Эх хүн болж, энгэртээ үрээ тэвэрнэ гэдэг эмэгтэй хүнд хэмжээлшгүй аз жаргал авчирдаг. Бас үр хүүхэд заяахгүй уйлж суугаа тавилан хэчнээн айлд байгааг хэлж барахгүй. Гэтэл мах, цусаа таслан байж тээж, төрүүлчихээд нялх үрээ торонд хийгээд хог мэт хаях ээжүүд олширч байгаад сэтгэл сэмэрч, самсаа шархирч сууна. Бүхэл бүтэн амьд хүн байтугай бүтэн хувцсаа хог руу шиддэг хүн ховор байх. Гэтэл сүүлийн үед нийгмийн тэр дундаа эмэгтэйчүүдээс гарч боломгүй муухай ааш авир үйлдэл гардаг болов. 10 сар тээж яс махаа цуулж зовж зүдэрч төрүүлсэн үрээ “асуудалгүй” хаядаг моод дэлгэрэв үү дээ.
Хамгийн сүүлд гэхэд ийм төрлийн хоёр гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэв. Өнгөрсөн жил гэхэд Орхон аймагт дөнгөж төрсөн хүүгээ орцонд орхисон бол Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт ой 7 сартай охиноо унтуулж орхисон ээжүүдийг цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлсэн билээ. Тэд хүүхдээ хаях шалтгаанаа цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ “Би энэ хүүхдийг өсгөж чадахгүй, боломж байхгүй” гэж хэнэг ч үгүй мэдүүлэг өгсөн байдаг. Өсгөж чадахгүй юм бол яах гэж “өвөртлөсөн” юм болоо. Тийм хариуцлагагүй тийм хэнэггүй, ийм ухаан муутай, ухамсар дор эмэгтэйчүүд олширох вий гэсэн айдас нийгэмд байгаа нь үнэн. Нялхаст ямар буруу байна. Төрүүлсэн үрээ төөрүүлж, алах явдал амархан мэт санагдаж байгаа арчаагүй сэтгэлгээтэй ээжүүд олон битгий байгаасай. Гадны орнуудад тусгай хайрцаг байдаг бөгөөд хүүхдээ хаяхаар шийдсэн ээжүүд тэнд аваачаад хийдэг, ямар ч камер байддаггүй гэнэ. Энэ бол маш зөв шийдэл юм. Манайд даанч тийм юм алга. Нэгэнт хаяхаар шийдчихсэн бол ядаж дулаан байрны орцонд оруулаад орхичихвол “орхигдсон” хүүхдийн амийг аврах олон сайн сэтгэлтэн байгаадаа.
Ингээд хамгийн сүүлийн хэд хэдэн жишээ дурьдахад,
Нэг настай охиныхоо амийг хөнөөсөн гэх хэрэгт сэжиглэгдэж байгаа ээжийг эрэн сурвалжилж байна
Ой гарантай охиноо хөнөөсөн байж болзошгүй нэгэн эмэгтэйг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна. Тодруулбал, Б.Лхагвацэрэн нь өөрийн нэг ой 20 хоногтой охиноо хөнөөсөн гэх хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа аж. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Б.Лхагвацэрэнг охиноосоо гадна өөр нэгэн хүн амины хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэнэ. Энэ талаар эх сурвалж “2015.07.21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр байрны гаднаас нэр хаяг тодорхойгүй 50-55 насны зүүн нүд хөхөрсөн эрэгтэй хүн ГССҮТ-д хүргэгдэн ирж нас барсан хэрэг гарсан. Тэр хэрэгт Б.Лхагвацэрэнг сэжиглэж байгаа” мэдээлсэн юм. Учир битүүлгээр амиа алдсан эрэгтэйн болон төрсөн охиноо хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа энэ эмэгтэйн талаар 70120132 гэсэн утсаар мэдээлэл өгч болох юм байна. Мэдээллийг чандлан нууцлана.
Төрүүлсэн үрээ зүүгээр шивж алахыг завдав
Баянхонгор аймагт ийм аймшигт хэрэг хэдхэн хоногийн өмнө гарлаа. Дутуу гарсан 9 хоногтой хүүгээ “амьдарч чадахгүй” байх гэсэн шалтнаараа биед нь олон тооны тариурын зүү шивж амийг нь хохироохыг завдсан ээжид цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ.
Харин нярайг Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд авчирч биед нь байсан зургаан зүүг авах хагалгаа хийжээ. Хагалгаа амжилттай болж, хүүгийн биеийн байдал сайжирч байгаа гэв.
Дөнгөж төрсөн нярайн цогцос олдлоо
Энэ сарын 23-24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8-р хороо МУБИС-ийн оюутны 5-р дотуур байрны зүүн урд буланд байрлах хогийн цэг дээр 3.8 кг жинтэй эрэгтэй нярайн эхэстэй цогцос олдсон байна.
Үүнтэй холбогдуулан, нярайг төрүүлсэн болон хаясан байж болзошгүй, жирэмсний хугацаандаа төрөөд учир битүүлгээр хүүхэд нь байхгүй байгаа эхчүүдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас худалдан авч байгаа юм байна. Мэдээллийг чандлан нууцална.
О.Сайхан