Нөхрөөсөө салахаар шийдээд байна уу, азнаач

Бүсгүй та хожим харамсаад барахгүй шийдвэр гаргах гэж байгаа юм биш биз. Тэвчээр тань барагдаж, нөхрөөсөө аль болох хурдан салж санаагаа амраах юмсан гэж бодох болсоор хэр удаж байна. Та энэ өдрийг хүртэл шийдвэр гаргаагүй байсан юм чинь тайвшраад дахиад нэг бодоод үзэхийг зөвлөе. Зөвлөх юу байх вэ, танд хэрэг болж болох зөвлөгөө олсноо хуваалцах гэсэн юм.

Турк улсад нэр хүндтэй сэтгэл зүй, харилцааны сар тутмын “Залуу тархи” нэртэй сэтгүүл хосуудад түр зуурын уур хорслоо урдаа барихын оронд сэтгэл зүйчийн дараах 14 зүйл санамжийг хичээнгүйлэн уншихыг санал болгож байна.

1. Хоёулхнаа байх, хэн ч саад болохгүй, бие биенээ санаснаа мэдрэх орчин бүрдүүл. Хоорондын маргаан ужгирсан үед хэцүү байж болох ч оролдоод үз. Амралтанд яв, ханийгаа аятайхан ресторанд хоолонд урь. Та нэгэнт түүнийг урьсан болохоор уурлаж төдийлөн чадахгүй. (Жилдээ 15-аас доошгүй удаа ингэж “тусгай” орчинд хамт байх хэрэгтэй)

2. Хоёр биенээ ах дүү, хамаатан садны орчноос аль болох түргэн тусгаарла. Сонирхолтой байх болно, амьдралаа өөр өнцгөөс хараад эхлэхэд хэрэлдэх биш, хэлэлцэх нөхцөл бүрдэнэ.

3. Бурхан шүтээндээ сайн залбирч бай. Эсвэл өөртөө тавьсан тангаргаа олон дахин давтаж хэл. Сайн сайхныг хүсэж “үглээд” байвал Дулмаа санаанд лавширч суух сайн талтай.

4. Хоорондоо маргалдаж байх үедээ ялан дийлэх сэтгэлээ хангахын тулд биш, харин дундын шийдвэрт хүрэхийг зорь.

5. Тэгэхгүй бол хэрүүл, тэмцэл аймшигт хүргэх магадлал 99.99 хувь гэдгийг ухаар.

6. Нөхөртөө хэлснээ, эсвэл түүнийхээ амнаас унасан үг бүрийг өлгөж авч, гүнзгийрүүлж бүү бод.

7. Уучлалт гуй, гэхдээ чин сэтгэлээсээ. Уучлалт гуйх нь харилцааны ихэд нандин алхам тул хэзээ, хэрхэн гэдгийг сайтар нягталж үйлдээрэй.

8. Хамтдаа байх боломжийг аль болох бүрдүүл. Өөрсдийн очдог, цуг байдаг, очихсон гэж тэмүүлдэг газартай бол.

9. Хэчнээн хэрэлдэж, маргалдаж байсан ч харааж, доромжилсон үг, хэллэг бүү хэрэглэ.

10. Юу ч болсон аз жаргалтай байна гэж бод. Болохгүй байсан ч оролд.

11. Ханьдаа муу санахгүйгээр бүхнийг мартаж өршөөн, амьдралдаа цав цагаан хуудас шинээр нээж байна гэж бод. Тэгж ханд

12. Өөрийгөө хэсэг хугацаанд хүүхэд гэж сэтгээд салж сарнисан эцэг, эхийн хүүхэд баймааргүй байна гэж бодоод үз.

13. Хэт эмзэг байж, юм л бол гуниглах хэрэггүй.

14. Идэж ууж, өмсөж хэрэглэж байгаа зүйлээ та зөв замаар олсон гэдэгтээ итгэлтэй бай.

