юмыг сэтгэх гэсээр байтал уусан юм гарчихаад. Орой сум Цоожоо нэг юм олж ирээд, гадаа хүйтэн болохоор бид нар Дэрэмээгийн орцонд суугаад уугаад дуусч байсан юм. Лифт зогссоныг бодоход 10 өнгөрсөн байсан байх. Тэгсэн чинь муу Дэрэмээ доороос шал согтуу алхаж ирсэн юм.

– Ажаа битгий уйлаа, май энийг задалчихлаа, уучих. За би тамхи асаагаад өгье.

– Дэрэмээ ухаангүй согтуу ч гэсэн намайг хараад сүйд болж байна. Өмссөн хувцас хунар нь ямар ч гоё юм, нүдний шил нь яасан ч ганган юм. Найз нь чамайг дайлах уу, миний найзад юу хэрэгтэй байна гээд л. Пүрэвээ, Цоожоо хоёр над руу нүд ирмэж байна. Би ч Дэрэмээд өдөржин юм идээгүй, бас юм уумаар байна гэж хэллээ. Дэрэмээ бид хоёр гараад автобусны буудлын хажуугийн пааб руу орлоо. Намайг юу дуртайгаа захиал гэж байна. Би Дэрэмээг архи уух тэнхээгүй байгааг мэдсээр байж литрийн архи, гурван таваг хоол захиаллаа. Новш гэж, муу Пүрэвээ, Цоожоо хоёрыг л бодоод тэгж байгаа ш дээ. Дэрэмээ надтай юм ярих гээд ч ярих чадалгүй боллоо. Намайг уучлана, хайр сэтгэлийнхээ төлөө бүхнийг хийж чадна ч гэх шиг. Үнэн худал нь мэдэгдэхгүй, үгээ ч олигтой хэлж чадахаа байлаа.

– Ажаа, согтохгүй юм байгаа биз дээ? Муу Дэрэмээ ах танд ямар хайртай байлаа. Онгоцны инженер хүн намайг сууя гэсэн бол нүдээ аниад дагаад явахгүй юу. Сүүлд нь сонсохнээ талийгаач хааяа нэг уучихдаг сураг гараад байсан юм.

– Уулаа уулаа гээд маниус шиг уух биш дээ хөөрхий, надаас болж уудаг ч байсан юм билүү. Хүний сэтгэл гэдэг сонин ш дээ. Арван жилд байхаасаа л надад элдэв янзын бэлэг өгөөд, унаж тусна. Харин би хулигаан банди нар сонирхдог байсан. Сүүлд нь Киевийн нисэхийн сургуулийн оюутан болчихоод амралтаараа ирэхэд нь би хүүгийнхээ аавд ухаан алдчихсан байлаа. Жирэмсэн болж, сургуулиа хаяж тэнэгтээд, яаж эргүүтэхээрээ тэгж байсан юм бол доо. Дэрэм сүүлд нь аавын ажил явдлаар ямар их тус боллоо доо. За тэр ч яахав, архи талдаа ч ороогүй байхад Дэрэмээ шүлсээ гоожуулаад намайг дэрлээд хурхирав аа. Паабад байсан хүмүүс бүгд явчихсан. Зөөгч нь бид хоёрыг гар гэж хэлэхгүй ч сонин сонин хараад байсан. Би хоолнуудаа боолгоод, архиа өвөртөө хийгээд Дэрэмийн энгэрийн хармаанаас түрийвчийг нь гаргаад тооцоо хийлээ. Еэ бурхан минь, дүүрэн хорин мянгат. Дэрэм мэдэж байгаа ч юм алга. Алив ахиад нэг пиво задалчих. Чи өөрөө ууж байгаа юм уу?

– Уусан, тантай яг адилхан ууж байна. Тэгээд яасан бэ?

