Радиогоо чихэндээ наан, амьсгаагаа түгжих шахан мэдээ сонсон суух Мажиг хөгшний аньсага чийг даасан харагдана. Гартаа барьсан транзисторынх нь элэгдэж хуучирсныг ажвал энэ хөгшинтэй цөөн биш он жилийг хамт өнгөрүүлсэн нь илт. Радиогоо орныхоо хөл рүү хайш яйшхан тавьчихаад хөгшин өрөөний баруун хойд буланд байх жижиг бор авдар руугаа мөлхөв. Ажвал, сонсъё гэснээ сонсч чадаагүй бололтой.
Бор авдрынхаа өмнө сөхөрч суугаад Мажиг гуай буурал тэргүүндээ алга хавсран мөргөж эхэллээ. Хоёрхон аравныг элээчихвэл зургаадай таягаа тулах энэ буурал давхар хаалгыг нь эвдчих шахан балбахыг ч сонссонгүй.
“Хүү минь сайн барилдаасай…” хэмээн сүслэн залбирч суугаа нь энэ. “Радиогоо сонсоод сайн сууж байгаарай” гээд эмээдээ үнсүүлж, бурхандаа мөргөчихөөд явсан зээгийнхээ араас “залбирахаас өөр чадах юм алга” гэж хөгшин өөрийгөө буруутгах. Хоёр гартаа барьж ирсэн юмаа шалаар нэг тарааж шидчихээд “Хаалга онгойлгоод өгчихгүй юм аа, дүлий хөгшин чинь” гэж хараал, ерөөлөө урсган тачигнах охиныхоо орж ирэхийг анзаарсангүй.
… Алтан медаль зүүчихээд инээмсэглэн ирж яваа зээ хүү Зөнбилэг нь харагдаж, бурханы ивээл бүх биеэр нь гүйх агшнаа түүнийг хажуу тийш унатал шүргэхэд Мажиг хөгшин зэвхийн нүдээ нээв.
– Хаалга онгойлгоод өгчихгүй. Үхсэнээ хийгээд байдаг юм бэ? хэмээн нүд нь гялалзан, шүлс үсчүүлэн давшилж байгаа махлаг бор хүүхэн бол түүний ганц охин Цацар нь. Газар тулан босоод гэм хийсэн хүүхэд адил зогсох хөгшин охиноосоо дальдчиж байгаа нь илт. Ашгүй Цацарын ааш хормын зуур өөрчлөгдөн:
– Хүүгийнхээ араас л залбирч, мөргөөд байгаа юм уу даа, ээж минь… гэхэд нь муу модон орныхоо хөлд аль хэдийнэ очоод хярсан туулай шиг хулмагнан суух хөгшний духны нь үрчлээ тэнийх шиг болоод ирэв.
– Миний бор хүү юм дуулгах даг шүү. Ээж нь үүрээр жаахан дугхийсэн чинь “Хүүгээ медалиа бариад дэнхийтэл гүйгээд ирлээ” гэж зүүдэлсэн. Би чинь зүүдлэхээ ч больсон амьтан байгаа юм… гээд охин руугаа аргадангуй харц илгээнэ.
– За, за. Юун зүүдтэй манатай. Хувцсаа өмс. Чандага одоо хүрээд ирнэ. Цацарыг ингэж хэлэхэд Мажиг гуайн дотор харанхуйлах шиг болов.
Эвхээсээ сэмэрч имэрттэл нь хадгалсан бор минчүүн дээлээ хэдрэхдээ ханцуйгаа ч олохгүй салганах.
– Яачихаад дээлээ ч өмсчихөж чадахгүй, бээцрээд байгаа юм бэ дээ гэх Цацарын яншилттай зэрэгцэн хаалганы хонх дуугарлаа.
– Өө, миний хайр! Яасан хурдан ирэв? Хайр нь дөнгөж сая л орж ирлээ ш дээ. Миний хайр халуун юм уух уу?
– За, цай, цүү яах вэ… Яасан?
– Одоохон гэснээ Цацар хөгшин рүү дөхөж очив.
– Ээж минь дээ, та чинь бас юугаа гөлрөөд зогсчихов оо…
Охиныхоо уцаартай энэ дуунаас бондгосхийн цочсон хөгшин зээгийнхээ зургийг өвөртөө хийчихээд, насаараа наминчлан залбирч ирсэн “Говийн Лха” бурхандаа өмөлзөн байж мөргөөд тарниа бувтнан, дотогшоо мэгшүүлсээр үүд рүү гэлдэрлээ.
