Германд 12 настай жаал Баварид байдаг эмээ, өвөөгөө маш их санасан тул аавынхаа машиныг зөвшөөрөлгүй авч замд гарчээ. Зүгээр ч нэг давхисангүй 13 настай найзаа хань татаад огцом эргэлт энэ тэрийн улмаас асар олон осол гардаг Германы хамгийн аюултай хурдны замаар 200 км замыг амжилттай туулан эмээ, өвөөгийндөө эсэн мэнд хүрсэн байна.
Хүү нь бас машин нь алга болсонд айсан ээж, аав нь цагдаад яаралтай мэдэгдсэн ч цагдаа нар хэргийн эзнийг барьж чадаагүй байна. Учир нь, жаал хүү хурдны замаар давхиж явахдаа нэг ч зөрчил, осол гаргаагүй, олны анхаарлыг татах буруу зүйл ер гаргаагүй тул бусад жолооч бүү хэл, цагдаа нарын анхаарлыг татаагүй байна.
Харин удалгүй эмээ нь утас цохиж хүү чинь ирлээ гэхэд аав, ээж хоёр баярласандаа хүүд таван салааны амт үзүүлэхийн оронд эмээгийнхээд тухлан амарч байгаад ирэхийг зөвшөөрсөн гэнэ.
Цагдаа нар хүүг тэр аймаар хурдны замаар нэг ч зөрчилгүй давхисанд гайхан түүнийг “Төрөлхийн жолооч” гэж магтжээ.