-Яах юу байхав, би өргөөд дийлэхгүй юм чинь. Алгадаж алгадаж жаахан сэргээгээд арай гэж түшээд орц руу нь чирч гулдарч алхлаа. Ашгүй нөгөө хоёр чинь орцны үүдэнд намайг хүлээгээд үлий сахисан сар шиг сууж байна аа. Сум Цоожоо гүйж ирээд нөгөө талаас нь түшлээ, Пүрэвээ савтай хоол, архийг ч авлаа. Зүтгэсээр байгаад найман давхарт гарч гэрийнх нь хаалгыг түшүүлж орхиод үүдийг нь тогшчихоод бушуухан алга боллоо. Бас болоогүй ээ, сум Цоожоо гэдэг юм өгсөж явахдаа нээх гоё том цагийг нь тайлаад авчихаж байгаа юм. Түрийвчинд нь тоолоод үзсэн чинь гурван зуу гаруй мянган төгрөг, бас баахан нэрийн хуудас, Голомтын алтан карт байна. Би тэр хоёрыг дагуулж шөнийн дэлгүүр орж баахан юм аваад, сургуулийн хажуу талын буудалд орж архидлаа. Ёстой солиортлоо ууна гэдэг нь боллоо. Нөгөө хоёр новш чинь согтчихоод намайг зодоод, ороолтоор боож байгаад ээлжилж хүчинддэг байна ш дээ.

– Арай ч дээ, тэр муу новшнуудаа цагдаад бариад өгчихөж болдоггүй юм уу? Би таныг өөдгүй юмнуудтай битгий нийл гэж хэлдэг биз дээ. Танаас өөрөөс чинь болж байгаа ш дээ. Хэн таныг тэд нар дээрээ орооны гичий шиг өөрөө гүйгээд оч гэсэн юм бэ?

– За тэр яахав, дараа нь тэр байтугай юм болсон. Өглөө сэрсэн чинь Сум Цоожоо байдаггүй, талийгаачийн түрийвчинд 40 мянган төгрөг үлдээгээд бусдыг нь аваад мурьчихаж, хар лалар чинь. Би доторх мөнгийг нь авч чадахгүйгээс хойш тэр голомтын карт, түрийвч хоёрыг нь хүнээр өгүүлье гэсэн чинь Пүрэвээ түрийвчийг нь өгөхгүй, энийг нь ав гээд картыг нь шиддэг байгаа даа. Би маргааш орой нь ажлаасаа ирж байхад нь хүнээр өгүүлсэн чинь “Цаадахдаа наад картаа хаячихаарай гэж хэлээрэй” гэж шазруун хэлсэн гэнэ. Би тэрнээс хойш тэдний байр луу зүглэж чаддаггүй. Пүрэвээ бид хоёр өглөөнөөс нь эхэлж ууж маргааш нь орой нь ямар ч мөнгөгүй боллоо. Пүрэвээг дагаад байр луу нь явмаар байдаг, даанч Дэрэмтэй таарвал хачин юм болно биз дээ. Мөнгө дууссандаа ч салсан юм биш, новшнууд хулгайч зангаа гаргаад. Пүрэвээ нэг залуутай нийлж хутга тулган айлгаж байгаад намайг хөгшин өвгөнд зарж цагаар явуулаад өөрсдөө мөнгөөр нь архи ууж дургүй хүргэдэг байна ш дээ.

– Тэд нар арай даварч байна аа. Би маргааш бүгдийг нь цагдаад өгч шоронд хийлгэнэ ээ, харж л байгаарай. Та тэгээд балиар юмнуудтай унтаж хэвтээд элдэв янзын өвчин авбал яана. Гондоом мондоом хэрэглэдэг юм байгаа биз дээ?

– Ямар авч үзээгүй биш яадгийн. Тэд нар үхсэн баасаа хэрэглэдэг юм бэ. Миний биений юм ирчихээд байхад даамсаг аваад өгчихгүй, архи аваад ууж байгаа улсууд. Намайг хүмүүстэй явуулчихаад мөнгөөр нь авсан архинаас надад амсуулаагүй гээд бодчих доо. Тэгэхээр нь дургүй хүрээд төмөр зам орж нөгөө хэдтэйгээ хэд хоног савж байгаад ирлээ.

– Тийм архинаас амсаад ч яадгийн, тэгээд үхсэнээ хийгээд тэд нартай нийлээд байдгийм бэ? Муусайн хулгайчууд арай дэндүү юм. Ажаа би гараад хэдэн шил пиво аваад ирэх үү? Тэрийг уугаад хоёулаа шууд унтана шүү. Маргааш уг нь бүтэн сайн, гэхдээ манайх ажиллана. 12 гээд очиход болох байх.

– Надаас асуух юу байхав дээ. Уг нь нэг хатуу юм авчихвал тээ? Ээж унтчихсан байх шиг байна. Чимээгүй гараарай.

– Архи мархи авахгүй ээ, мөнгө ч хүрэхгүй. Тэгээд хоёулаа шууд унтана шүү.

– За миний дүү, болгоомжтой яваарай. Нэг давхрын дэлгүүр хаасан бол замын хойно хуучин орос байрны булангийн дэлгүүр онгорхой байгаа шүү.

Хөөрхий муу Дэрэм, надад ямар сайн байлаа даа. Өнөөдөр жаахан ууна аа, яадгийн. Тэр хүнийг насаар нь гомдоосон ч хойноос нь гашуудаад жаахан юм балгая байз. Арав төгсдөг жилээ надад ямар гоё гоо сайхны набор авч өглөө. Тэр үед чинь тийм сайхан юм нүдний гэм байлаа. Би бэлгийг нь авсан мөртлөө хүний урманд тэврээд үнсчихээгүй дээ. Хичнээн янзын болсон болоогүй, хөгшин залуу юмнуудтай унтаж хэвтсэн байж муу Дэрэмтэйгээ ганц шөнө хонох нь байтугай, ганц аятайхан тэвэрч үнсээгүй шүү. За даа, хамгийн гол нь би Дэрэмд муудаа биш, өөртөө хайртай хүний ойг гутаачихна гэж ичдэг л байсан юм байх даа. Хөөрхий муу ээж нь л хэцүү байна. Би ингээд нэг насаараа тэднийхээр шагайх нүүргүй боллоо доо. Новш гэж, чаддагсан бол ингэж явахаас үхчих юм сан. Намайг ямар явлаа гээд эд нар гашуудаж сүйд болох биш нэгэн бодлын сэтгэл нь амарч таарна. Хаалга дуугарч байх чинь. Ийм амархан ороод ирэхийг бодоход нэг давхрын дэлгүүр онгорхой л байгаа юм байна даа.

– За яасан миний дүү, хэдэн шил пиво авав. Нэг давхрын дэлгүүр онгорхой байна уу?

– Харин ашгүй тийм байна, за ажаа, хамаг мөнгөө шавхаж пиво авлаа шүү. Арван шилийг авчихлаа. Би нэлээд халчихсан байна шүү, та зүгээр үү?

– Зүгээр зүгээр, муу Дэрэмээг бодохоор л хоолой зангираад байх юм. Цаг хугацааг ухраадаг ч болоосой. Тэгвэл би Дэрэмээтэйгээ суугаад, архи дарснаас хол аз жаргалтай амьдрахгүй юу. Хорвоо даанч санаагаар болохгүй юм даа хөөрхий.

-Ажаа битгий уйл, манай энийг уу. Юу ярьж байгаа юм бэ, ийм гоё хүүхэн байж. Та архиа л больчих, тэгвэл найз нөхөд, мөнгөтэй гоё залуус борооны дараах мөөг шиг энд тэндээс гараад л ирнэ. Сайн явах санааных, сайхан төрөх заяаных гэж ёстой үнэн үг. Тань шиг царай зүс, бие хаатай бол би өдийд тасарчихсан байгаа. За байж бай, би бие засаад ирье. Та бие засахгүй юм уу?

