“Хэвлийгээс нь марль гарлаа. Үүнд буруутай эмч нарыг ажлаас нь халлаа” гээд холбогдох албаныхан нь саяхан мэдэгдээд байсан чинь одоо болохоор “Э.Хонгорзул марль залгисан байх магадлалтай” гэсэн дүгнэлт гарсан байх юм. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн /ШШҮХ/-гийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтэс / ШЭШХ/-ийн ахлах зэргийн шинжээч эмч Ц.Ганболд, Ж.Ганцэнгэл, С.Чулуунсүх нар хавтаст хэргийн материалаар шинжилгээ хийж дүгнэлт үйлджээ. Энэ зовлонт бүсгүйн талаар өмнө нь бид цувралаар нийтэлж байсан болохоор уншигч та санаж байгаа байх. Түүний ээж Г.Нарантуяа “Охиныг маань марль залгисан гэж шүүх эмнэлгийнхэн дүгнэжээ” хэмээн манай сонинд дахин хандлаа.
Энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулж буй Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Л.Эрхзаяа өнгөрөгч ням гаригт Э.Хонгорзулд шүүх эмнэлгийн дүгнэлтийг танилцуулжээ. Улмаар дүгнэлтэд үндэслэн хэргийг нь хэрэгсэхгүй болгох санал прокурорт хүргэж буйгаа ч дуулгасан байна. Үүнээс болж Э.Хонгорзул эргэж бие, сэтгэл нь хямарч, таталт өгч муудаад, шөнөжин уйлж, ухаан санаа нь улам дордож буйг ээж нь ярьсан юм. Энэ талаар мөрдөн байцаагч Л.Эрхзаяатай уулзаж тодруулахад “Шүүх эмнэлгийн дүгнэлт “Э.Хонгорзул марль залгисан байх магадлалтай, кесарева хагалгаа хийх үед нарийн гэдэсний хөндийд самбай орох боломжгүй” гэж гарсан учраас бид энэ хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт хүргүүлсэн.
Гэхдээ энэ хэрэг ингээд хаагдаад өнгөрөх юм биш. Прокуророос хэрэгсэхгүй болгосон ч Э.Хонгорзул дахин шинжилгээ хийлгэх гомдол, хүсэлт гаргавал мөрдөн байцаалтад буцаж ирэх нь тодорхой. Хэвлэлийнхэн хэт нэг талыг барьсан мэдээлэл гаргаад байхаар олон хүн ажил, амьдралаасаа салчих гээд байна. Тийм болохоор үнэн зөвийг бичихийг хүсье” гэв. Түүнчлэн шүүх эмнэлгийнхэн энэхүү дүгнэлтийг хэрхэн гаргасан болохыг нарийн мэдэхгүй гэнэ. Баримт бичгийг нь үзэхийг хүсэхэд “Бүгдийг нь прокурорт хүргүүлсэн, харуулах юм байхгүй. Харин Э.Хонгорзулын ээж утсандаа зургийг нь дарсан, очиж хар” гэлээ.
