Хайр

36371090-1440-900

Тэр хүнийг дахин харах хүртэл сэтгэл зүрх минь яасан их шанална вэ, ерөөсөө л уулзахаа больё, ор тас мартъя. Чингэж бодохуйяа сэтгэл минь ашгүй хөнгөрөөд юу ч болоогүй мэт ердийн бор хоногууд буцан ирэх шиг, өдөр бүрийн арван таван цагийн цайны цагаа ч гэсэн урьдынх шигээ хүлээн сууя даа.

Хүний амьдралын жам болох нөхөрт гарах, хүүхэд төрүүлэх, өсгөх хийгээд өтлөн хөгшрөх хүртэлхээ эргэцүүлэн бодож өдрийг өнгөрүүлэх нь хөгшин бодолтой хүний зан хэмээн үл санана. Зүүний нарийхан сүвэнд утас шулуухан орно, хулсан нэхмэл шал нүцгэн хөлийн улыг минь сэтгэлд нэг л таатай сэрүү татуулан ирвэгнүүлээд шар удвал цэцэгс зэргийг худалдан авч өрөөгөө чимэн баясан сууна.

Тэр хүнтэй дахин уулзах үед яагаад ч юм бэ, зөн совин гэдэг юм байдаг юм шиг, ганцхан үүний төлөө л өдөр хоног, ганцхан үүний төлөө л би байгаа юм шиг сэтгэл минь хачин жигтэй гэгэлзэн хөөрч, чингэвч бодон үзвээс тэрхүү сэтгэлийн хөдлөл маань дэндүү тэнэг ч юм шиг санагдан харилцан зүрхэн доторх бодлоо няцаан үгүйсгэх нь яг л шөнийн харанхуй тэнгэрт галт цэцгүүд ээлжлэн асан унтрах мэт. Нэг харвал “бөөн улаан гэрлийн цацрагууд” гарч ирэн, дахиад нэг харвал “цагаан мөнгөн бөмбөлгүүд” гарч ирэн гялс гялсхийнэ. Тийн байтал тэр хүнтэй уулзах цаг минь лавтайяа ойртон ирэх авай.

Гараад явахад нь бас л нөгөө зовлон шаналал зүрх рүү минь шигдэн орж өвтгөх нь юутай бэрх вэ. Уулзаад харваас тэр хүн юу ч болоогүй юм шиг өнгөгүй царай гарган мишээнэ. Тийм авч цаанаа л нэг нимгэн цэнхэр ягаан туяа татуулан лийрийн модны цэцгийн дэлбээ адил өнгөөр харагдах нь надад нэг л хүнд ачаа болмой.

Тэр хүн хүдэр сайхан биеэ цэхлэн сандал дээр суун баруун хөлөө хажуулан нугалж юу гэдэг хөгжим юм бол, дагнан нэг хөгжим өвдөг дээрээ тавиад уянгуулан дарна. Ая дуу нь нэг л сайн сонсогдохгүй. Би ээжийн өгөөрэй гэсэн юмыг өргөн барихад тэр хүн мэхийн ёслоод хүлээн авч дахин ёслоод ширээн дээр тавина. Тэгээд над руу хуруугаараа дохин өөдөөсөө харсан сандалд суулгаад дахин хөгжмөө эгшиглүүлнэ. Тэр хүн юу ч үл ярина. Онийлгон харах нүдний завсараарх зөөлөн дулаан харцаа чимээгүйхэн миний чээж рүү чулуудан хөгжмөө даран сууна. Миний ер бусын зовлон эндээс л эхлэнэ.

Тэр хүний дотор лав би ч гэсэн хамт хайлан нийлэн урсах учиртай гол урсан буй. Би түүн рүү аажим аажмаар дөхөн улам гүнзгий мэдрэн догдлоно. Гэвч түүний бие чийдсэн гялтгар хиймэл арьс мэт, няслан үзвээс янхийсэн сэтгэл сэрдхийлгэм дуу гарч, гэнэт биеийг нь төмөр хуягаар бүрсэн аятай санагдана. Миний сүнс хаа нэгтээ орох хаалга хайн тэр хүний биеийг тойрон эргэлдэх авай. Гуниг төрүүлэм зарсхийсэн цахилгаан хамаг биеэр минь зурсхийн гүйж энд тэнд арьсыг минь хүчтэй цочроон иржгэнэн биржгэнүүлнэ. Эрэн бэдрэх миний сүнс хааяа нэг тэр хүний уруул, дух магнайг чиглэн зоригтой давшилна. Чингэвч гудамжны чийдэнгийн гэрэл ойн тусах гялгар хүрэн далавчит цох хорхойн адил миний сүнс түүний арьсыг мөргөн халтиран унаж ёолон мэгших чимээ дуулдана.

