Энэ сарын 17, 18-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 622 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 503 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл найм бүртгэгдэж, найман хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч дөрөв, нэг явган зорчигч, хоёр хүүхэд өртсөн явдал гарчээ. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 101 жолоочийг илрүүлжээ. БЗД-ийн нутаг Дарь эхийн замд T.Prius маркийн авто машины жолооч О нь явган зорчигч эмэгтэй Н-г мөргөж гэмтээсэн бол СХД-ийн нутаг Баянхошууны зам, Хилчин хотхоны хойд замд “H.Porter ” маркийн авто машины жолооч Э нь “Subary Impreza” маркийн авто машинтай мөргөлдөж жолооч Э гэмтсэн байна. “Subary Impreza ” маркийн Э нь согтуугаар машин барьж явжээ.
Шинэ жилийн баяр болж байгаатайгаар томоохон худалдааны төв болох Нарантуул, Хархорин, Дэнжийн -1000, Барс, Гранд плаза, 3, 4 дүгээр хороолол орчимд зогсоолын хүрэлцээ муу байгаагаас шалтгаалан хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Иймд томоохон худалдааны төвийн түрээслэгч, ажилчид та бүхэн өөрсдийн худалдааны төвийн зогсоолоо чөлөөлж иргэдэд үйлчлэх нөхцөл бололцоогоор хангаж өгөх, жолооч иргэд та бүхэн бусад хөдөлгөөнд оролцогч нартаа хүндэтгэлтэй хандаж тээврийн хэрэгслээ зогсоолд зөв байршуулах, нийтийн тээврийн хэрэгслийг сонгож оролцохыг зөвлөж байна.
Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг түргэн шуурхай ая тухтай зорчуулах зорилгоор Замын цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Ийм замын хөдөлгөөнд оролцогчдыг цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, сахилга соёлтой байхыг уриалж Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг