Монголчууд бид бие биедээ дурлаж, улмаар гэрлэмэгц, биэ биеэ өөрийн өмч гэж тооцдог базаахгүй зуршилтай. Өөр хэнийх ч биш, зөвхөн минийх л байх ёстой гэдэг бодол нь, өдөр тутам зүлгэж, арчилж, илж, бас гоёж байдаг гоёмсог шүүгээтэйгээ адилтгах хүсэлд хүргэдэг. Харамсалтай нь хайртай хань нь, гоёмсог шүүгээ биш болохоор, байрандаа байлгүй гарч явж, элдэв хүмүүстэй уулзаж, санал бодлоо хуваалцан, ажил хөдөлмөр хийж, хэн нэгэнд дотносож, элдэв зөрчилдөөнтэй асуудлуудыг үүсгэж орхино. Үүний нэг нь хардалт юм.
…Хааяа анд нөхөд нь гэр бүлээрээ зочлон ирж, наргиж, тоглож наадан, өдрийг хамтдаа өнгөрүүлэх. Энэ үед, ердийн өдрүүдээс арай л хөгжүүн болсон хань нь, нэг л сонин байдал гаргаад байх шиг санагдаад эхэлнэ. Найзынхаа эхнэр рүү талимааран хараад ч байх шиг, гар нь хаа нэгтээ илж таалаад ч байх шиг, арай л илүү анхаарал халамж тавиад ч байх шиг…
Энэ бодолдоо, өөрийн эрхгүй нүд нь бүрэлзэж, амьсгаа нь давхцаж, орчин тойрноо бодитой мэдрэх чадвараа алдах мэт. Байн байн нөхөр рүүгээ хялалзаж, үг яриа нь нэг л хэг ёг хийж, бухимдал нь мэдрэгдээд ирмэгц, ирсэн зочид эвгүй байдалд орж, бушуухан явахын түүс болно.
Эелдэгээр талархан, салах ёс гүйцэтгэх найз нөхдөө, албаар инээмсэглэх аядан, амьсгаагаа ч дарж ядан үдэж гаргамагц, тэвчээрийн чагтага тас үсэрч, “эрүү шүүлт” эхэлнэ дээ.
…Хааяа нэгийгээ ажлаасаа оройтож ирэх хугацаанд, дотроо битүүхэн түгшиж, “хаа юу хийж яваа бол” хэмээн бодохуйяа, олон ангит кино шиг л элдэв бодол, таамаглал тархи толгойг нь дүүргэж, сэтгэлийн шаналал эхлэх. Гэртээ орж ирсэн үед нь хүзүүдэн үнсэж, хамтдаа хооллох хэдий ч, нөгөө л бодол таамаглал толгойноос нь гарч өгөхгүй. Харин дараа нь хувцасыг нь янзлах нэрээр, яг л мөрдөгч Деррик шиг, нямбай нь аргагүй эд мөрийн баримтууд хайна. Хувцасны хаа нэгтээ наалдсан байж болох үс, будаг, үнэртэнг криминалистикийн шинжээч шиг л “мөрдөнө”. Мэдээж дараа нь түрийвч, гар утсыг нь шалгахаа мартахгүй. Энэ удаад эд мөрийн ноцтой баримт олоогүйдээ бяцхан тайвшравч, нөгөө л олон ангит киноны кадрууд сэтгэлээс гарч өгөхгүй зовоох аж.
…Хааяа хамтдаа, олон арга хэмжээнд оролцож, үзвэр үзэх боловч, энэ бүхнээс баяр баясгалан, таашаал авахаас илүүтэй, ханьд нь бусад хүмүүс хэрхэн хандаж, тэрээр бусдад яаж хариулж байгааг л сэмхэн тандах. Гаднаа баяр баясгалантай дүр үзүүлэх хэдий ч, сэтгэлд нь мөнөөх “хар” шуурга дэгдэж, толгой нь манарна. Хань руу нь эелдэгээр хандсан хүн бүрийн хэн болох, гэр бүлтэй эсэх, хаана ямар ажил хийдэг эсэхийг шалгааж, мэдээллийг тархины “хард дискэнд” архивлах аж. Тэрчлэн энэ хүмүүс ханьд нь яагаад илүү анхаарал тавиад байна гэдэг хар бодол толгойг нь шаналгах. Харин өөрт нь давхар, хүндэтгэлтэй харьцаж байгааг ч анзаарах сөхөө үгүй.
