Бид яагаад бие биенээ үзэн яддаг юм бол?

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

…Би энэ тухай зөндөө эргэцуулдэг. Гэхдээ хариулт олох амаргүй. Миний бодож байгаа шиг олон хүн боддог хэрнээ хэзээ ч ухаантай гаргалгаа хийж байсангүй. Хичээгээд байгаа хэрнээ, сайхан сэтгэл гаргаад байгаа хэрнээ, бусдад чин сэтгэлээсээ туслаад байгаа хэрнээ бусдын өмнө буруутан болох хичнээн гунигтай гээч. Өөрийнхөөрөө учирлаж тайлбарлах гээд ч бүдүүлэг эрээ цээргүй авирын өмнө хүчин мөхөсдөж, ичингүйрч улайх тохиолдол зөндөө. Хамгийн гайхмаар нь, хүмүүс бусдад тусалж байгаа сайхан сэтгэлийг анзаардаггүй хэрнээ миний гаргасан нэг л алдааны төлөө алгаа ташин баярлаж, хамтдаа үзэн ядахыг бусдад уриалдаг юм. “Хөөш энэ чинь новш юм байна шүү дээ” гэж хамгаас чанга хашгирсан хүний үгийг анхааран чагнаж, гүйлдэн очиж шоолон тохуурхахыг бүгдээрээ хүснэ. Магадгүй надад атаархсан атаархал, намайг үзэн ядах сэтгэлтэй сүлэлдэн, надаас дорой мөртлөө над шиг байхыг хүсээгүй олон хүний бах тавыг хангана. Тэгээд л үзэн ядахын товшилтонд нэгдэн алгаа ташин бүжиглэцгээнэ.

Хүмүүс хэн нэгний тухай анхны сэтгэгдэлдээ автах нь их. “Зэвүүн царайтай” гэх тодотгол тэр хүний зүрх сэтгэлээс ундрах их гэмшил бас хайрыг халхалдаг. “Дурлам царай” хэрнээ “хүний мөсөө хөлөндөө жийсэн” хүмүүст дурлаад итгээд байдаг нь дараа нь бүх хүмүүсийг үзэн ядах шалтаг нь болдог. “Царайны сайхнаар цай сүлдэггүй” гэх атлаа гашилсан ч гэлээ ээдэм буцалгаж амтлахыг хүсдэг хүмүүс олон. Өөрийнхөө ядмаг сэтгэлийн хэмжээгээр бусдыг хэмжиж, өөрт нь таалагдаагүй бусдыг гоочлон муучилж, өрөөл бусдад хамтдаа үзэн ядахыг уриалдаг нь бидний араншин. Өөрөө өөдөлж хөгжихгүй хэрнээ өөрөөс нь илүү хөгжиж дэвшиж буй бусдыг үзэн ядах ядуу сэтгэлгээ. Хэрвээ хайртай хүн тань тэнгэрт дүүлэн нисэж чадаж байхад, хамтдаа тэр хэмжээнд нисэж чадахгүй бол бүү саад бол. Чиний нисч хүрч зүрхлээгүй орон зайд дүүлэн нисэх бусдад зайгаа тавьж өг. Эс бөгөөс өөрөө тэр өндөрт дүүлэх гээд оролдоод үз. Эс чадваас хувь заяатайгаа эвлэр. Хичнээн хайртай байлаа гээд хүрч чадахгүй оргилдоо бүү санаарах. Энэ амьдралд хүмүүс өөрийн далавчаа дэлгэн өндөрт нисдэг юм. Өөртэй нь хамтдаа нисч чадахгүй бүхнийг орхин оргил өөд тэмүүлдэг юм.

Яагаад энэ хүмүүс бие биенээ үзэн яддагийг би ойлгодоггүй юм. Бид энэ орчлонд нүүдлийн шувууд шиг нисч буугаад бүхнийг орхин оддог. Шунасан хөрөнгө, хайрласан хайр, тачаадаж хүссэн бүхнээ орхиод л нүцгэн ирсэн биеэрээ нүцгэн буцна. Чи намайг үзэн ядлаа ч, би чамайг үзэн ядлаа ч энэ бүхэн нэгэн хоромд хоосорч үлддэг. Яг л хумхийн тоос шиг. Чи хичнээн баян байгаад ч, чи хичнээн гоо сайхан байгаад ч, чи хичнээн ухаантай эрдэмтэн байгаад ч бид авсанд нүцгэн биеэ аваад л одно, яг бид энэ ертөнцөд нүцгэн ирээд орилж чарлан уйлсан шиг бусдыг орилуулан чарлуулж уйлуулан буцна. Тэгээд л амьд үлдсэн бүх хүмүүс биднийг мартан, ахуй амьдралын элдэв асуудал дундаа бүдчин амьдарцгаана. Өнөөдрийн амьдрал, өр шир, хайр дурлал, секс, өдрийн ядрал, ирээдүйн тухай бүдэг бадаг төсөөлөл дунд амьдарцгаана. Хичнээн гунигтай авч бид энэ л амьдрал дунд бэдэрцгээдэг. Хаанаас ч юунаас юм бэ? аз жаргалыг хайн бэдэрцгээнэ. Тэр аз жаргал нь дэргэд нь байгааг бид өөрсдөө ч анзаардаггүй. Огт өөр хүмүүсээс, огт өөр орчлонгоос түүнийгээ хайн бэдэрнэ. Гунигтай ч юм шиг, тэнэг ч юм шиг. Хүмүүс ээ гэж?

2016-12-21

4 Comments

  1. Teg says:

    Galaa ah burhan luu gaa ih l oirtood baigaa yum bna daa. 🙂

  2. Nutsgen unen says:

    Tiim ee unen unenees aidag xumuus end muulaa l exelsen baina kkk

  3. .............. says:

    chi l tegdeg yum bga biz busdiig uuruuruu buu dugne khun guai..

  4. po says:

    ajilgu    zawtai    hvn    l   ih   ym   boddi    shd   bodool    bbl     ynz   bvriin   ym   bodogdono    geech

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.