Эмэгтэй хүний үтрээнээс тодорхой хугацааны мөчлөгтэйгээр цус гадагшлахыг сарын тэмдэг буюу биений юм ирэх гэнэ. Биений юм ирсэн эхний өдрөөс дараагийн биений юм ирэх өдөр хүртэлх хугацааг биений юмны мөчлөг гэнэ. Мөчлөг нь эмэгтэй хүн бүрт өөр өөр байдөг. 21-35 хоногийн мөчлөгийг хэвийн гэж үзнэ.
Биений юм ирэх нь өндгөвчинд өндгөн эс боловсорч байгааг өөрөөр хэлбэл хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орвол жирэмслэх чадвартай болсныг илтгэх шинж юм.
Охидод анхны биений юм 10-16 насны хооронд ирэхийг хэвийн гэж үздэг. Биений юм анх ирсэн эхний үед мөчлөг нь тогтворгүй, өөрөөр хэлбэл олон сараар ирэхгүй байх, эсвэл нэг ирэхдээ олон хоногоор үргэлжлэх байдал тохиолдох боловч 1-2 жилийн дараа заавал тогтмол мөчлөг үүсэх ёстой.
Тогтмол мөчлөгтэй болсон үед биений юм ирэх нь нэг удаад 3-5-7 хоног хүртэл үргэлжилнэ.
Биений юмны ирсэн үеэс охид бүр хуанли хөтөлж сурах нь өөрийн эрүүл мэндээ хянахад тустай.
Биений юм ирсэн үед ямар дэглэм сахих вэ?
Биений юм ирэх нь эмэгтэй хүн бүрт тохиолддог, хэвийн үзэгдэл учраас айж сандарах болон ямар нэг онцгой дэглэм сахих шаардлагагүй. Биений юм ирсэн өдрүүдэд өдөр тутмын амьдралын дэглэмээ хэвээр үргэлжлүүлж болно.
Тухайлбал шүршүүрт орох, биеийн тамир, спортоор хичээллэх гэх мэт. Харин энэ өдрүүдэд үтрээнээс гарах цусыг шингээх зориулалтай, тусгай ариун цэврийн хэрэгсэлийг заавал хэрэглэнэ. Ариун цэврийн хэрэглэл сонгоход бэрхшээлтэй байвал чамайг сайн ойлгох, ойр дотны хүмүүсээс эсвэл өсвөр үеийнхэнл зөвлөгөө өгдөг газруудад хандан мэдээлэл, тусламж аваарай.
Биений юм ирэхдээ өвдөх ёстой юу?
Биений юм ирэх нь өвчин биш учраас ямар нэг зовиур шаналгаа гарах ёсгүй. Мөн зарим охидод биений юм ирэхийн өмнөх, өдрүүдэд ууц нуруугаар бага зэрэг хөших, чилэх, хөх болон хэвлийгээр үл ялиг хөндүүр байх хэмжээний зовиур гарах боловч биений юм ирсний дараа зүгээр болдог. Энэ ч хэвийн, санаа зоволтгүй.
Харин үүнээс илүү зовиур шаналгаа гарсан үед заавал охидын эмчид хандаарай. Өөрөөр хэлбэл дотор муухайрах, бөөлжүүлэх, хэвлийгээр хүчтэй өвдөх, гүйлгэх шинжүүд илэрч байвал мэргэжлийн эмчийн туслалцаа хэрэгтэй гэсэн үг юм.
Биений юм өвдөлттэй ирэх үед өвдөлтийг намдааж болох аргууд:
* Ууц нуруун дээрээ, эсвэл хэвлийн доод талд, аль өвдөж байгаа хэсэгтээ халуун бүлээн жин тавих
* Бүлээн шүршүүрт орох
* Халуун бүлээн шингэн уух
* Хэвлийн доод хэсэгт зөөлөн иллэг хийх
* Явган явах
* Өвдөг, тохой дээр тулж хэвтэх
* Нуруугаараа хэвтэн өвдөгөө нугалан тойргоор эргүүлэх зэрэг хөнгөн дасгал, хөдөлгөөн хийж болно.
Биений юм ирсэн үед нүүрээр жижиг юм гардаг. Энэ юуны шинж тэмдэг вэ?
Биений юм ирсэн үед нүүрээр тууралт гарна гэдэг бол дотоод шүүрлийн болон бэлгийн булчирхайтай холбоотой. Шилжилтийн насанд бэлгийн дааврын нөлөөгөөр тосны булчирхайн үйл ажиллагаа идэвхиждэг. Үүнээс шалтгаалаад охидын нүүрний арьсны тослог ихсэж тууралт гардаг.
Тослог арьсан дээр бохир тоос шороо амархан сууж, нян үржин улмаар үрэвсэл үүсэх явдал ч байдаг. Тиймээс энэ үед арьсаа зөв арчлах, зөв хооллох шаардлагатай.
/”Нөхөн үржихүйн эрүүл мэнд” сонин/
2 Comments
sain baitsgaanyy?bi odoo 21tei naiz zalyytaigaa sayhan yum ireed yag 7,8honoj bhdaa sexiin haritsaand ortson yum yrid ni bid 2 neg ydaa huseegui jiremslelt bolood ahyylsan odoo bas naiz zalyy maani ert bna geed huuhed husehgui yum jiremsen bolsonoo zaawal test ene tereer bish engiin yamar negen aragaar medej boloh bolwyy?
ene site-d gishvvn bolox gesen ymaa yaaj boldog ym be?
end eruusuu shien register alga