Би шаналал зовлонгоо тэвчин байж алгаа хавсран учир нь үл ойлгогдох өршөөл эрэн шивэгнэн гуйна. Гэвч тэр хүн огт ажиггүй чээжээ эгцлэн онийсон зовхины завсараарх зөөлөн дулаан харцаа миний чээж рүү чулуудан чимээгүйхэн хөгжмийн чавхдасаа татан сууна. Тэсэхгүйн эрхэнд миний сүнс тэр хүний энгэр рүү хурц соёогоо ёрдойлгон дайран орж чээж юугы нь хүү татан урж хаяна.

Гуниг төрүүлэм жирсхийсэн цахилгаан бүх биеэр минь тархаж, энд тэнд арьс минь иржгэнэн биржгэнэж байсан би нэг мэдэхнээ түүний бие рүү сурмаг гэгч нь шурган орж гол болон хамтдаа уусан урсах авай. Гэвч гол үл үзэгдэнэ. Миний бие махбод гол болон урсаад тэр үү? Яагаад ч юм бэ, надад ер бусын хүч чадал бий болж атар хээр талаар хаашаа ч хамаагүй дур зоргоороо наадан урсана. Цог жавхлант, хүчирхэг тансаг үнэр ханхалсан хээр тал. Миний оюун ухаанд бэрийн зовлон, хөгшрөл, гуниг юу ч үл бодогдоно.

Яг одоо хэн нэгэн эр хүн миний биед хүрэх аваас юу юугүй шатан үнс болон үйрэн унах биз ээ. Би үүнийгээ хэн ч бай хамаагүй хэн нэгэн эр хүнд тунхаглан зарламаар. Тийм авч тэр хүн урьдын адил чимээгүйхэн хөгжмөө даран суусаар. Гагцхүү би одоо аварга том бурхны баримал дотор орсон сонирхогч мэт тэр хүний дотроос түүнийг ширтэн байна. Хөгжмийн эгшиглэнт аялгуу анх удаа тодхон сонсогдлоо. Мяралзан урсах усны намуухан, хөгжилтэй ая байлаа. Би тэндээс гарч буцаад өөрийн бие рүүгээ орох гэж бас дахин нэг зовлон туулна. Дүнсгэр мөрөн далай, уй гунигын уул нуруудыг даван туулах хэрэгтэй болно.

Хэдий тийм боловч миний хайрын тэнгэр болсон тэр хүн маань бодит амьдрал дээр ээжийн оёсон хямдхан хувцасны захиалагч нэгэн чихэр боовны үйлдвэрийн жирийн нэг доод ажилчин, өдөр бүр жигнэмэг боов айлуудад хүргэн гүйж явдаг сарын 00 төгрөгний цалинтай хүн бодохлоор л итгэж үл чадна.

Окамото Каноко (1889-1939) ,
Өгүүллэг, Япон, 1919(?) он.

/Япон хэлнээс орчуулсан Д.Алтанцэцэг/

7 Comments

  1. око says:

    Нээх гоё эхэлж байснаа сүүлд нь унтраадаг байна шдээ. Энэ бол шоглоом байлаа гэдэг шиг.

  2. zochin says:

    medeej chi ch bas l tiim bgaa, tiimdee ch chi nuhruu yaduu, mungugui geed slsan bailgui. uurt chin bhgui, nuhurt chin bbhgui, tegeheer chamd aldah yumgui uchir salahad halbar bsan bh doo.

  3. GegeenCom says:

    Tiimuu odoony ohiduudaas tiim bolson heseg buleg bgn boluu? Tegeed ted nart n chaduulj l bdg uudgui ch erchuud boldoo. 

  4. zochin says:

    mongol huhnuud harin ch ihiig hardag shd, ta nar niigmiin garal, ajil alba, mungu tugrug baitugaig hardag biz dee, mungutei l bol  hentei ch ochood naaldahad belen, ter baitugai er erhtenii hemjee damjaa, bair oron, unaa tereg, tsarai zus ch, tegeed ter buhen ni bval hairgui ch bsan yaj iigeed huuraad, jiremsen bolson gj huuraad ehner ni bolohiin tuluu huluu hugalah shaham guij. Huurch mehlen bj gert ni orj suugaad nasan turshdaa tejeelgeh huntei bolloo gj sanaa amraad shulam shg tsamnaj ehelne dee

  5. S_S says:

    хмм яг л ийм байдалд байна даа лол. мэдрэмжээ хүн бас сонсож, мэдэрч амьдрах хэрэгтэй л байх.. өөрийгөө бүх юманд хүчлээд байхаар хааяа зомби шиг санагдах юм. гэхдээ л зориг алга. бодол санаа сэтгэл зүрхэнд минь  чи амьдрах боловч бодит амьдрал дээр чамайг хүлээн зөвшөөрч чадахгүй юм.нүд чинь бүхнийг хэлэх боловч яагаад бид өөрсдөө
    ханаа өндөрсгөнө вэ?

  6. zochin says:

    GegeenCom harin tiim. Hairtai l bol ajil alba ch yamai l geed guine

  7. GegeenCom says:

    Capitalism hugjuulsen orniihon ingeed uur uzuuleltuudiig n ih sonjihiimda. Manius bol ter mungutei careertai esehiig n unen toohgui l pad pad geel yavjiga

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.