Зүрхэнд ургасан Ууганцэцэг

175846600

Зүрхэнд ургасан Ууганцэцэг
Зүрхэлж дурсах хайрын цэцэг

Гэгээн гэнэхэн санагдах, гэнэт сэтгэлд ургах сайхан дурсамжуудын нэг нь цасан ширхэгүүд адил сэтгэлийн гүнд ширхэглэн бударна.

Завхан аймгийн нэгэн багшаархан сумын төвд оюутнууд зуны амралтаараа очсон байлаа. Ууганцэцэг гэж зээрийн янзганых шиг тормолзсон алаг нүдтэй нэгэн охин эмээгийндээ амралтаараа очсон байх. Нэгэн үеийн үй зайгүй 5 хөвгүүн түүнтэй дотносон танилцаж тэр нэгэн зуныг ёстой л харвасан сум шиг өнгөрүүлсэн. Ууганцэцэгт зэрэг цөмөөрөө дурлаж, хэн хэнээсээ хэлэх үгээ нууж явсан нь одоо бодоход эр хүний бас нэгэн мөс жудаг байж дээ. Бид хоорондоо ярилцаад Баяраатайгаа үерхүүлэхээр болов. Хамт усанд явж, бөмбөг тоглож, ер нь л хаа ч явсан салахгүй сайхан нөхөрлөсөн. Баяраа, Ууганаа хоёрын үерхэл бидний нүдэн дээр хайрын цэцэг болон улам бүр дэлгэрсээр байлаа. Тэр зуны гурван сар харвасан сум шиг өнгөрч, намрын налгархан өдөр бид сургуульдаа явцгаасан. Бидний гэгээн нөхөрлөл Улаанбаатарын гудамжинд ч мөн үргэлжилж билээ.

Дараа жилийн хавар гол ус цөнгөө түрж, хайлмагтах цасны дороос анхны нялх яргуй соёолж байхад тэр гэхийн аргагүй гуниг, хагацал андууд биднийг нөмөрсөн юм. Хайрлах, амьдрах дурлах гэдгийг ид амталж байсан Баяраа минь биднийг үүрд орхин одлоо. Тэгэхэд Ууганцэцэцгийн алим шиг хөөрхөн хацар дээгүүр нь бөмбөрөх нулимсыг бид дөрөвийн хэн нь ч арчиж зүрхлээгүй л юм даа. Эр хүн гэдэг зовлон, хагацлын хатуу чулуу хагарахад их л өр нимгэн юм билээ. Андыгаа алдсан биднээс илүү зүрхнийхээ талыг үүрд алдсан Ууганаад биднээс ч илүү хүнд байсаан. Бид дөрөв хэн хэнийхээ зовлонгийн дэргэд хатуу хорвоог өнөөг хүртэл туулж ирсэн. Чухам тийм л үед Ууганаад зориулан, тайвшруулж хэлэх нэг ч гэсэн гэгээн шалтгаантай үг олдохгүй байж билээ.

Түүнээс хойш бидний хэн нь ч Ууганаатай дотносож зүрхлээгүй. Алган дээрээ нар ургуулж амьдрал дунд хайр цэцэглүүлсэн Баяраагийнхаа үхэлийн ард “өөр сэтгэл өвөрлөх” жудаг үнэндээ бидэнд байгаагүй билээ. Эр хүний тэр мөс жудаг өнөөдөр ч гэсэн зөв байсан юм болов уу? Уулзалт гэдэг зарим тохиолдолд өөрөө эмзэглэл болж хувирдаг юм билээ. Учир нь цаг хугацаа улирсаар бид дөрөв их дээд сургуулиа төгсөцгөөж зэвсэгт хүчний офицер, багш, инженер, бизнесмэн болцгоосон. Амьдрал өөр өөрийнхөө гольдролоор усны урсгал мэт урсаж зарим нь хань ижилтэй ч болцгоосон. Ингээд нэгэн удаа бид Ууганцэцэгтэй уулзаж гэгээн сайхан дурсамжуудаа хуучилсан. Зүгээр л уулзсан. Тэр уулзалт бидний сүүлчийн уулзалт байлаа. Гэхдээ бид дөрөвийн хэн ч түүнд “хайртай” гэдэг үгийг хэлж, дахин ургаж байгаа бүсгүй цэцэг дээр тэнэглэлийн сүүдэр унагаагүй юм.