…Нисэх онгоцны буудлаас шууд Төрийн ордонд очиж, энгэртээ Гавьяатын тэмдэг зүүчихээд есөн хөлт цагаан тугийн дэргэд зогсох Зөнбилэг эмээгээ битүүхэн хайж байв. Ээж нь Чандагатай цуг ирчихсэн цэцэг бариад зогсч байгааг хараад эмээгээ гэртээ үлдэж хэмээн бодсон ч “Төрийн ордонд чинь та нарыг бодвол би дуртай цагтаа орох эрхтэй хүн шүү” гээд жижигхэн улаан үнэмлэхээрээ гайхуулдаг болохоор нь Азийн наадмаас аваргын шагнал хүртсэн зээ хүү нь эмээгээ ороод ирсэн байж магадгүй хэмээн горьдсон хэрэг.
– Одоо л хүүгийн минь хэрэг гарах нь дээ. Баяр хүргэе. Ээжийн чинь хөл газар хүрэхгүй шахам байна гэснээ Чандага, Цацар руу харан маг маг инээснээ Зөнбилэгийг чанга гэгч тэврэв. Ээждээ үнслүүлэхдээ хүү “Эмээг дагуулаад ирэхгүй яасан юм бэ?” хэмээн гомдоллож амжжээ.
“…Эмээ минь сувиллаас ирэх нь дөхөж байна” гэж бодоод Зөнбилэг энгэрт нь гавьяатын тэмдэг гялалзах пиджакаа гаргаж ирээд байн байн үзнэ. Радиод өгсөн ярилцлага, телевиз гарсан нэвтрүүлгийнхээ бичлэгүүдийг эмээдээ үзүүлэхсэн гэхээс тэрбээр яарч байлаа. Сувилалд явсан эмээгээ хоног тоолон хүлээж байтал сар гаруй хугацаа өнгөрчихжээ. Ийм удаан сувилуулах болсонд нь хүүгийн сэтгэл эмзэглээд нэг л тогтворгүй байх болов. Гэвч Дэлхийн аваргын цомын төлөөх тэмцээн сарын дараа болох учраас Зөнбилэгт зав гарсангүй шууд бэлтгэлдээ гарсан байна.
…Намрын дунд сар талдаа ороогүй шахам байхад уулын орой цагаан малгай духдуулсан мэт цавцайна. Урд уулын бэл өгсөн дурайх зам улам тод болчихсон юм шиг харагдавч Мажиг гуай саравчлан ширтсээр байлаа. “Машин, тэрэгний бараа алга аа…” хэмээн хөгшнийг шүүрс алдахыг үс хөөвөр нь ширэлдэн баарцаглаж гүйцсэн хар нохой сонсов уу гэлтэй сүүл шарван газар шилбүүрдэв.
Туниа муутайхан ээж наран өөд нулимсаа шудран байж алга хавсран залбирах хөгшний хойно, өмнө нь гарц оцойн суух хар нохой Мажиг гуайг хаашаа ч явсан даган шогшиж, хань бараа болсоор гурван сарын нүүр үзчихэж. “Ганц охиноос минь илүү намайг бараадах юм даа… Банхарын минь сүүл дээшээ, үснийх нь сор сайхан байгаа. Миний зээ хүү хүрээд ирнэ ээ… “Медаль авлаа. Гавьяат цолоор шагнууллаа…” гээд л эмээгийн бор хүүг мөн ч их магтаж байсан шүү, энэ араажаваар…
…“Сайн, сайн гээд сахлыг нь будаж, саймширч толгойг нь илж гүйгээд байсан тэр Энхбилэг чинь өөр хүүхэнтэй суучихсан аж. Энэ хүүхдийг нь гаргахгүй… Эсвэл би үхээд та нарыг амраагаад өгье…” гээд үс гэзгээ зулгаан хашгичих охиноо аргадах гэж тэвэрч авсан биш шууныхаа хоёр судлыг тасартал хазуулсан “Ээж нь өөрөөрөө овоглоод авъя. Ямар ч байсан миний охин наад хүүхдээ төрүүлчих”. Ингэж гуйж байж зээ хүүтэй болсон.
