Хувь тавилан: Траншейндаа тасарч унтаад Сан-фаранциско хотод сэрсэн эрийн яриа

thumb_size

Улаанбаатарын нэгэн траншейнд амьдарч хог түүж явсан Пүрэвбат гурван шил “Гомбоо” уугаад л монголчуудын хүслэн болсон АНУ-д очсон гэхэд хэн ч үнэмшсэнгүй. Түүнийг Америкийн Сан-Франциско хотын негрийн хорооллын цагдаа нараас хүлээж авсан Монголын элчин сайдын туслах хүртэл хэр дагандаа баригдсан пидэн хар царайтай, толгой нь хавагнасан мань эрийн Уртцагааны гудамжны арын траншейнд амьдарч байсан гэхэд итгээгүй гэнэ. Уг нь Пүрэвбат соц үед ЗХУ-ын Уралын их сургууль төгсч ирээд Эрчим хүчний яаманд ахлах инженерээрр ажиллаж байсан боловч архи савнаасаа бусдыг дийлдэг хойно арван жилийн өмнө “гороочин” болсон түүхтэй. Траншейнд байхдаа гадаадын сонгодог номуудыг орос хэл дээр уншдаг байсан гэхээр бас ч гэж юм үзэж нүд тайлсан нэгэн байжээ. Мань эр 2014 оны 10-р сарын нэгний өдөр “Ахмадын баяр”-аар үеэл дүүгийнхээ ажил дээр очжээ. Үеэл дүү нь Пүрэвбатыг жилд нэг л удаа ажил дээр ирж мөнгө зээлж болно гэж үүрэгдсэн юмсанж.

Тэнэмэл эр тэр өдөр шил лааз, ундааны сав түүсэнгүй. Цагаан шуудайгаа эвхэж уранхай куртикнийхээ халаасанд хийчихээд үсээ арван хуруугаараа самнасан болоод л Төмөрзамын удирдах газар очжээ. Дүүгийнхээ цонхны дор очоод шүгэлдвэл тэр харсан бололтой хөшиг ярагдан хэн нэгний толгой цухалзав. Удалгүй дөч орчим насны хүүхэн гарч ирээд Пүрэвбатад 50 мянган төгрөг өгчихөөд бушуухан гүйгээд орчихов. Тавин мянган төгрөгтэй болсон тэнэмэл эр Хархорин зах гарч комиссын өмд, цамц, хүрэм худалдан авчээ. Үлдсэн 15 мянган төгрөгнийхөө 5 мянгыг оймсон дотроо хийгээд Бөмбөгөр зах дээр ирэв. Хоёр шил “Гомбоо” авч нөхдөө дайлсан Пүрэвбат нэлээд халамцаж, ахин нэг шил архи худалдан аваад гэр траншей руугаа гуйван оров. Гэхдээ урьд урьдынхаасаа жаахан хэтрүүлээд савчихсан бололтой сүүлдээ траншейнээ ч олохооргүй болтлоо согтжээ.

Мань эрийн яриагаар бол тэр осолдохгүй л нэг онгорхой траншей руу явж ороод мухарт нь унаад өгсөн юмсанж. Хүйтэнд бээрсэн түүнийг тас харанхуй ч гэлээ таатай дулаахан орчин бүүвэйлээд авсан аж. Тэгээд нэлээн унтаж байгаад сэрвэл их л гял цал болсон цэвэрхэн траншейнд хэвтэж байх юм гэнэ. Шүдэнз зурж доторхийг нь ажиглавал айлын зуны амбаар бололтой. Дотроо нойлийн өрөө, ор, ширээ, шүүгээн дээр баахан латин үсэгтэй номнууд харагдав. Пүрэвбат хүйтэн уснаас гэдсээ цэрийтэл уучихад амандаа “Согтуу толгой чинь байтлаа орон байрны хулгай хийдэг болох нь үү дээ. Бушуухан явахгүй бол эзэд нь ороод ирвэл балрах нь тэр” гэж бодоод гарах гэтэл дээрээс нь таглачихсан байх юм гэнэ. Бас болоогүй урд өмнө ер үзээгүй доороосоо дээшээ авирч гардаг шаттай байсан нь архичин эрийг ихэд шооконд оруулав.

Гэрээсээ хөөгдөн гудамжинд гарсан Пүрэвбат орцонд 2 жил, нийслэлийн бүх траншейг хэсч 8 жил амьдрахдаа ийм шаттай тансаг “танк” олж үзээгүй байж. Тагийг нь сөхөн арайхийж дээшээ гарч ирсэн хойноо мань эр нийслэлийн хаана нь ирээд унтчихсанаа ойлгосонгүй. Шил толь болсон баахан өндөр байшин. Зорчих хэсгийн найман эгнээгээр барууны машин тэрэг сүлжилдэн, давхар гүүрэн дээгүүр бас л машин урсах ажээ. Тэнэмэл эр эхлээд өөрийгөө зүүдэлж байгаа эсэхийг шалгаж нүүр лүүгээ цохиж үзвэл өвдөж байна. Хэдэн сарын өмнө сонины тасархай олж уншихад “Бага тойрогт Бээжингийн гудамж барьж байгаа. Давхар гүүр барина” гэснийг санаад уулга алдахад хүрчээ.