Магадгүй хэзээ ч хэлэхгүй гэж боддог. Арван есөн насны минь зун 5 андын зүрхэн дээр нэгэн зэрэг хайрын цэцгийн үр цацасан тэрхүү бүсгүй өөрөө Ууганцэцэг билээ. Нар атаархмаар хөөрхөн инээмсэглэл, үргэсэн янзганых шиг хөөрхөн нүд, ангир цагаахан гар, он цагийн саалтанд хэндээ ч нэг л зангаараа бүсгүйн ухаалаг ааль чинь л гоёмсог цэцгсийн навч нахиа болон ургасан байж шүү.

Олон жилийн хойно сураг давуулан сонсохнээ Ууганаагийн хөөрхөн гараас амьдралын жам хөтөлж хүний эхнэр болгосон байж билээ. Жаргаж үү, зовж үү амьдрахад нь жамын хөлөөс битүүхэн залбирдаг юмсан. Сайн л яваасай билээ гэж.

Жил жилийн хаварын налгархан өдрүүд ирэхэд Сэлбийн голыг өгсөөд энгэр задгайхан алхах дуртай. Тэгэхдээ,
“Сэлбийг өгсвөл сэрүүхэн шүү дээ
Сэтгэл гэдэг чин жолоогүй шүү дээ хонгор минь” хэмээн аялах сайхаан.

Энэ жил бид 34 хүрлээ. Ингээд бодоход 15 жилийн өмнө хөдөөгийн багшаархан сумын төвд эхэлж ургасан цэцэг өнөө хэр гандаагүй байна шүү. Анхны хайр, гэгээн үерхэл, хүсэл мөрөөдөл, хүний мөс, сэтгэлийн жудаг бид дөрөвийн аль алинд нь байдаг. Бас бид дөрөвийн сэтгэлд ургасан тэр нэгэн цэцэг үе үе дурсамжийн салхи сэрчигнэхэд сайхан дэлбээ нь шүхэрлэн нисдэг дээ.

Зүрхэнд ургасан хайрын цэцэг, зүрхэлж дурсах Ууганцэцэг минь ээ. Хаана явдаг бол..?

Д.Ц

7 Comments

  1. ZOCHIN says:

    Хүний амьдралд сайхан зүйлс олон байдаг юм даа. Аливаа зүйлд сайхан ухаалаг ханддаг, мөс чанартай байна гэдгийг харуулсан нэг жишээ байна. Өөрийнхөө дурсамжийг хүнд хүргэж чадсан, утга агуулга сайтай бичжээ. Танд амжилт хүсэе.

  2. 1 says:

    Anhnii hairaa martaj chadahgui l yavna daa 

  3. Soyombo says:

    Goy yum aa. Ter l hvniig amidraldaa urgelj sanaj yavna gedeg ih shn zuil yum shvv.

  4. MglausCom says:

    Huurhun yumaa, ingej goyochilj harj helj surah heregtei bh shw.
    Tsuutai huuhen hurimgui gegcheer olon aaviin huug durluulchaad Oroitoj gerlehed hurch bdg sonirholtoimaa

  5. Tseene says:

    Жудаг гэдэг угээ зов хэрэглээрэй. Зовхон эерэг тохиолдолд…

  6. vnen says:

    zokhiol bichikh gej oroldoj bna ………………yakhav xvvxdvvd

  7. nomuun says:

    сайхан дурсамж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.