Дамбадаржаагийн эцсийн буудлаас Зодовын тарлан үнээний сүүг зөөсөөр байгаад зээ хүүгээ ой хүргэж. Гэтэл охин Цацар нь “Би энэ хүнтэй сууна…” гээд дүүрэн шивээстэй зургийн цомог шиг биетэй эр дагуулж ирэх болсон нь Чандага. “Энэ чинь хань болох хүн биш байна” гэж охиноо гэсэн сэтгэл тээн хэлснийхээ төлөө “Яах гэж хайр дурлалыг минь хориод байгаа юм бэ. Наад зулбасагатай чинь хамт гаргаад хаячихна шүү” гээд шалны мод далайн дайрсан охиндоо дахиж ам нээхгүйгээр шийдсэн. Зөнбилэгийн төрсөн өдрийг эмээгээс нь өөр тоох хүн байгаагүй. Нэг ой хүрсэн хүүдээ хадгаламжийн дэвтэр нээлгэчихээд эмээ, хүү хоёр хоорондоо чанга чанга ярьсаар гэртээ иртэл үүдэнд нь “Сайн байна уу, та? Юун хүүхэд үүрээд явж байгаа юм бэ?” гээд сайхан цагаан залуу зогсч байсан нь Зөнбилэгийн аав байсан юм. Эвлүүлж хэлэх гэж зөндөө зүдэрсний эцэст охиноо гэсэн эхийн сэтгэлдээ чангаагдан “Өргөж авсан юм аа. Өөртөө хань хийж, гар хөлийнхөө үзүүрт зарах гээд…” хэмээн худал залжээ.
Америкт ганцхан жил болоод ирэхэд нь өөр хүнтэй суучихсан Цацартай нэг ч үг солиогүй Энхбилэгийг гарч явахад Мажиг гуай “Миний хүү ирж байгаарай” гэж хэлмээр байсан ч охиноосоо айгаад чадаагүй гэдгийг минь Зөнбилэгийн аав мэдсэн байсан…
…Хүү минь эцгийгээ мэдэхгүй. Гэхдээ “Эмээ, би яагаад танаар овоглодог юм бэ? гэж байн байн шалгааж намайг хэлэх үггүй болгодгоо больсон байна лээ. Тэгсэн чинь нэг удаад эхтэйгээ ам мурийж, намайг өмөөрөхдөө “Миний аавыг нуух гэж зовж явдгийг чинь мэднэ…” гэж хэлсэн юмдаг. Эцгийгээ мэдсэн байх шүү, миний хүү. Хадан гэртээ очихоос өмнө хүүгээ эцэгтэй нь уулзуулчихвал хөгшин толгой миний хэрэг бүтэх нь тэр дээ…”.
Банхар сөөнгөтөж, царгисан хоолойгоор хуцах нь “Хоолны цаг болсон”-ыг хэлж байна гэдгийг нь Мажиг гуай мэдэж байсан мөртлөө зам харуулдан суусаар байлаа. “Эмээ чинь хугацаагаа сунгуулсан гэнэ ээ. Сувилал нь их сайхан байгаа юм байлгүй. Миний хүү “Дэлхийн аваргын цом”-ыг өвөртлөөд ирэхээ л бод. Бэлтгэлээ сайн хий. Азийн аваргад 30 саяыг өгч байгаа юм чинь дэлхийн аварга болчихвол миний хүү 100 саяыг атгана гэсэн үг. Бид хоёр энэ муу байрыг сольж, томруулах санаатай. Чандага ах чинь “Шинэ хороолол руу нүүмээр байна. Орчноо сольё. Хаана, юунд амьдрах бол хүүгийн минь нэр төртэй холбоотой шүү гээд л байгаа”.
