Хэдхэн хоногийн дараа Цагаан сар болох гэж байна. Монголчууд цагаан сараар архидан согтуурах нь жил ирэх тусам багасч байгаа ч гэлээ шинийн гуравнаас хойш 100 татсан хүмүүсийн тоо эрс нэмэгддэг нь бичигдээгүй хууль хэвээр. Үүнийг дагаад халамцуугаар машин барьсан хүний тоо ч нэмэгддэг. Тэдний дунд орой нь хэтрүүлчихээд өглөө нь эрүүл болсон гээд жолооны ард суугаад хэлмэгдсэн хүмүүс ч цөөнгүй. Энд харуулсан хүснэгтийг эдгээр нөхдүүдэд зориулав.
Хүний биеэс алкоголь бүрэн гарч дуусахад шаардлагатай хугацаа
Оросоор бичсэн байгаад гайхах хэрэггүй. Иванууд архи, согтууруулах ундааны хэрэглээгээрээ дэлхийд дээгүүр ордог хүмүүс гэдгийг бүгд мэддэг. Тэгэхээр тэд хэдэн грамм водка эсвэл хэдэн шил пиво ууснаас хойш хэдэн цагийн дараа жолоо барьж болдогийг нэг бус удаагийн туршилтаар тогтоож чадсанд гайхах зүйлгүй.
Ялангуяа согтуугаар жолоо барьсан хүмүүст ногдуулах шийтгэлийг чангаруулах талаар яригдаж байгаа үед урьд орой нь уусан архины үлдэгдлээс болж эрхээ хасуулах нь гомдолтой байхаас өөр аргагүй. Иймд таагүй байдалд орохгүйн тулд энэ хүснэгтийг анхааралтай харж, өөрт таарах хэсгийг цээжлээд авахад илүүдэхгүй.
Орчуулж, ойлгож ядах зүйл ер үгүй. Дээд талд биеийн жин. Баруун талын эхний босоо шугаманд согтууруулах ундааны хатуулаг, хоёр дахь босоо шугаманд хэмжээг заасан байгаа. Өөрийн жиндээ тааруулаад харахаар алкоголь хүний биеэс бүрэн гарч дуусах дундаж хугацаа нь гараад ирнэ. “ч” нь цаг, мин гэдэг нь юу болохыг тайлбарлах хэрэггүй.
Архи хүний биед нөлөөлөх хугацаанд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг үндсэн гурван хүчин зүйл байдгийг гарцаагүй тогтоосны үндсэн дээр энэ хүснэгтийг хийсэн юм байна. Нэгдүгээрт биеийн жин. Хоёрдугаар хэрэглэж байгаа согтууруулах ундааны хатуулаг. Гуравдугаарт уусан ундааны хэмжээ.
Энэ гурваас гадна эрүүл мэндийн байдал, уух үеийн сэтгэл санаа, даруулгын хэмжээ ба чанар, уусан хугацаа г.м. чухал ч гэлээ дээрх гуравтай адил шийдвэрлэх үүрэг гүйцэтгээд байдаггүй бусад хүчин зүйлс бий. Эдгээр хүчин зүйлс нь хүн болгонд адилгүй илэрч нөлөөлдөг тул голлох гурвыг онцгойлоод дундаж хугацааг гаргасан байгаа. Иймд заагдсан цагаар баримжаа хийгээд, найдвартай болгохын тулд өөрийн мэдрэмжээр хэдэн цаг эсвэл минут нэмж хаширлахад буруудахгүй л болов уу.
Согтуугаар жолоо барих тэнэг хэрэг. Тэр тусам урьд орой нь хэтрүүлэн хэрэглэсэн бол өглөө нь машин барихын өмнө энэ хүснэгтээр өөрийгөө ядаж нэг шалгаад, давхар араанд нь хийн цаг нэмж байгаарай. Хэвлэж аваад урд хайрцгандаа хийсэн байхад илүүдэхгүй л байх.
1 Comment
Орос хүний бие организм Монгол хүнийхээс өөр. Тэд бүүр эрт дээр үеэс хэдэн үеэрээ хатуу архи уугаад сурчихсан. Монголчууд урьд нь (тун саяхан даа) айраг, шимийн архи л уудаг байсан. Тиймээс физлоги нь хатуу архи хүлээж авах чадвар муу. Согтолт хурдан. Архи тархи мэдрэлд хүчтэй нөлөөлдөг. Тиймээс агсам их тавьдаг. Дээр нь манайхан архийг даруулаггүй уудаг. Оросууд ууж байгаа үедээ сайн иддэг. Ялангуяа давсалсан хүнс. Архи хүний биеийн давсыг үгүй болгодог учир. Оросууд сайн даруулагтай уугаад шартдаггүй. Бид градус багатай зөөлөн архи л уух ёстой хүмүүс.