Тийм ээ, өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр. Үндэс суурь сайтай ямарваа нэгэн зүйл нурах битгий хэл ганхах нь бараг үгүй. Яг л үүнтэй адил улсын үндэс бол гэр бүл юм. Хэдийгээр гэр бүл нийгмийн хамгийн бага нэгж ч гэлээ асар их үүрэг, хариуцлага үүрч улс эх орны үндэс, суурь нь болж өгдөг билээ.
Энэхүү хэлхээг бат бөх байлгах үүднээс НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн тавдугаар сар болгоны энэ өдрийг “Дэлхийн гэр бүлийн өдөр” болгох тогтоол гаргаж, баталсан байдаг. Харин манай улсын хувьд энэ өдрийг 15 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Гэтэл хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ болсон хоол хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь ихэнх гэр бүлд эдийн засгийн хүнд дарамт болж байгаа. Өнөөдөр манай улсын дийлэнх гэр бүлийн сарын орлого бүхэлдээ хоол хүнс, хувцас, ахуйн хэрэглээнд л зарцуулагдаж байгаа нь нууц биш.
Гэр бүлд байнга тулгардаг энэхүү бэрхшээл, асуудлаас болж хөрөнгө мөнгөтэй холбоотой хэрүүл маргаан, хамаатан садан, ах дүүгийн дарамт, сэтгэл гутралаас үүдсэн архидалт, хүчирхийлэл, салалт зэрэг олон сөрөг үр дагавар гарч байна.
Нөгөөтэйгүүр Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл дээд цэгтээ хүрч байна. Энэ нь нэг талаар залуу гэр бүлийн тоо нэмэгдэх сайн үр дагаврыг бий болгож байгаа ч залуучуудад эхнэр, нөхрийн үүрэг хариуцлагаа ухамсарлах, асуудлыг ул суурьтай шийдэх чадвар дутмаг байгаагаас гэр бүл салалтын тоо жилээс жилд нэмэгдэж байна гэхэд болно.
Түүнчлэн иргэд, тэр дундаа залуусын дунд “хамтран амьдрагч” гэх ойлголт газар авч байна. Тэд эрх дураараа, чөлөөтэй байхыг илүүд үзэж баталгаагүй гэр бүл зохиох хандлага ажиглагдах болов.
Судалгаанаас үзэхэд манай улсад өдгөө 250 мянга гаруй залуус хамтран амьдарч байна. Хэдий байж болох ч эдгээрээс хэчнээн нь жинхнээсээ гэр бүл болдог нь эргэлзээтэй. Үүний хажуугаар гадаадын иргэнтэй гэр бүл бологчид, гэр бүл болохыг хүсэгчдийн тоо өдрөөс өдөрт, жилээс жилд нэмэгдэж байгаа нь харамсалтай.
Басхүү ганц бие өрх толгойлсон эмэгтэйчүүд гэх нэр томъёо гараад олон жилийн нүүр үзэж байна. Сүүлийн үеийн статистик тоо баримтаас үзэхэд 80 гаруй мянган эмэгтэй өрх толгойлон амьдарч, тэдний гар дээр 250 мянга орчим хүүхэд өсч хүмүүжиж байгаа аж.
Тэдний дийлэнх нь 3-4 насны хүүхэдтэй, амьдралын хэцүү бэрхийг даван туулах боломж, чадвар муугаас 80 гаруй хувь нь ядуу, үлдсэн нь нэн ядуу амьдарч байна. Нэг үгээр боложмийн амьдралтай өрх толгойлсон эмэгтэй бараг л байхгүй гэсэн үг юм. Нэн ядуу иргэд айлын хаяа бараадаж, орцны жижүүр хийж хорвоогийн бор өдрүүдийг өнгөрүүлж байна.
Уг нь Монголчууд бид эртнээс гэр бүл бололцох, амьдрал ахуйгаа төлөвлөх асуудалд нарийн, нухацтай ханддаг байсан арвин туршлагатай ард түмэн. Өдгөө энэ чанар алдагдсаар, элэг бүтэн, жаргалтай амьдарч байгаа гэр бүл цөөрсөөр байгаа нь гунигтай.