Тэрбээр “Муусайн хужаанууд нүд ирмэхийн зуур л байшин битгий хэл давхар гүүр бариад. хаячихжээ” гэсээр гарч ирсэн байна. Дөчин мянгат, “Бөмбөгөр”-өөс хол явж үзээгүй Пүрэвбат Улаанбаатар минь ингэж их хөгжчихсөн юм байх даа хэмээн гайхаж  явсан гэдэг. Гэхдээ мань эр удалгүй эргэн тойрных нь хүмүүс цөм гадаадын жуулчид болохыг анзаараад жуулчдад зориулсан тусгай гудамж Улаанбаатарт байдаг юм уу гэж эргэлзэхэд хүргэжээ. Архиндаа хордоод шартчихсан дээр нь гэдэс нь өлсөөд сүйд болсон Пүрэвбат оймсоо тайлж үзвэл нуусан 5 мянган төгрөг нь алга. Аргаа барж гудамжаар хуванцар сав байна уу гэж ийш тийшээ харсан боловч юу ч харагдсангүй. Хажуугаараа зөрөх гадаад хүмүүсээс “Бөмбөгөр ороход ямар автобусанд суух вэ?” гэхэд цугаараа “N0, NO” гээд оросоор ойлгосонгүй. Ядахад нэг ч монгол тааралдсангүй хэмээн бачимдав. Урьд өмнө ер харж байгаагүй хүйтэн хөндий хүмүүс бас хар арьстнууд. Өндөр өндөр байшинтай хотын гудамжаар баахан тойроод сульдаж ядарсан Пүрэвбат нэг байшингийн буланд унаад өгчээ. Тэндээ унтаж жаал тамир орж аваад нэг дэлгүүр лүү орвол монголд огт зардаггүй бараанууд. Эзэн нь цаашаа орсон бололтой. Хаалганы хажууд байсан хөргөгчийг онгойлгон дотроос нь 1 шил ундаа, 1 сав ус хулгайлаад бушуухан гарчээ. Ундаагаа ууж тамир орсон Пүрэвбат эргээд дэлгүүрт орвол дахиад хүн байсангүй.

Тэгэхээр нь мань эр тухтайхан үзэхээр шийдэн цаасан уутанд гадаадын тансаг архи, пиво, хиам, талх, боов, тамхи зэргийг хийж байтал цаад өрөөнөөс жар орчим насны цагаан арьстай эр гарч ирээд “Экс кюүз ми,” гэхээр нь бушуухан гараад зугтаав. Өөрийгөө Монголд биш гадаад улсад гэнэт ирснийг Пүрэвбат төдөлгүй мэдээд айх гайхах хослов. Монгол хүн нэг ч тааралдахгүй байсныг тэрээр хожуу ч гэсэн ойлгов. Торго зардаг нэгэн хятадын дэлгүүрт ороод өөрийгөө “Монгу” хэмээн хэлээд тэнд хог цаасыг нь цэвэрлэж аяга будаа, ганц мантуу олж иддэг болов. Пүрэвбат тэнд долоо хоногийн дараа өөртэй нь адилхан гудамжны амьдралтай нэг хөгшин Жой гэх негрийг их барааддаг байжээ.

Хэл үгээ ойлголцохгүй ч гэсэн цаадах нь монгол эрийг өдөрт хоёр удаа үнэгүй хоол өгч, хувцас өгдөг нэг шашны бололтой газар луу дагуулж аваачсан гэж байгаа. Тэр газарт очиж хоол иддэг болсныхоо дараа нэг оростой танилцаж таван үг солиод өөрийгөө АНУ-ын Сан-Франциско хотод ирчихсэн байна гэдгээ мэдэж бараг ухаан алдах дөхсөн аж. Эхэндээ үнэмшээгүй ч яваандаа үнэхээр тийм явдал болсныг ойлгоод нөгөө үнэгүй хоол өгдөг сүмийн пастор хүүхний хөлөөс зууран “Би монгол хүн байна. Монголиа амба-сада” гээд л уйлж бархираад сүйд болсон байгаа юм.

Нөгөөдүүл нь Пүрэвбатын ярьсныг хальт ойлгоод Монголын дипломат албаныханд мэдэгджээ. Харин манайхан мань эрийг Уртцагааны траншей руу ороод Сан-Франциско хотод ирчихлээ гэж ярихыг нь сонсоод үнэмшээгүй гэдэг. Америкт хараар ажиллах гэж ирээд архинд орж сүүлдээ ухаан санаа нь хямарчихсан нөхөр байна гэж дүгнэсэн юм шиг байгаа юм. Ингээд Пүрэвбатыг нөгөө сүмээс хандив гаргаж Улаанбаатарт авчирсан аж. Тэнэмэл эр тухайн үед ямар траншей руу орсноо мэдээгүй учраас эргэж олох гэж хайсан ч үгүй. Тэрбээр саяхан хүртэл хүн үнэмшмээргүй энэ явдлаа ярин “Бөмбөгөр” хавиар архиа уусаар явж байна.

Одоо цаг сонин

5 Comments

  1. Teleport says:

    Iim ha hamaagui gazar zugeer baij baigaad ochidog esvel garch irdeg humuus baidag shuu dee. Teleportation gedeg yum. Golland bas neg haanaas ch yum neg hun ireed zovhon piano toglosoor baigaad bas neg odor alga bolson doo. Hen bolohiig ni Golland uls medej chadaagui shuu.

  2. Busgui says:

    Iim teneg yum gej baihuu.  Eniig bicheed oruulj baidg odoo tsag zavnii garz bishuu.  Zavtai baisn ch iim yum zohiogood suuj baidg hun gej bdgaa bas orchin ued

  3. kkk says:

    gegeen has nil sense of humour at all

  4. sss says:

    GegeenCom yuch oilgoogui ymuu shiljdeg transheinii talaar yrisan bgazde haha hil gaali visa ntr geed erguuteed bhiin haha

  5. GegeenCom says:

    Zamdaa 2 honog baitugai nisne hil gaali n changa visa passport yarilclaga edr geed amar davaa bish de zugeer arhiny cagaan solio bho. Erhteng n zarah gj huviin ongocoor avaachaad aldchaagui l bol kk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.