Иймэрхүү маягаар эхэлсэн хардалтыг цаг тухай бүрд нь зогсоож чадахгүй бол, цаг хугацаа өнгөрөх тусам улам даамжирч, өвчний шинжиндээ орж, хань ижлээ цөхрөөж, бусдын өмнө ямагт эвгүй байдалд оруулах нь бий. Ийм хардалтын тухай Данийн алдарт шог зураач Херлуф Бидструп их донжтой хошиноор дүрсэлсэн байдаг. Нөхрийнх нь хувцсанд дээр наалдсан ширхэг утас, хэрхэн бүсгүй хүн болон хувирч, аргаа барсан нөхөр нь хувцсаа шүүрч аван гарч байгаа үйлдлийг үнэхээр уран, хошиноор дүрсэлсэн билээ.
-Чи минь ганцхан надад л хайртай, тийм ээ
-Чи минь өөр хэнийг ч тоохгүй, тийм ээ
-Чи минь намайгаа хуурч, гомдоохгүй, тийм ээ
Өдөр тутам, тэвдүүхэн ийн асууж шалгаан, “тийм” гэдэг хариултыг сонсох гэсэн бачимхан хүсэл, өөрийг нь улам ч дорой, өөртөө итгэлгүй байдалд оруулж байгааг анзаардаггүй. Өөрийнх нь ийм тэвдүү, арчаагүй дорой байдал нь, хайртай хүнд тань тээртэй, хэцүү санагдаж, аажимдаа цөхөрч, алсдаа сэтгэл хөрж болохыг ч төсөөлөхгүй.
Хань ижил нь хайртай шүүгээ шиг нь биш болохоор, яг л шүүгээ шигээ гэртээ, дэргэдээ байлгаж, байнга илж, арчиж зүлгэж, цэвэрлэж, гоёж байх хүсэл нь хардалтыг улам гааруулах үндэс нь болдог аж. Ухаангүй тэнэг хардалтын улмаас, хайртай шүүгээтэйгээ үлдэхдээ л, хүнийг өмчилж, өөрийн хүслээрээ байлгаж болдоггүйг ухаарч эхэлнэ. Гэвч бүх юм нэгэнт өнгөрсөн байх нь олонтой.
Хардалт хайрын шинж үү?
-“Хайртай бол хартай” гэдэг уламжлалт хэллэгээр, хайртай л бол хардах учиртай гэж олон хүмүүс боддог. Үүнийгээ хэрэлдэж, зодолдож эцэст нь эвлэрч, тэврэлдэж илэрхийлдэг гэр бүлүүд цөөнгүй бий. Тэдний амьдралд “Цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлдэнэ” гэдэг хэллэг мөрдлөг болж байдаг гэхэд хилсдэхгүй.
-Зарим хүмүүс хардуулах шалтгаа өөрөө гаргадаг. Гэр бүл болоод, эхэн үедээ жигтэйхэн хайртай халамжтай байснаа, хэсэг хугацааны дараа уйдаж, өөр нэгнийг эргүүлж эхэлнэ. Бага залуу наснаасаа олон хүнтэй холбогдож, багагүй наргиж цэнгэж явсан хүмүүс ийм араншин гаргах нь элбэг. Тэд “Сайнтай нь ханилж, сайхантай нь сүүлэрнэ” гэдэг хэллэгээрээ ихэд бахархдаг.
-Харин үргэлж хардаад, өөчилж дарамтлаад байхаар зарим хүн, “ингэж хоосон хардуулж байхаар, хоолтой хардуулья” гэдэг бодлоор өөр бусадтай холбогдож эхэлнэ. Тэгээд ч цаг үргэлж хардаж, дарамтлаад байх нь аажим аажмаар сэтгэл урмыг нь хугалж орхидог. Тэр үедээ яасан ч ялгаагүй юм билээ гэдэг бодлоор өөрийгөө өмөөрөх. Харин тэд өөрт дутагдаж байгаа зүйлээ өрөөл бусдаас хайна.
-Хань ижлээ, өөрийг хуурч араар тавиад байгааг илрүүлж нотолсон зарим нь, гомдож өширсөндөө, хариугаа авч, хорслоо тайлах хүслээр өөр бусадтай холбогддог. Хэдийгээр сэтгэлийн шаналлаа дарж чадахгүй ч “хорыг хороор” гэдэгчлэн хорслыг хорслоор тайлж байгаадаа бага зэрэг сэтгэл өег. Харин ийм үйлдлээс хэн нь хожиж, хэн нь хохирч байгаа нь тодорхой бус. Харин хайр сэтгэл, нандин бүхэн нь үгүй болж байгаа нь үнэн.