Сарын өмнө ээжийнх нь хэлсэн үг зэвүүн, бүр зэвүүн санагдана… Зөнбилэг цурхиран уйлмаар байлаа… Дэлхийн аваргад оролцох эрх авсан түүний ярилцлага, зурагтайгаа сонины эхний нүүрэнд гарчээ. “Эмээ минь ямар их баярлах бол… Эмээ нь мэдээд байсан юм аа гээд л”. Зөнбилэг хөгжмөө чангалснаа нөгөөх сонингоо бариад буйдан дээр тухлан суулаа. Нүдэндээ итгэсэнгүй. Зөнбилэг нүдээ арчиж, цавчилж байгаад дахин дахин харав. Эмээгийнх нь зураг мөн байлаа. “Гэрэл, сүүдэр” гарчигтай сонины 13 дугаар нүүрэнд нийтлэгдсэн сурвалжлагыг дуустал нь уншив… Миний хүү медаль авсан байна лээ. Эмээ нь энэ араажаваар сонссон. Миний хүү удахгүй давхиад ирэх байх аа. Эмээгээ энд байгааг мэдэхгүй л дээ. Гэхдээ эмээгийн хүү чинь зөн совинтой мундаг эр байгаа юм…” гэжээ. Эмээгийнх нь нэрийг бичээгүй байв. Мөн “Яагаад энд ирсэн юм бэ?” гэж сурвалжлагчийг асуухад “Энэ тухай яриад нэмэргүй ээ” хэмээн эмээ нь хариулжээ.
Нулимсаараа өөрийгөө арайхийн тайтгаруулсан Зөнбилэг базаж шидсэн сонингуудаа тэнийлгэж, эвхээд халаасандаа хийснээ хүрмээ шүүрч аваад гарав. Гомдож, шархалсан сэтгэлийг нь илааршуулах гэсэн шиг “Баяр хүргэе. Танд юугаар туслах вэ?” хэмээн угтсан Улсын халамж үйлчилгээний газрын ажилтнуудын халуун, дулаан эелдэг зан Зөнбилэгийг нэлээд тайвшруулжээ. “Юу гэж хэлэх вэ?”, “Мэдэхгүй” гэвэл яана гэсэн асуултад ээрэгдэж “Эмээгээ олохгүй, уулзаж чадахгүй бол…” гэх айдас нь алга болсон байв.
“Дэлхийд нэрээ дуурсгах гавьяат” гэсэн гарчигтай сурвалжлага нүүр дүүрэн инээсэн өөрийнхөө гэрэл зурагтай, үрчийсэн сонинг гаргаж ирээд “Та нар надад туслаарай” гэснээ Зөнбилэгийн хоолой зангирав. Тэгснээ “Энэ хүний овог, нэрийг тодруулж өгөөч” гээд өөрт нь дийлдэхгүй бөмбөрч ирсэн нулимсаа алгаараа арчлаа. “Түдэвийн Мажиг. Харж асрах хүнгүй учраас холын хамаатан гэх эмэгтэй нь Асрамжийн газар хүргэж өгсөн байна…” гээд учрыг аль хэдийнэ ойлгож, мэдсэн бүсгүй доош харсан чигтээ сулхан дуугарав.
– Наад хүн чинь миний эмээ. Миний овог Мажиг… гээд чанга хэлснээ Зөнбилэг эргэж ч харалгүй гараад явсан байна. Цасны жавар хайрч, мойнийж тахийсан хэдэн хуруу нь хоорондоо эвлэж өгөхөө больсон хэдий ч эрхиэ шаламгай нь аргагүй эргүүлэн нүд салгалгүй зам руу харан суух Мажиг хөгшний нүдэнд зэрэглээ татах шиг, зам ойртож холдоод ч байх шиг. Салхинд осгоруутаж, улцайсан нүднээс нь урсах нулимс бүрхээд болж өгсөнгүй.
Нүдээ дахин дахин шударч “Энэ муу банхарын нүд бас юу ч үзэхээ больж дээ… Машин… Цаана чинь машин ирж байна…” гээд босч аминдаа л яаран алхах аядлаа. Ойртон ирж яваа машиныг хэзээ хойно харсан банхар тасралтгүй хуцаж эхлэв. “Миний нүд, чадал хоёр чинийхээс дээр юм гээч. Чимээ өгчихөж чадахгүй банхар чиний хэрэг алга… Миний хүү… Миний хүү… Мөн дөө, мөн…” гэж үглэн суун тусах. Бүдчин, сөхчин ам тосон алхах хүн бол “Миний эмээ” гэдгийг зөн совингоороо мэдсэн Зөнбилэгт зам харагдахаа болив. Хурдаа нэмэн, нүдээ цавчлах тусам эмээ нь ойртсоор…
Зөнбилэг авч очсон хүнсний бараа, ойр зуурын эм тариагаа асрамжийн газрын нярав өвгөнд хүлээлгэж өгөөд:
– Бид хоёр явлаа. Энэ чинь гэр оронтой, харж хандах хүнтэй хүн. Би хүү нь байгаа юм…” гэснээ иргэний үнэмлэхээ энгэрийнхээ халааснаас гаргаж үзүүлэв.