ҮДЭШ ОЧООД “ҮХ” ГЭСНЭЭС ӨӨРЦГҮЙ ҮГ ХЭЛЖЭЭ
Ингээд Шар хадны эцэст байх Г.Нарантуяагийнд очтол Э.Хонгорзул “Надад гурван хүүхдээ орхиод, марль залгиж амиа хорлох шалтгаан байхгүй. Ажил, мөнгө гээд дутагдсан зүйл нэг ч байгаагүй. Би сайхан ханьтай, одоо ч дэргэд маань үргэлж намайг асарч байна” гээд асгартал уйлж байлаа. Уг нь өмнөхөө бодвол гэр дотроо босч алхахтайгаа болжээ. Гэвч гэдсээр нь өтгөн шингэн нь гардаг өнөө л хэвээр байв. Үргэлж уут зүүлттэй байдаг бөгөөд идсэн хоол, уусан унд нь боловсорч гүйцэлгүй шууд урсаад гардаг нь улам л дордож байгаа аж. Тиймээс байнга хоол, унд идэж байхгүй бол өлсдөг гэнэ. Эднийх өнгөрсөн хавар биднийг сурвалжлаад очиход хөлсний байранд амьдарч байсан. Харин тэр байрныхаа хөлсийг нь төлж дийлэхгүй болоод одоогийн байдлаар ээжийндээ нүүж ирээд байгаа юм байна. Харамсалтай нь түүний эмнэлгээс эмнэлэг дамжин эмчлүүлж, мөн “Хэвлэлийнхэн анхаарлаа хандуулснаас хойш ЭМЯ- наас хааяа нэг асуудаг болсон байна, тиймээс би удахгүй эдгэрнэ” хэмээн итгэж, тэмцэж явсан нь салхинд хийсэх шиг алга болсон гэнэ. Өөрөөр хэлбэл, шүүх эмнэлгийн дүгнэлтийг сонсоод амьдрах хүсэл нь буурч “Энэ улсад би хэрэггүй юм байна. Хэн ч үнэн зөвөөр нь шийдвэрлэсэнгүй, тиймээс үхсэн ч яахав” гээд бухимдаж, бухимдахдаа унаж, татаж байгаа аж. Ээжийнх нь хэлснээр мөрдөн байцаагч Л.Эрхзаяа ням гаригийн 22.00 цагийн үед гэрт нь ирээд Э.Хонгорзулд хандан шагнал, урамшуулал гардуулах, эсвэл баярт мэдээ дуулгах гэж буй мэт байснаа “Шүүх эмнэлгийн дүгнэлтээр таныг марль залгисан байх магадлалтай гэж гарсан. Тиймээс би энэ хэргийг хэрэгсэхгүй болгохоор прокурорт хүргүүлэх гэж байна. Харин та танилцаад гарын үсгээ зурна уу” хэмээн шууд л хэлсэн байх юм. Энэ үгийг нь сонсуутаа л Э.Хонгорзул хямралд орж “Би үхье, шүүх цагдаад итгэж явсан чинь худлаа байж. Чи үдэш болсон хойно ирээд надад ийм зүйл сонсгохоосоо ичихгүй байна уу” хэмээн уйлж, үсээ зулгааж, ухаан санаа нь самуурсан байна. Тэрбээр тэр цагдаа надад “Одоо чи үх” гэж хэлэх шиг л санагдсан хэмээн мэгшиж байлаа. Энэ үед “Өнөөдрийн нийгэмд эрх мэдэл, танил тал, хөрөнгө мөнгөтэй хүн ямар ч хэргээс мултарч чаддаг болсон. Харин хөрөнгө мөнгөгүй та бид шиг хүнд хэрэг үүрүүлэх шиг амархан зүйл байхгүй” гэж хэлмээр байвч хэлж зүрхэлсэнгүй. Харин “Шударга хүн олон бий, та сэтгэлийн тэнхээтэй л бай. Хэзээ нэгэн цагт үнэн ялна шүү дээ. Та дахин шинжилгээ хийлгэх хүсэлт, гомдол гарга” хэмээн тайтгаруулах гэж оролдлоо. Гэвч “Шүүхийнхэн миний амьдралыг бусниулсан эмч нарын халаасанд орчихож. Та нар хэчнээн ингэж бичээд, нэвтрүүлээд нэмэргүй” гэх ажээ. Ийнхүү уйлж уйлж сая нэг тайтгарах үед нь түүнтэй цөөн хором ярилцлаа.
Э.ХОНГОРЗУЛ: НАДАД ГУРВАН ХҮҮХДЭЭ ОРХИОД АМИА ХОРЛОХ ШАЛТГААН БАЙХГҮЙ
-Шүүх эмнэлгийн дүгнэлт “Марль залгисан байх магадлалтай” гэж гарсан байна. Та одоо яая гэж бодож байна?