Эхнээс нь дуустал дахиад нэг уншаад үз дээ. Та бага зэрэг тайвширсан санагдахгүй байна уу. Хэрэв тийм бол дахиад унш, бүр уужраад ирэх ч юм билүү. Уур уцаар гэдэг бодож сэтгэхэд үргэлж саад болж байдаг томоор яривал далай дундах мөсөн уул, багаар бодоход нүдний өмнөх хаалттай хар хөшиг биш гэж үү. Санаа бодол зөрөхгүй, маргаж муудалцахгүй амьдрал гэж хаана байх вэ. Гагцхүү “Би ууртай хүн. Яасан ч дийлдэж болохгүй юм шүү” гэж өөрийгөө хөөргөхгүй л бол ямар ч хэрүүл тэгсхийгээд л замхрах бус уу. Дотор тань уужирч, сэтгэл тань цэлмээд ирэхийн цагт та өөрөөсөө “Би юундаа тэгтлээ уурлаад байсан юм бол” гэж асуух вий.

Гэр бүлийн харилцааны асуудал Монголд ямар байгаа талаар “Гал голомт” үндэсний хөдөлгөөн судалжээ. Судалгааг 2004 онд явуулсан бөгөөд дүгнэлт, нэгдсэн зөвлөмжийг дараа жил нь гаргасан юм билээ. Тэднээс гэр бүлийн сөргөлдөөн гардаг шалтгаан болон гэр бүл цуцлуулснаас хойш амьдралд гардаг өөрчлөлтүүдийнх талаар мэдээлэхээр бэлтгэлээ.

Шалтгааныг архидалт, ядуурал манлайлж байна

Гэр бүлийн тайван амьдрал алдагдах шалтгаануудыг архидалт, ядуурал манлайлж байх юм. Гэр бүлийн зөрчлийн 58.3 хувь нь архидалтаас, харин 48.0 хувь нь мөнгө, санхүүтэй холбоотой. Мөн хосуудын хувийн хүчин зүйлсээс шалтгаалдаг аж.

Энэ нь хардалт, итгэл эвдэж хууран мэхлэх, бэлгийн тааламжгүй харилцаа. Бас гэр бүлийн гишүүдийн харилцааны хүчин зүйлс болох эхнэр, нөхөр, эцэг эх, хүүхдийн хоорондох үл ойлголцол, хайр халамж, анхаарал дутсанаас үүдэх сөргөлдөөн мөн чамгүй хувийг эзэлдэг болохыг судалгаа харуулжээ.

Гэр бүл цуцлуухад сэтгэл уужирч болох ч амьдрал сайжирдаггүй

Таарахаа байсан хос хоёр тийш болсноор тэдний амьдралд ямар өөрчлөлтүүд гардаг, эерэг, сөрөг талын аль нь давамгай болохыг судлаачид тогтоожээ.

Гэрлэлтээ цуцлуулснаар сэтгэл санааны дарамтаас ангижирсан гэж судалгаанд оролцогчдын 55.9 хувь нь хариулсан байх юм. Хувь хүний хувьд илүү эрх чөлөөтэй болж, амьдралаа шинээр эхлэх боломжтой боллоо гэж үзсэн нь 45.2 хувь байжээ. Мөн хувийн аж амьдралаа өөд нь татах бололцоо нээгдсэн гэж цөөн хэсэг нь үзсэн бол 18.3 хувийнх нь хүүхдийн сурлага, хүмүүжилд эерэгээр нөлөөлсөн гэнэ.

Гэр бүл салалт ийн хувь хүмүүст зөвхөн эерэгээр нөлөөлөөд байсан уу гэвэл үгүй аж. Гэр бүл цуцлуулаад амьдрал төдийлөн сайжирдаггүй болохыг мөн судалгааны дүн хэлж өгч. Юуны өмнө хүүхдээ авч үлдсэн гурван хүн тутмын хоёрт нь хариуцлага, ачаалал нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, салалт хүүхэдтэй хүмүүст хүндээр тусдаг аж.

2004 онд гэр бүлээ цуцлуусан хүмүүсийн 60.0 хувь нь нэг хүүхэдтэй, 25.0 хувь нь хоёр хүүхэдтэй, харин 8.6 хувь нь гурван хүүхэдтэй байсан байна.

2 Comments

  1. ëàìà says:

    óíøèõàä óõààðàõ þìäàà.ãýõäýý áè îðîéòñîí.õ¿¿õäýý àâìààð áàéíà

  2. Man says:

    Ñàëàõ ãýæ áàéãàà õîñóóä ¿¿íèéã ñàéí óíøààðàé

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.