– Чамайг гараад ирэх хооронд би жорлон орчихсон. Хатталаа архи уучихаар шээс ч гэсэн бага хүрэх юм. Харин жаахан пиво уусан чинь шээх шинжтэй.

– Толгой нэлээн манарч байна шүү. Хоёулаа ингэхэд юу ярьж байлаа даа.

– Би харин өнгө зүс гайгүй ч, ухаан муутайгаасаа болоод л ингэж ядарч явна. Бараг мэдээ орсон цагаас л хүмүүс миний гоё сайхныг магтаж, бэлэг сэлтээр дарна. Тэгсээр байгаад багаасаа өөрийгөө хэт мэдэрч, гоёж гангалах дуртай, эд юманд шуналтай болж, толгой эргэсэн байх. Дөнгөж арван тав, зургаа хүрч байгаад ах нар намайг өөр нүдээр харж, гоё гоё бэлэг өгч, үнэтэй ресторанаар дагуулж явна. Бага, багаар архи, пиво ууж сураад өөрийнхөө гоо сайханд дэндүү эрдэж сагсуурч яваад энэ. Би заримдаа амиа хорломоор санагдах юм, даанч ээж, хүү, та гурвыгаа л өрөвдөх юм.

– Ажаа та юу яриад байгаа юм бэ? Шал солиотой юм. Хэрвээ солигдож болдог бол одоо ч гэсэн би тантай солигдоход бэлэн байна. Тань шиг сайхан хүүхэн байтугай би амьдрах итгэлээр дүүрэн байхад. За за ажаа миний нойр хүрээд байна, би жаахан хэвтээдэхье. Та ч гэсэн ингэсгээд унтаарай, наадуулаа бүгдийг нь уух гээд яахав дээ.

– Хэвт хэвт, угаасаа гуравхан шил пиво үлдчихэж, үүнийг уугаад хэвтлээ.

– Ёооё бүр ядарчихаж, хэвтэх чинь ийм гоё билүү.

 Өө зайлуул даа, ийм амархан согтоод унтчих гэж дээ. Жаахан пиво уусан чинь сэтгэл сэргээд, өвчин хөдөлчихлөө. Ингэхэд ер нь Сараагийн цүнхэнд юу байгаа юм бол, тав гурван цаас сожиж үлдээсэн л байх ёстой доо. Жаахан унтуулж байгаад үзье дээ. Пивоо уугаад дуусгачихъя. Уг нь Сараагийнхаа сайхан сэтгэлийн хариуд мөнгийг нь авбал муухай л юм болно доо. Үгүй тэгээд авахгүй гээд ч яах билээ. “За ажаа, хамаг мөнгөө шавхаж пиво авлаа шүү” гээд байсан худлаа л даа. За тээр, пудрныхээ дотор хорин мянган төгрөг хийчихиж, энэнд өөр мөнгө байхгүй л дээ. Ийм хөдөөний гэнэн арга хэрэглэх гэж. Муу Дэрэмийнхээ хойлгийн найрыг хийж жаахан ууна аа яадгийн. Даанч Сараагийн нүүрийг дараа нь харахад халуун болно доо, больдог ч юм уу. Дэрэмээгийн төлөө би уухгүй бол хэн уухав дээ ер нь. Шөнийн дэлгүүрээс архи авах нь ч авчихна. Тэгээд ямар солиотой хүн шиг ганцаараа уултай биш. Пүрэвээ муу новшоос өөр хэн дээрээ очих вэ дээ. Энэ хар шөнөөр өөр очих айл байх биш. 24 цагийн үйлчилгээ гэдэг шиг Пүрэвээгээнд хэзээ ч очиж болдог нь амар юм даа. Маргааш өглөө л болгоомжтой байхгүй бол Дэрэмээгийн ээж, ажил явдалд оролцож байгаа ангийнхантайгаа таарвал насны онигоонд орно шүү. Яаж ч заваарах юм билээ бараандуу юм олж өмсье, энэ яг таарна. Муу гэртээ хэзээ ирэх юм бол доо хөөрхий…

– Босооч чи, өнөөдөр ажилтай гээ биз дээ? Болдоггүй гэж мэдсээр байж эгчийгээ зүгээр байхад нь архи уулгачих юм, эргүү толгой. Цаад архичин авгай чинь хамаг юмыг чинь цөлмөөд алга болсон доо.