– Ойлгож байна аа. Мажиг гуай бүгдийг ярьсан. Зээгээ байнга ярьж, охиноо хааяа магтдаг юм… хэмээн сулхан хэлэх бүсгүйн нүд нулимсаар дүүрээд ирлээ. Энэ бол эмээ, зээ хүү хоёрын учрал түүнийг уярааж, ухаантай хүүгээр нь бахархсан нулимс. Хотын бараа харагдахад хөгшин тоолж буй тарниа чанга хэлснээ ч анзаарсангүй. Жаахан хүүхэд шиг ам нь өмөлзөж ирснээ залбирч байгаа харагдав. Зөнбилэг зүрхэндээ шаналан уйлавч ил гаргасангүй. Яаруулсан юм шиг эрхиэ хурдан, хурдан эргүүлж суусан Мажиг гуай:
– Цацар минь хэдхэн хоногийн өмнө ирсэн л дээ. Эмээ нь хүүгээ ирэхээр харья гэсэн юм… гэж хэлэхэд хоолой нь зангираад ирэв. Эмээгээ ингэж хэлж байгаагийн цаад утгыг Зөнбилэг сайн ойлгож байгаа болохоор “Ээждээ өгөх гээд нэг өрөө байр авсан. Эмээ хоёулаа одоо очоод түлхүүрийг нь гардуулж өгье. Гандан орчихоод ээжтэй уулзъя” гээд эмээгээ инээмсэглэлээрээ өхөөрдөв.
Өндөр гэгээн Жанрайсигтаа мөргөсөн Мажиг гуай тэнгэр баганадсан зээ хүүгээ сугадан алхаж явахдаа:
– Миний хүүгийн аав их сайн хүн байдаг юм шүү дээ. Эмээгийн хүү ааваараа овоглочихвол “Дэлхийн аваргын цом”-ыг дор нь авчих юм биш үү гээд хүүгээ “Юу гэх бол” гэсэн шиг зогтусан зогслоо. Зөнбилэг эмээгийнхээ гарыг чанга атган, энгэрт нь нүүрээ нааснаа толгой сэгсрэв.
Нэр алдарт хүрэхэд нь “Эмээгээр овоглосон, эцэггүй” гэж шоовдорлох вий хэмээн үргэлж сэтгэл төвдөж явдгаа өнөөдөр Мажиг хөгшин ил гаргаж байгаа нь энэ. Гэвч “Тэр сайн хүн байж болно. Гэхдээ сайн аав байж чадсан гэж үү? Үгүй ээ. Би эмээгийнхээ, энэ навтгар шар хөгшний өвөрт өсч өвөр дээр нь дэвхцэж өндийсөн. Миний овог хэзээ ч, хаана ч Мажиг…” хэмээн бодсон Зөнбилэг:
– Таны магтаад байгаа тэр хүнийг чинь хүү нь сайн танина аа. Бид хоёр байнга холбоотой байдаг юм шүү дээ. Нээрэн аав тантай уулзах юмсан гээд байсан гэснээ утсаар ярив. Хүүгээ, эмээтэй нь хамт угтан авсан Энхбилэг,
– Миний хүү чинь аавтайгаа улам адилхан болоод байгаа юм уу даа гэснээ өсгийгөө өргөн байж Зөнбилэгийг үнслээ.
Чандага, Цацар хоёр өөд өөдөөсөө ч харж чадахгүй сууна.
– Чи л эхэлж энэ байрыг нь нэр дээрээ шилжүүлж авахын тулд асрамжинд өгье гэсэн биз дээ?
– Сургуулийн захирал хүүхэн рүү гүйгээд байхаар чинь чамайг байр, хөрөнгөнд нь болж үхэх гээд байгаа юм болов уу гэж бодсондоо л ийм юм хийсэн ш дээ. Тэгээд чи бас “Гэрт очихоор тос, тортог ханхлаад байх юм гэж “Ээжийг холдуул” гэсэн санаагаа ил хэлж чадахгүй ч элдэв үг, үйлдлээрээ байнга дарамталдаг байсан биз дээ?