-Хардалтаас үүдэлтэй байнгын хэрүүл, дарамт шаналал, хэн хэнийг нь сэтгэхүйн хямрал, гүн ядаргаанд оруулж, “там” болсон энэ амьдралаасаа залхана. Ядахнаа гэр бүлийн ийм эмгэнэлт, инээдэмт үзэгдэл бусдын өмнө ил болж, бусдад шоолуулах, өрөвдүүлэх шалтаг болдог нь илүү гаслантай. Ойлголцож чадахгүй, аргаа барсан ийм байдлын улмаас эцэстээ салахад хүрдэг.
Гэр бүл салалтын шалтаг болсон хардалтын тухай биш, өөрийгөө өөгүй өндөг, зовлонт нэгэн болж харагдуулахын тулд, ханилж байсан ханиа, тэсэж байхын аргагүй араатан, жигшүүрт нэгэн хэмээн бусдад сурталчилна. Харин өөрийгөө давхар муугаар сурталчилж буйгаа анзаарахгүй. Цаг хугацаа улиран улирч, энэ л нугачаанд алт, гууль хэрхэн ялгарахыг өнөө хэн ч төсөөлшгүй.
Итгэл бол хайрын нэгэн тулгуур
Өнөө цагт хүн бол шүүгээ биш гэдгийг ойлгох цаг болжээ. Чухамдаа хүн учраас л бусад хүмүүстэй харилцаж, бусдад таалагдаж, хүндлэгдэж, магадгүй хайрлагдах эрхтэй. Харин энэ харилцаанд өөрийгөө хэрхэн авч явах нь, тухайн хүнээс, ухаан, ухамсар, хүмүүжлээс нь шалтгаалдаг. Бид дор бүрдээ үүнийг сэтгэлдээ зөвшөөрдөг хэдий ч ил гарган хэлж зүрхэлдэггүй. Харин өөрт нь тааламжтай хандсан хүн бүрийн араас баярлан хөөрч гүйгээд байх нь зохимжгүй.
Нэгэнт хайрлаж, дурлаж, амьдралаа холбосон хүнийхээ тухай “бид бие биедээ хайртай, тэр минь намайг гомдоохыг хүсдэггүй, би ч түүнийгээ гомдоохыг хүсэхгүй” гэдэг бодол, итгэл л учир утгагүй хардалт, “там” болсон амьдралаас хамгаалах эхний алхам. Хайртай хүнийхээ итгэлийг алдаж, түүнийгээ гомдоочих вий гэдэг бодол, хүнийг ямар нэгэн болзошгүй тохиолдлоос аварч чаддаг. Хэрэв гарцаагүй ийм байдалд орсон тохиолдолд, хоорондоо чин сэтгэлээсээ үнэнийг ярилцаж, учир шалтгааныг нь тодруулж, ойлголцон уучилж байх нь, дахиад ийм байдалд орохгүй байхын баталгаа болно. Харин тэр хүн нь юугаараа надаас илүү байж, үүнийг минь татаа вэ? гэж бодож үзэхэд ч гэмгүй.
Итгэсээр, ярилцаж ойлголцон, уучилсаар атал дахин дахин ийм байдал давтагдах аваас шууд л салсан нь дээр. Хэсэг хугацааны дараа чамгүйгээр байж чадахгүйгээ ойлгон, уучлал гуйж ирвэл сайн л хэрэг. Тэр чигтээ ирэхгүй бол, чамд хичнээн хэцүү байсан ч мартах л хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт гарцаагүй болох тэр зүйлийг эрт ойлгож, мэдэрсэн нь таны хувьд завшаан байж болох.
Аль болохоор бие биедээ итгэж, итгэлээ дааж байх нь хамгаас чухал байна даа. Хайр гэдэг аугаа зүйл. Бие биедээ үнэхээр хайртай, бие биегүйгээр байж чадахгүй л бол, хайртай хүнээ гомдоож, түүнийхээ дургүй болон хүсдэггүй зүйлийг хийхийг, хэн ч хүсдэггүй. Үүгээрээ бид бусад олон амьд биетээс ялгагддаг.
Учир утгагүй хардалт, эзнийхээ сэтгэл зүйд нөлөөлж, улмаар өвчний шинжтэй болж, даамжирвал галзуурал солиоролд хүргэдэг. Хардалтаас болж амиа хорлох, сэтгэцийн өвчтэй болсон тохиолдлууд цөөнгүй. Хүн өөрийн сэтгэл санаагаа өөрөө захирч, тухайн нөхцөл байдлыг бодитоор мэдэрч сурах нь их чухал. Хүний амь гэдэг, хэн нэгний буруу үйлдлээс хямдхан байх гэж үү? Хорвоо дэлхий уужим, хүний амьдрал баян. Хүнд юу эс тохиолдож болох шүү дээ. Харин хүн болж төрсөн хувь заяанаас аугаа нь үгүй. Итгэл бол амьдралын нэгэн том тулгуур ажээ.