-Марль залгисан гэж дүгнэж байгаа юм бол намайг “Амиа хорлох гэж байжээ” гэсэн үг биз дээ. Надад гурван хүүхдээ орхиод амиа хорлох шалтгаан байхгүй. Нөхөртэйгөө хамт зах дээр наймаа хийдэг байсан. Би аз жаргал, хань ижлийн халамжаар дутаагүй, мөнгөтэй ч байлаа. Тийм болохоор амиа хорлох гэж марль залгихгүй биз дээ. Тэгээд ч хагалгаагаар охиноо төрүүлснээс хойш бие муудаж хэвтэрт ороод 1.3 жил болсон. Үнэхээр марль залгисан бол ингэж их удалгүй л түгжрээд үхэх байсан биз. Гэтэл өнөөдөр намайг өөрөө зориуд залгисан болгож байгаад нь би харамсч, маш их гомдож байна. Хагалгаанд орж марлийг нь авахуулахаас өмнө эмнэлэгт хүргэгдэж очоод онош тогтоогдолгүй явсаар эргээд л гэртээ ирдэг байсан. Тухайн үед ходоодоо хүртэл дурандуулахад шархгүй, эрүүл гэсэн дүгнэлт гарч байсан шүү дээ. Үнэхээр би өөрөө залгисан байсан бол ходоод шархалсан, эсвэл марль байх ёстой. Харин сүүлд эмнэлгийнхэн түгжрэл үүссэн байна гэсэн. Миний хувьд хурдхан шиг л дараагийнхаа хагалгааг хийлгээд босвол хоёр хүүхэд дээрээ л очихыг хүсч байна.
-Одоо ямар хагалгаа хийлгэх билээ?
-Нарийн гэдэс залгах хагалгаанд орох ёстой. Хагалгаа хийлгээд хурдхан шиг босох сон гэж бодож байгаа ч үнэн хэрэгтээ эмнэлэгт итгэхгүй байна. Уг нь нэгдүгээр эмнэлгийн эмчилгээ сайн байдаг. Тэнд хэвтэхээр л эрс сайжирч байгаа нь мэдрэгддэг. Харин дүүргийн эмнэлгийн эмчилгээ, сувилгаа муу. Өдөр бүр хоёр шингэн залгуулж байж алдагдсан шингэн болон тамираа нөхдөг юм. Гэтэл дүүргийн эмнэлэгт хэвтэхээр өдөрт нэгийг л залгадаг. Мөн эмнэлэгт хоол унд багатайгаас болж их өлсдөг. Тиймээс ээж, нөхөр хоёр маань өдөр шөнөгүй ээлжээр унд таслахгүй зөөх шаардлагатай болдог юм. Нэгэнт л эмчилгээ муу эмнэлэгт хэвтэж энэ хоёрыгоо зовоож байхаар гэртээ л байвал хамаагүй дээр юм байна. Одоо эмнэлэгт хэвтвэл нэгдүгээр эмнэлэгт л хэвтмээр байна. Даанч “ор байхгүй” гээд хүлээж авахгүй байгаа. Их л олон сар боллоо, ор нь сулардаггүй л юм байлгүй. Миний сэтгэлийн зовлонг эмнэлэг, шүүхийнхэн мэдэхгүй байна. Бие маань эдгэрчихвэл гурван хүүхэдтэйгээ гадуур баяр хөөртэй алхахсан, намайг асарсан ханийгаа, ээжийгээ, бусад хүмүүсийг баярлуулах сан гэж боддог /уйлав/. Заримдаа би босчихоод гадуур явж тийм ажил хийнэ, тэгнэ, ингэнэ гээд л мөрөөддөг болсон. Үнэхээр би зовж, шаналж байна.
-Хоёр хүүхэд чинь хаана байгаа вэ?
-Хоёр бага хүүхэд маань Хөвсгөл аймгийн Тариалан суманд хадмынд байгаа. Бага охин маань өнгөрсөн оны есдүгээр сард явсан. Дундуур нь миний биеийг улам доройтоход хэзээ ч билээ нэг авчирсан. Охин маань намайг танихгүй байсан /уйлав/.
-Та эмнэлэгт итгэхгүй байгаа бол цаашид яамаар байна вэ?
-Мөнгөтэй бол Солонгос л явчихмаар байна. Өмнө нь ээжтэй хамт яваад Багшийн дээдийн урд байдаг “Ионсей” эмнэлэгт үзүүлэхэд миний өвчний түүхийг солонгос уруу явуулна гэж хэлсэн юм. Тэгээд тэндээ эмчилж болох эсэх талаар хариу ирэхээр нь хэлнэ гэсэн. Түүнээс хойш их удаж байна, бодвол мартагдсан байх л даа. Одоо нэг очоод миний эмчилгээний хариу ирсэн үү гэж асуух юмсан. Гэхдээ эмчилж болно гэсэн хариу ирлээ ч дааж давшгүй өндөр өртөг гарах байх.