-Ёо ёо юу болоод байна аа, босохоос. Ажаа нээрээ байхгүй байна уу, өө ямар өөдгүй юм бэ?

– Үхсэний чинь ажаа, чамайг хэн архи уулга гэсэн юм бэ, хохь чинь. Цаад шулам чинь надаас хойш чиний толгойг залгина даа харж байгаарай. Бушуу босч усанд ор. Энэ гэрийнхээ байж байгааг хар. Охин хүүхдүүд байж хамаг юмаа хөгшин чавганцаар хийлгэнэ.

Ажаа нээрээ арай дэндүү юм аа. Одоо хэд хонож байж ирэх юм байгаа юм. Нөгөө архичиддаа зодуулж нүдүүлээд, хүчиндүүлээд явж байх нь сайхан байдаг юм байх даа. Тэгээд юу гэсэн бэ, хөгшин өвөө нарт зарж янхандуулдаг гэсэн үү. Буруу замаар ороогүй бол ямар сайхан хүүхэн билээ. Даанч дээ, цалин буутал хүргэнэ гэж үлдээсэн ганц хорин мянгатыг аваад явчихсан байна ш дээ. Пудрныхээ дотор хийсэн байсан чинь олоод авчихаж. Одоо муу гичийд дахиж нүүр өгөхгүй дээ, харж л байгаарай. Муу Дэрэм ахыг сонсоод яаж хямрах бол гэж өрөвдөөд пиво аваад өгсөн чинь буруудчихлаа. За за усанд ороод ажилдаа явъя. Дотор гэж хэрэг алга, өнөөдрийн ажлын цаана яаж гардаг юм байгаа юм бүү мэд. Болороо эгчээс л мөнгө зээлнэ дээ, мөнгөтэй бол өгөх л ёстой. Ээжээс автобусны мөнгө гуйвал яаж үнэд орох бол, гуйхгүй ч гээд одоо яахав дээ.

Зүүн Сөнид 2012 он

29 Comments

  1. ххх says:

    Энийг ямар мал нь нийтлээ вэ? Ой гутмаар юм

  2. domeka says:

    ymar uchirtai yum be ymar ch sonirxolgv yumo

  3. Anonymous says:

    Hun yamar neg zohioliig unshaad aij, balmagdaj, huurch, tugshij, za er n yaj ch bolno. Harin oi gutaj l bolohgui, Bi eniig tevcheertei unshij duusgasandaa mash ih haramsaj bna. Oi gutchihlaa.

  4. Anonymous says:

    Baliar sejgiin yum bichihiin. Uguulleg bhdaa ch yahav dee. Bitgii utga zohioliig doromjil l doo. Novshiin amidralaa hogiin shar soninguuddaa l bich

  5. MGL says:

    odoogiin niigemd nuutslagdmal hernee ene oguullegtei tostei asuudal mash ih bga ohid busguichuuddee anhaaruulhad het ih tsarai tsus goo uzesgelendee bolj ih zan, horongond shunaltval amidraldaa hezee ch arilashgui har tolbo uldeevee gej anhaaruuliida… HUN OOROOROO BAIH SHIG SAIHAN YM GEJ UGUI, CHI HEDII HETSUU AMIDARCH BSAN CH SAIN SAIHNII TOLOO SHUDARGAAR ZUTGEHED HUSSEN HULEESEN ZUILDEE SAADGUI HURNEE

  6. Anonymous says:

    Hereggui unshlaaa

  7. thekooksdark@yahoo.com says:

    Зөвхөн дотно харилцаанд орох, гэхдээ илүү дутуу ямар нэгэн төвөг болохгүй сайхан бүсгүйтэй танилцьяа. 185 өндөртэй дажгуу залуу байна. thekooksdark@yahoo.com

  8. agaa ni gangan style says:

    muuxai sanagdlaa oi gutav

  9. boy says:

    bi neleen hediig medeh ym bn niildeg zaluuchuud n zodood l zardag kkk namaig durtaigaa shil arhiar shaa geed nuguu heden chamd bol ungui ch geh shig

  10. ttt says:

    Yag mongoliin amidral. novsh gej

  11. Omg says:

    Муухай юмдээ яасан… Хэлэх уг алга, ийм хумуус байдаг л байх даа Ццц 

  12. Nora says:

    iim muuhai ym bichdeg zohiolch ni zohiolch ch gj de… oyunii hoosrol… arai goy oguleg tavihgui de…!!!!

  13. ogi says:

    bolj baina minii dyy orchin yeiin oxidyyd sain yydag bolson xeden jiliin daraa yag arxichin bolno yim l bol bar sav ynegyi xool ynegyi mongond dyrtai bolson oxidyyd daraa n boon asyydal er n eregteigees em n mash ix xyrdan arxi yyx dyrtai baidagiin oxiduudaa ali boloxoor arxi darsnaas xol yavaacg ee minii mongoliin saixan oxidyyd daa 

  14. T says:

    SAIN UU BI BAS NEG ARHICHIN BNA HAYAA NEG NOHODTEIGEE UUHAAR HETRUULCHEED BH YM UL NI UUHGUI GEJ BODOOD L BH YM TEGSEN MORTLOO UUCHAAL BNA ENE ‘URGELJLEVEL BI UDAHGUI ENE TSOLIIG AVAH YM SHIG BNA AA
    ENE ARHINAAS BOLJ OLON GER BUL SALJ MONGOL BRAG ARHIN D JIVLEE ARHIIG BUR HORGILCHIHOJ BOLDOGUI L YM BHDAA TEGVEL L BI ARHI UUHAA BOLIH BHAA

  15. Gegeeleg yum bichye;!!!!! odoo bolloo sh dee says:

    Sain zoxiolch shuu!gem ni daan ch dan xar baraan energytei yum bichix yum boloo sh dee odooo.ooroor bich l dee

  16. zalhaagch says:

    Yu unshchihwaa setgel tawguitew

  17. Zuw shd says:

    Hamgiin gol ni eniig mongoliin shouchin ohidiig uhaaraasai gej bichsen oguuulleg gej bodoj bna 

  18. Anonymous says:

    hereggui unshdag baij fuck

  19. оогий says:

    Гоогоо юм бич л дээ Боогий.

  20. bi says:

    Arhinaas het hamaaraltai bha boliochee huuhnuudee

  21. Zochin says:

    Shouchin oxid xuuxnuudiin ireeduig ongotoor xaruuljee!

  22. Нараа says:

    эмэгтэй хүн сонин шүү, сайнаасаа муу руу нь тэмүүлдэг гэж. гэхдээ эмэгтэй хүн дургуй л бол мянган сайн залуу бгд ч нэмэргүй байдаг юм билээ.

  23. anxaa says:

    arxi gj neeree ymarj xvniig alj xayna shvv !!!

  24. Anonymous says:

    gaihaltai bichij , iim huuhnuud zunduu bgaa shu  

  25. Erhemseg says:

    Yostoi muuhai har amidral bna daa. Yah gi iim muuhai zuil tavidag yum be adminaa. Arai ch dee. Heregguishd. Ene deerh hun yu genevee bi yamar gazar orood yu unshchihva

  26. zaza says:

    eooe, unen zovootson amitan bn da

  27. Random says:

    Yuun muuhai energitei zavaan yum be. Yag yug surtchilah geed bna, taalagdahgui bna.

  28. Anonymous says:

    yag manai boloroo naiz bna haha neg shaah yumsan

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.