Төгсгөл
Өдгөө хардалт, итгэл алдалт, олон гэр бүлүүдийн салалтын шалтаг болж буй. Бид бие биеэ өмчлөх бус, бие хүнийх нь хувьд эрх чөлөөг нь хүндэтгэж, бие биедээ итгэж, итгэлээ дааж сурах нь хамгаас чухал байнаа. Бусад сайн, сайхан хүмүүсийн талаарх тааламжит сэтгэгдлээ бие биеэсээ нуух биш, харин ч хоорондоо ярилцаж, тоглоом шоглоомоор ч атугай ойлголцож байх нь, хардалтаас ангид байж, итгэлцэж байх нэгэн үндэс.
Цаг ямагт бие биедээ анхаарал тавьж, чин сэтгэлээсээ ярилцаж, хайрлан халамжилж, хайр энхрийлэлийн сайхан үгсийг хэлэлцэж байх нь “нялуурч” байгаа хэрэг огт биш, өөрсдийн хайр сэтгэлээ, итгэлээ хамгаалж байгаагийн нэгэн илрэл.
Үүнийг шоолох хэрэг юун. Бид гадаадын хүмүүсийг үнсэлцэж байхад гайхахгүй хэрнээ, монголчуудыгаа үнсэлцвэл жуумалзаад байх жишээтэй. Хайр, хардалтад гадаад, дотоод гэсэн ангилал байдаггүй гэнэ.
Харин бие биедээ итгэж чадахгүй, ямагт хардаж дарамтлаад байх нь, итгэлийг тань алдаж, өрөөл бусадтай холбогдох боломжийг нь нээж өгч байгаа хэрэг. Хэрэв таныг хуурахыг хүссэн л бол яаж ийгээд ч хуурах боломж буй. Харин итгэл, хайр халамж, энэ боломжоос татгалзахад хүргэдэг гэдгийг мартамгүй. Чулууг чулуу хагалж, голын зөөлөн ус мөлийлгөдөг гэнэм.
Дэнслээд байгаа сэтгэлийг дээсээр биш, хайр халамж, итгэлээр л тогтоодог аж.
Бүх зүйл өөр хэнээс ч биш, зөвхөн та хоёроос л шалтгаалах ажээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
10 Comments
Байнга хардуулахаар хийгээгүй байж л айгаад байдаг, тэгээл бүр үнэн гэж боддог биз. аймар хийсвэр сэтгэлгээтэй хүмүүс харддаг байхаа янз бүрийн юм зохиогоол … Хардах байх гэж бодоол хамаг ая талыг нь засах гэж оролдоно тэгэхээр буруудна. Ернь хартай эрчүүдэд эхнэрээ дарамтанд оруулдаг. ингэчүүл хардах болуу тэгчүүл хардах болуу гэж бодсоор …. бүүр сэтгэлийн дарамтанд амьдрах юмдаа
Hardalt bol air sh deee. Jaahan bval yahav. Hetervel tegeed l amidral duusna. Amid salahaa l boddog boldog yum daa
Vneheer busdad uurtuu itgelgvi haragddag gj vnen bha uurtri itgelgvi l hvn aldchihbii gsn aidastai hardaj eheldeg bh bi bvr uuriiguu vzen yadchihlaa bi iim l uurtuu itgelgvi hvn yum bhda
huniig zugeer baihad hardaad baihaar setgel sanaa boon daramt daraa ni nohroosoo yu ch hiigeegui baij l aigaad baidag um baina , etsestee ene amidral hun aminii hergeer duusah um baina gedgiig l oilgood suuj baina. eh daramtand orj eh zoduulj nuduulsnees bolood hun um um l hiih um baina shuu…………………… uunees garahj arga ni salalt ch um uu
Taalagdlaa
Hardaj uzeegui bodvol hairgui bsyn boluda
Hardalt bol mongoliin emgenel !
Hardalt bol hunii araatan torh yum shuu dee! Harin mongolchuudad bol exstra ih baidag yum!
Hvntei syylaa gd umchluh yosgvi.harin salaad yawsan ch daraagiin amidral hvleej bdgiig bie biedee heleltgvi medh bailgvi dee.syylaa gd nasan tyrshdaa tvvnii umch bno gsn vg bish shvv dee.
MEDREL MUUTAI SETGETS ASUUDALTAI HUMUUS L HARDAH OVCHTEI BAIDAG YUM .KK