-Одоогийн байдлаар эмчилгээнд өдөрт хэдэн төгрөг зарцуулж байна?
-Өдөрт 20 гаруй мянган төгрөгийн эм, тариа хэрэглэж байгаа. Гэдсэнд зүүдэг энэ уут таван ширхэгтэй нь 25 мянган төгрөг байсан чинь үнэ нь нэмэгдээд 29 мянган төгрөг болсон байна. Эм тарианаас гадна хоол унданд маш их мөнгө орж байгаа.
-Таньд кесарева хийсэн эмч нар мөнгө өгч байгаа юу?
-Оюунгэрэл эмч хэд хэд хувааж хоёр сая гаруй төгрөг л өгсөн. Одоо утсаа ч авахгүй байгаа. Ажлаас нь халсан гэж хэлсэн. Гэхдээ нэг хүн надад “Тэр эмч чинь хувийн эмнэлэгтэй” гэж байсан. Бодвол ажлаас халагдсан нэртэй эмчийн ажлаа хийгээд явж байгаа биз. Ийнхүү Э.Хонгорзулынд нэг цаг гаруй хугацаанд саатахад идсэн хоол унд нь хэвлийгээрээ нэг удаагийн 20 орчим торны тэн хагасаар гарсан юм. Тэр нь нийтдээ 50-ын шар тор дүүрсэн бөгөөд өдөрт дунджаар 50 кг-ын шуудай дүүрмээр их гардаг гэсэн. Надтай ярилцаад уйлж байх үед түүний тавдугаар ангийн охин нь ээжээсээ нууж уйлж байхыг нь анзаарлаа. Тэрбээр “Миний ээж хурдан эдгэрээсэй гэж хүсдэг. Ээж бид хоёр уг нь их гоё мөрөөдөлтэй. Би англи хэлтэй болно, ээжийгээ гадаад уруу авч явна. Ээжид маань ч намайг сайн хүн болгож өсгөх мөрөөдөл бий. Ээжийнхээ өтгөнийг суллаж байхдаа сэтгэл маань эмзэглэдэг. Гэхдээ ээжийгээ зовоочихгүй юм сан гэж бодоод сэтгэлээ барьдаг. Намайг уйлаад байвал ээжид маань бүр л хэцүү байх болов уу гэж боддог. Бидэнд тусалж, ээжийг маань эмчлэх сайн хүн таарна гэдэгт итгэлтэй байгаа. Ээжийгээ босчихвол аав бид гурав хөдөө явж дүү нар дээр очино. Би хоёр дүүгээ маш их санаж байна” хэмээн нулимс мэлтэлзүүлэн ярьсан юм. Түүний ийнхүү ярихыг сонсоод хоолой зангирч байсныг нуух юун. Хүүхдийн хүсэл гэгээн тунгалаг мөртэй байдаг даа.
М.НАРАНБОЛД
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
5 Comments
Itgeh naidah huuli shuuh gej bn u? Yanz buriin um bolvol helmegduulchdeg l um dandaa sonsogdoh umaa. Ene Mongol uls haashaa yavaad bna?
handiv ene teriin dans gej baigaa bil yy 5 ch 5 dahgyi 10 ch 10 dahigyi ogch tusaltsgaaya
emch nariin hariutslagiig deeshluulj eruugiin hariutslaga huleelgemeer uym ter shuuh emleg odoo uy ve marli zalgisan gene yy
Arai ch dee yooy uuriin erhgui uilla.zuv zgr yavsan hun ingechih ch gej dee.tgd ch yur n hun marl zalgina gj haashaa harsan teneg yum bdg yum be.ter nyalh jaahan amitan 2 huhdud n eej n bhgui bolchihvol yah yum be.Baliar amitad uheesei uheesei tui chort
arai ch de. marli zalgiad baihdaa yadag um be. Huneer yaj daajignahaaraa ingej helj chaddag bainaaa?
Heleh ug alga
mongotei bol tuslah ymsan enemuu emch nar neeree arai ch deeee