Тэгвэл Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас энэ оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Дээр дурьдсанчлан сүүлийн жилүүдэд манай улсын гэр бүлийн бүтэц, хэв маяг, үнэт зүйл болон харилцаанд томоохон өөрчлөлт гарч байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүдийн үүрэг, эрх мэдлийн хуваарилалт өөрчлөгдөж, хожуу гэрлэлт нэмэгдэх, бэлгийн харилцаанд эрт орох, хамтран амьдрахыг чухалчлах, гадаад гэрлэлт нэмэгдэх хандлагатай байгааг ч бас хэлж байна.
Тэр ч битгий хэл гэр бүлийн хүчирхийлэл, салалт нэмэгдэж энэ хэрээр хүүхдийн хүмүүжил доголдож асуудалтай гэр бүлийг үүсгэх нөхцлийг бий болгож байгаа аж. Энэ нь нөгөөтэйгүүр гэр бүлд зөвлөгөө өгөх үйлчилгээний хэрэгцээг зайлшгүй нэмэгдүүлж байна. Иймд салбарын яамнаас Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газартай хамтран энэ онд олон ажил хийж, хэрэгжүүлжээ.
Тухайлбал энэ оны эхний улирлын байдлаар 68 хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар 43 иргэнтэй биеэр болон утсаар холбогдож арга зүйн зөвлөгөө өгчээ. Ингэхдээ нийслэлийн есөн дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын хүүхэд хамгаалалын 27 мэргэжилтэнг хүүхэд болон тэдний гэр бүлтэй ажиллах арга зүйгээр хангаж, чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан байна.
Мөн хамгаалах шаардлагатай хүүхдийн эрсдэлийн түвшин тогтоох программд 1332 хүүхэд бүртгэгдсэнээс хараа хяналтгүй 274, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 53, хөгжлийн бэрхшээлтэй 518, гэмт хэрэгт холбогдсон 48, гамшиг осолд өртсөн зургаа, асрамж халамжийн төвийн 170 хүүхэд байгаа юм.
Харин залуу гэр бүлд архи, тамхи болон мансууруулах бодисын хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулах үүднээс хоёр удаагийн цогц сургалт зохион байгуулжээ.
Түүнчлэн нийслэлийн есөн дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн мэргэжилтнүүдийг гэр бүлтэй ажиллах онол, арга зүйд сургах сургалт зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн байна.
Эцэст нь Монгол үндэстнийхээ үндэс суурь болох гэр бүлийн асуудлыг одооноос хамгийн том, чухал болгон харж эхлэхгүй бол хэдхэн жилийн дараа гэр бүлийн дүр төрх ямар байхыг төсөөлөхөд бэрх болох нь ээ.
Б.Төрбат
Эх сурвалж:
7 Comments
ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЧАДВАРГҮЙ БОЛ БЭЛГЭВЧ ГЭДЭГ ҮГИЙГ ЦЭЭЖЛЭЭД БАС ХЭРЭГЛЭЭД СУРЧИХ ХЭРЭГТЭЙ ШДЭ, ЗАЛУУЧУУДАА.
sigle man ghhh teged haruulaad yah gj bgn ?
Би бол эсрэгээрээ эхгүй хүүхэдтэй болдог юмуу гэж сүүлийн 2 жил бодоод байгаа. Нэг гадаад хүүхнээс өндгөн эс аваад, тээгч эхэд суулгаж гаргаад ганцаараа хүүхдээ хүн болгоно доо. Ээж гэдэг юмыг дагалдаж ирдэг хэрүүл уруулгүй, сайхан өсгөнөө. Гол нь монголын нийгэмд, эр хүн дангаараа, эмэгтэй хүнээс хамааралгүйгээр хүүхдээ өсгөж хүн болгоно гэдгийг харуулмаар байна.
minii gants xuu ene xuuxeduudin toond bagtaj l bga bx da sda
Эцэггүй хүүхэд яаж төрөх билээ дээ, үр суулгачихаагүй л юм бол. Харин аавгүй хүүхэд бол байнаа байна. Эцэг болох амархан, харин аав болох амаргүй дээ амаргүй.
Harin tiimee etseggui huudeer duurlee. Zaluuchuud n karaoke bar buudal heseed arhidaad huuhdee geh setgelgui ehneree ch hairlahgui biee toogood peediigeed bhaar ger bul salalgui ch yahawdee. Huuhnuuded ch bas buruu bj l bgaa
mongol oron maani etseggui hvvhdeer dvvrlee