Хорвоо ертөнцийн хамгийн гэрэл гэгээтэй зүйл бол хайр билээ. Хайрлаж дурлах сайхан ч насан туршийн бат бэх харилцааг бүтээхийн тулд тодорхой хүчин зүйлсийг харгалзан үзэх шаардлагатай ажээ.
Бидний толилуулж буй доорх нийтлэлээс уншигч та бүхэн хайр дурлалынхаа харилцаанд дүгнэлт хийж, зарим зүйлийг тусгаж авна хэмээн найдаж байна.
1. Та хоёрын харилцаанд амгалан тайван байдал ноёлдог
Та хоёрын хамтдаа байх хугацаа дээд зэргийн чөлөөтэй, амар тайван мэдрэмжээр дүүрэн байдаг бол харилцаа тань эрүүл байгаагийн шинж ажээ. Харин айдас түгшүүр, болгоомжлол гэх мэт ямар нэг таагүй мэдрэмж төрж эхэлсэн бол аюулын дохио дуугарч буйн илрэл юм.
2. Та хоёр бие даасан байдлаа алдаагүй
Хэдийгээр хос хоёрт хамтдаа хийх зүйлс, зорилго мөрөөдөл бий боловч хэт туйлширвал харилцаанд цав суулгах эрсдэлтэй. Учир нь та хоёр тус тусын найз нөхдийн хүрээлэл, хүсэл мөрөөдөл, сонирхолтой. Хэрэв бие биенийхээ үзэл бодол, хүсэл сонирхлыг үл хүндэтгэж, эрх чөлөөг нь үргэлж хягаарлавал харилцаа тань удаан үргэлжилж чадахгүйд хүрнэ. Харин нэгэндээ юу хүсч байгаагаа чөлөөтэй илэрхийлж, ойлголцож чаддаг бол маш сайн.
3. Та хоёр ямар ч үед бие биеэ хүндэлдэг
Хүндэтгэл гэдэг бол хосуудын харилцааг бат бөх байлгах хамгийн гол хүчин зүйлсийн нэг билээ. Та хоёрын бүх үг, үйлдлийн цаана хүндэтгэл оршиж байх ёстой. Хэрүүл маргаан гарсан ч үгээ цэгнэдэг, ялах гэж зүтгэхийн оронд ойлгохыг хичээдэг байвал харилцаа тань эрүүл байгаагийн шинж юм.
4. Та хоёрын холбоо зөвхөн ор дэрний харилцаагаар хэмжигддэггүй
Хосуудын амраглах харилцаа чухал боловч бүх зүйл үүгээр хэмжигдэхгүй. Та хоёр оюун санаа, сэтгэл зүрх, мэдрэмж гээд маш олон зүйлсээр нарийн нягт холбогдсоноор л жинхэнэ урт хугацааны тогтвортой харилцааг бий болгох юм.
5. Та хоёр бие биедээ итгэдэг
Хэрэв та хоёрын харилцаа эрүүл бол цаг хугацаагаа бие биеэ хардаж сэрдэхэд бус хамтдаа дурсамжтай зүйлс хийж, ирээдүйн гэрэл гэгээтэй амьдралаа төлөвлөхөд зориулах учиртай. Итгэлцэл гэдэг бол амраг хосын харилцааны тулгуур багана билээ.
6. Та хоёр асуудлаа өрөөл бусдад биш өөр хоорондоо ярилцдаг
Ихэнх хосын харилцаа дуусгавар болохын үндэс нь хоорондын харилцаа холбоо хөндийрснөөс үүдэлтэй байдаг. Хэрэв та хоёрын хооронд үл ойлголцол үүссэн бол түүнийгээ бусдад тоочилгүйгээр хоорондоо л ярилцаж шийдвэрлэх нь хамгийн зөв алхам юм.
7. Та хоёр насан туршийн хамтын амьдралдаа итгэл төгс байдаг
Хайр дурлалын харилцааны эхний хэдэн жилд асуудал бэрхшээл харьцангуй бага, бүх зүйл сайхан байдаг. Харин гэрлэж, хүүхэдтэй болж, он цаг улирахын хэрээр та хоёрын гадаад төрхнөөс эхлээд олон зүйл өөрчлөгддөг. Энэ бүхнийг үл харгалзан насан туршдаа аз жаргалтай амьдарч чадна гэдэгтээ итгэл төгс байгаа бол та хоёр бие биенээ олжээ.
8. Та хоёр бие биеэ байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг
Хүмүүсийн гаргадаг түгээмэл алдаа нь хайртай хүнийхээ зарим зүйлсийг өөрчлөхийг хүсдэг, эсвэл өөрчлөгдөх байх гэж найддаг. Гэхдээ хүний тогтсон зан чанар, зуршил, зүс царай өөрчлөгдөнө гэж байхгүй. Тэгэхээр хамтрагчаа яг одоо байгаагаар нь хүлээн зөвшөөрч насан туршдаа хамтдаа амьдрах итгэлтэй бол та хоёрт ирээдүй байгаагийн илрэл юм.
9. Та хоёр асуудлыг хүндрүүлэлгүй амархан шийдвэрлэж чаддаг
Үерхэл хайр дурлал үргэлж асуудалгүй сайн сайхан байдаггүй. Элдэв асуудал, үл ойлголцол, маргааныг хамтдаа төвөггүй шийдвэрлэж чаддаг байх нь хамгийн чухал.
SOURCE: PlaySkull.mN
1 Comment
Suuliin 4-5 jild yag l deerhi shig bolchood baina. Nasniih gsen chini eruul hariltsaand shiljsen yum bna l daa