SOS: Утааны улиралд жирэмслэхгүй байхыг зөвлөж байна

Жилийн дөрвөн улиралын өвөлд нь Нийслэлчүүд утааны тухай ярьж, хэлэлцэж тэмцдэг. Гэхдээ тэмцэж чаддаггүй ялагддаг. Ялагдахаас өөр ямар ч арга арга байхгүй нь эмгэнэлтэй. Утаагүй нийслэлд амьдарч үзэх юмсан гэж мөрөөдөхөөс цаашгүй. Утаа гэгч “мангас” эрүүл хүний уушги зүрх, мэдрэлийн системийг гэмтээж өвчлүүлэхээс гадна урагт заналхийлээд удаж байна. Тиймээс мэргэжлийн эмч нар залуусыг утааны улиралд жирэмслэхгүй байхыг зөвлөж анхааруулсаар байгаа.
14518826_10155205107529045_564542178_n

Хорт хар утаа угаараас болж хорвоод мэндлэх ёстой үрс мэндэлж чадахгүй буцаж байгаа нь дэндүү харамсалтай хэрэг юм. Сүүлийн үед агаарын бохирдол утааны талаар амтай болгон нь ярьж эрх баригчид онцолж ярьсаар байгаа ч ямар нэгэн шийдэлд хүрсэнгүй. Бүр урлагийнхан нь нэгдэж “шоу” хийж утааны эсрэг жагсаж тэмцэж буйгаа илэрхийлэхээр шийдсэн. Арга ч үгүй биз нийслэлд амьдарч амьсгалахад туйлын бэрх болсон. Гадаа гарлаа нуль угаар саарал утаа угтана.

Утаанаас болж үзэгдэх орчин ч хязгаарлагдах хэмжээний тийм саарал угаарыг гамшиг гэхээс өөр юу гэх вэ дээ. Тэр дундаа утааны хамгийн хортой, хүнд элементүүд нь доод хэсэгтээ буюу газраас 50-80 см-ийн өндөрт байдаг гэдгийг мэргэжлийн хүмүүс тайлбарладаг.

Энэ нь бяцхан үрс маань биднээс илүү хорддог гэсэн үг. Тиймээс “Хүүхдээ болж өгвөл тэвэрч үүрч яваарай” гэж эмч нар зөвлөж байна. Утааны хор хөнөөлд бага насны хүүхдүүд илүү өртөж байгаа юм. Хорт утаагаар амьсгалснаас болж амьсгалын замын хурц хэлбэрийн цочмог өвчин тусах явдал энүүхэнд. Түүнээс гадна утаанаас үүдэж ураг амьгүй болох ургийн гажиг үүсэх тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Лавтай төрж байгаа 10 хүүхэд тутмын гурав нь ямар нэг гажигтай төрж байна гэдгийг эх баригчид хэлж байгаа юм. Тиймээс өвлийн улиралд тэр дундаа ид утаа угаартай сард жирэмслэхгүй байхыг сануулж байна.

Тэгэхээр хүүхэдтэй болохоо төлөвлөх хэрэгтэй байгаа биз. Жирэмслэсэн эхний дөрвөн сард ургийн бүх зүйл бүрэлддэг болохоор утааны улиралд аюултай гэнэ. Утаанаас үүдэж зүрхний гажиг, уушгины гажиг, тархины гажиг саатай, сэтэрхий уруултай, хүүхэд төрөх тохиолдол элбэг байдаг аж. Хэвлийдээ тээсэн ургаа гажигтай болсныг мэдэлгүй 4-5 сар тээсэн эх хүүхдээ “устгуулах” байдалд хүрч байгаа юм. Учир нь ураг амьгүй болсон, 4 сартай ураг утаанаас болж зулбасан. Зүрх болон мэдрэлийн системийн гажиг илэрсэн гэх шинжээр халуун хэвлийдээ тээсэн ургаа устгуулж байгаа нь үнэхээр харамсалтай юм. Ийм зовлон амссан ээжүүд цөөнгүй байна.

Монгол Улсын хорт утааны талаар гадны эрдэмтэн судлаачид хэдийнэ судлаад санаа тавиад эхэлсэн байгаа юм. Тэр дундаа утаа, тоосжилт жирэмсэн эх болон түүний урагт хэрхэн нөлөөлж эхэлснийг өнгөрсөн жил судалсан байдаг. Тэд Сүхбаатар дүүргээс 540 жирэмсэн эмэгтэй сонгож, нэг хэсэгт нь агаарыг бохирдлыг бууруулагч төхөөрөмжийг суулгаж, хоёр хуваан харьцуулж, судалсан аж. Ингэхэд агаарын бохирдлыг бууруулах төхөөрөмж ашигласан ээжүүдээс гарсан нярайн биеийн хэмжээ, агаарын бохирдлыг бууруулах ямар ч арга ашиглаагүй ээжүүдээс мэндэлсэн нярайгаас 0.4 сантиметрийн урт, 80 граммын илүү жинтэй байжээ.

Өөрөөр хэлбэл, агаарын бохирдол ургийн өсөлт, бойжиотод хэрхэн сөргөөр нөлөөлж буйг судалгаанаас харж болохоор байгаа юм. Тэр ч бүү хэл Монголд нас баралтын нэг нь хорт утаанаас болж нас барж байна гэсэн судалгаа байдаг ажээ.

О.Сайхан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.