– Хүү чинь зэвүүн… Толгой цусдана шүү гэдгийг би чамд зөндөө хэлсэн. Тэгэхэд чи “Миний хүү мөнгөний машин болчихлоо. Чи дуугүй бай” гээд томроод байгаагүй бил үү?
Гэдсэндээ хөлөө жийлцэн ийнхүү хэрэлдээд сууж байтал хаалгыг нь тогшив. Чандага, Цацар хоёр зэрэг шахам босч аврал хайгаад ч байгаа юм шиг, аль эсвэл нэг нэгийгээ ад үзэх ч шиг харцаараа зодолдож байснаа Цацар хөлөө зөөж ядан хаалга руу очсоноо:
– Хэн бэ хэмээн дуулдах төдий хэлэв.
– Зөнбилэг байна аа.
Хаалга онгойлгож өгчихөөд угаалгын өрөө рүү орсон Цацар гарч ирэлгүй хагас цаг шахам болжээ. Хүүгийнхээ, ээжийнхээ нүүрийг харж чадахгүй байгааг нь ойлгосон Зөнбилэг,
– Та гарч бай. Бидэнд гурвуулахнаа ярих юм байна гээд хаалга онгойлгов. Сүүл хавчин зугтах гөлөг шиг Чандага ухасхийн гарлаа. Энэ бүгдийг сонсч, мэдэж байсан Цацар хэзээ мөдгүй үхлээ хүлээсэн өвчтэй хүн шиг бээцийн хөдөлж ядан орж ирэв. Охиноо хараад Мажиг хөгшний уруул өмөлзөөд,
– Миний охин… Даанч дээ… гээд эхэр татсанаа,
– Алив, ээж нь үнсье гээд гараа сарвайв. Зөнбилэг нүд цавчилгүй ээжийгээ харж, эмээгээ түшиж сууснаа,
-Танд эмээ бид хоёр шинэ байрны түлхүүр өгөх гэсэн юм. Эмээгийн энэ байрны бүх бичиг баримтыг орхиод яваарай гэв. Шинэ байрны түлхүүр атгасан Цацарын гар халуун дүүгэх шиг болсон ч харцаа шалнаас салгаж чадсангүй. Тэрбээр “Уучлаарай” хэмээн хэлэх гэж хичээвч түүний уруулыг давж унасангүй. Гарыг нь атган суугаа атигар шар хөгшнийг сая таньж, олж харж байгаа юм шиг Цацар ухасхийн тэвэрснээ мэгшүүлэн уйллаа…
Эмээгийнхээ шүтээн, бор авдар тэргүүтнийг тагтан дээрээс оруулж, шороо тоосноос салгасан Зөнбилэг,
– Эмээ ээ! Хүү нь гавьяатын тэмдэг, медаль хоёроо бурхныхаа өмнө тавьчих уу гэв.
Мажиг хөгшин зээ хүүгийнхээ зулайг удаан үнэрлэснээ,
– Тахил, шүтээн минь амь ороод яасан сайхан юм бэ дээ гээд бөгтөр нуруугаа тэнийтэл сунаж мөргөлөө.
Цацар юу ч хэлж чадахгүй суусаар байв. Хүү нь эмээдээ шагнал, зураг, аварга болчихоод өгсөн ярилцлага, сурвалжлагаа үзүүлээд завгүй. Сэмээрхэн босч, бурхандаа мөргөсөн Цацар хөлөө зөөж ядсаар хаалганд тулж ирэв. Тэрээр эргэж харах гэснээ мөн л чадсангүй. Төрүүлсэн ээж, төрсөн хүү рүүгээ эгцлэн харж чадахаа больтол өөрийгөө шийтгэж, хүн төрхөө гээж хаяж явснаа өнөө хүртэл Цацар ухааралгүй явжээ. Сэтгэлийн их шаналан, гэм буруу хүний тэнцвэрийг алдагдуулдаг байна. Шатаар уруудан бүдчин алхахдаа Цацар хашлаганаас нь тас зуурчээ.
Түүний хажуугаар нэг хүн зөрсөн нь танил ч юм шиг санагдахад Цацар өөрийн эрхгүй эргэж харав. Хүүгийнх нь эцэг дотогш орж байлаа. Цацар байн байн утасдаж, дээрэнгүй дуугаар зандчих Чандага дээр очих гэж яарсангүй. Байрнаасаа холдмооргүй санагдаад байж. Ойролцоохь цэцэрлэгийн хашаанд суун гэрийнхээ цонх руу хараад зөндөө удаан суулаа.
Ээждээ хөтлүүлээд Анагаахын их сургуулийн хаалгаар ороход,
– Өө, Түмэн эмчийн охин… Аав чинь энэ сургуулийн анхны төгсөгчдийн нэг шүү дээ. Аавынхаа мэргэжлийг өвлөн эзэмших гэж байгаа чамд баяр хүргэе гээд Дуламсүрэн гэх сайхан зантай өндөр бор хүүхэн угтан авч байсан юмдаг. Хожим сонсвол, Дууяа багш аавын минь шавь нарын нэг байсан. Дандаа охидууд. Цагаан халаад, малгайгаараа ижилсчихээр хосгүй, ховор хун шувууд шиг ямар гоё харагддаг байсан гээч. Ээж хааяа ирэхээрээ намайг танихгүй “Миний бөндөөлэй хаана байх шиг байна” гээд хажууд зогсч байгаа хүүхдээс асуухад аминдаа ичнэ. Бас муу ээжийнхээ толгой дээр гарсан, давилуун зангаараа “Та чинь одоо сохор юм шиг яагаад хүн амьтнаас асууж, хүн шараа болгоод байгаа юм бэ?” гэж уцаарлана. Тэгэхээр ээж минь ялгахын аргагүй адилхан хүүхдүүд дотроос охиноо олж харахгүй мунгиначихлаа” гээд хошуу цорвойдогсон…
… Ангийнхаа Навчаатай хамт бассейнд орж дараа нь таэквондогийн дугуйланд явдаг байлаа. Тэгж саваагүйтэж явж байгаад Чандагатай танилцсан. Бялдаржуулах урлагийн багш гээд охид, бүсгүйчүүд хуйлруулсан түүнийг эхэндээ нэг нүдээрээ ч хардаггүй байсан. “Тагнуулч шиг нэвт шувт ширтсэн мангар амьтан…” гээд тааралдчихгүйг хичээдэг байсан мөртлөө оюутнуудын дунд усанд сэлэлтийн тэмцээн зохиох үеэр Чандага манай багийнхныг дасгалжуулсан. “Энэ багш гээд байгаа балай хар юм чинь чам руу яаж хараад байгаа юм бэ? Миний хайр эмч болох юм чинь ийм дугуйлан, тэмцээнд орж хэрэггүй…” гэж Энхбилэгийг хэлэхэд зөрүүд, дураараа хүн чинь яахав дээ “Чи дуугүй бай. Би өөрийгөө мэдэж байна” гэдэг байлаа. Олимпиадад түрүүлсэн гээд Энхбилэг Америкт нэг жил суралцах эрхээр шагнуулж байхад би Чандага багшийн урилгаар бааранд халамцуухан сууж байлаа…
Өөрийг нь хуурч, үнэнч сэтгэлээ аль хэдийнэ сэт татсаныг Энхбилэг мэдээгүй. “Миний хайр, хичээлдээ шамдаарай. Ээждээ сайн туслаарай…” гэж ирээд их мундаг захиас сургамж үлдээгээд явангуут нь би Чандагыг дагаж гүйсээр байгаад сургуулиа орхисон…
– Гэдсэн дэх хүүхдээ устга гэсэн Чандагын хүсэлтийг ээж эсэргүүцсээр байгаад хүүтэй болсон. Жил шахам Чандагатай ч, Энхээтэй ч холбоо бариагүй. Намайг жирэмсэн, тэгээд төрсөн гэдгийг тун цөөхөн хүн мэдсэн дээ. Энхбилэгт хэлэхгүй гэж хатуу шийдсэн. Төрсний дараахнаас Чандага дахин эргүүлдэж гүйсээр байгаад би ч сэтгэлээ татаж чадалгүй хамт амьдрах болсон. Өөртөө нүүр өгөхгүй, дургүй байгааг нь мэдсэн ээжийг минь Чандага үзэхгүй ээ.
– Чи надтай суух юм бол энэ орон гэрээ чөлөөл. Би гэж усан тэнэг амьтан тэнгэрээс од шүүрчихсэн юм шиг түүний үгэнд орж ээжийгээ, хүүгээ ад үзэж, хүний жагсаалтаас гаргаж хаясан. Эцэст нь байрыг нь Чандагын нэр дээр шилжүүлж авахын тулд ээжийгээ Асрамжийн газар аваачиж хаясан…. Түүний үгэнд ороод хүүдээ “Эмээ чинь үхсэн. Одоо хэдүүлээ суварга бүтээе” гэж хэлсэн бол яана аа… Цацар өөрийн эрхгүй бодлоосоо жихүүцэж, өөрөөсөө айх шиг болсноо босч цонх руугаа харлаа. Тэрээр “Чандага бид хоёр ер нь юутай билээ?” хэмээн өөрөөсөө асуув. “Үр хүүхэдгүй, өөрийн, өөрсдийн гэх бүтээж бий болгосон юу ч байхгүй… Зөвхөн ээжийг минь холдуулчихаад хүүгээр минь бизнес хийх гэж байсан…”. Үүнээс өөр хариулт байхгүй тул Цацар гэнэт юманд хөөгдсөн юм шиг ухасхийн боссоноо унаган багын найзынх руугаа алхав.
…. Эмээдээ үнсүүлж, ааваараа нисэх онгоцны буудлаас үдүүлж явсан Зөнбилэг Испанийн нийслэл Мадрид хотноо болсон жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авчээ. Ээжийндээ очиж, хүүгийнхээ хамт амжилт, ялалтын баярыг тэмдэглэмээр, хуваалцмаар байвч Цацар зүрхэлсэнгүй. Тийзийн үйлчилгээ эрхэлдэг “Air Mongolia”-гийн салбар дээр очиж, Москва руу гурав хоногийн дараа нисэх тийз авлаа. Цацарын дотор хуйларч, бөөгнөрөөд байсан хар юм алга болчих шиг болж, сэтгэл нь хөнгөрөөд ирэв. Хүү рүүгээ утсаар ярилаа.
– Баяр хүргэе, ээж нь… Өөр үг хэлж чадсангүй. Утсаа аль хэдийнэ таслан, гартаа атгачихсан мөртлөө “Ээжийгээ уучлаарай. Ийм сайхан хүү эрийн цээнд хүргэж өгсөн эмээдээ баярлалаа гэж дахин дахин хэлээрэй, миний хүү…
Наран эгчийнд нь 20 гаруй хонохдоо өнгөсөн амьдралаа бодож, өөрөөсөө айж, гутарлаа. Ээж нь Москвад амьдрахаар болсон. Өвөөгийн чинь найз, “Ажил, байр бэлэн” гэж хэлсэн… гээд нулимсандаа хахаж цацан уйлсаар байв.
… Нисэх буудал дээр найзтайгаа хамт ирсэн Цацар нэг л юманд хоргодоод ч байх шиг. Ер бусын сонин гэгэлзээд, сэтгэл нь тогтож өгөхгүй байлаа. “Хүү рүүгээ мессеж бичье” гэж бодоод утсаа гаргатал нэг хүн мөрөн дээр нь гараа зөөлөн тавив. Эргээд хартал хүү нь инээчихсэн зогсч байлаа. Ээж нь гоёлд өмсдөг үйтэн хуар дээлэн дээрээ “Таван жилийн гавшгайч”-аас “Алтан гадас” хүртэлх одон, медалиа зүүчихэж. Энхбилэг үл ялиг инээмсэглэх нь “Хайртай шүү. Хоёулаа сайхан амьдарна аа. Хэдэн хүүхэдтэй болох вэ?” гээд гарыг нь атган зогсч байсан тэртээ 22 жилийн өмнөх үеийнхтэйгээ адилхан харагдаж хайрыг татах шиг болов.
Хамхуул адил дураар хийсч явсан Цацарын харц гэмшил, ухаарлыг хослуулан гэрэлтэй, очтой болсон харагдана.
Эх сурвалж www.wikimon.mn
А.Бадрангуй
2 Comments
if someone does this kinda shit, they are only going to be women, no one else.
Eejiigee hundlehee baitlaa tegj aihtar sohortloo durladiin bhda esvel uuriin gsn tolgoi uneheer zayagaagui bsyn bjde