Салсан нөхрийнхөө ээж аавтай хэрхэн харьцах вэ?


Та хоёр эхнэр нөхөр байхаа больсон ч, нөхөр чинь тэдний аав, нөхрийн чинь эцэг эх тэдний эмээ өвөө хэвээрээ л байх болно. Түүнтэй холбоотой хэнбугайтай ч уулзахыг хүсэхгүй байгааг чинь ойлгож байна аа. Гэхдээ л тэглээ гээд гэмгүй хадмууддаа ч хорсож, хүүхдүүдээ тэднээс тусгаарлахыг оролдож болохгүй. Тэд чиний эмоцонд өртөх ёсгүй. Экс хадмуудтайгаа харин хэрхэн зохицох вэ гэвэл…

Соёлтой байх

Та хоёрын зогсоо зайгүй муудалцаж, бие биенийхээ царайг харахаас ч дургүйлхэн байж салсан нь хүүхдүүдэд чинь хангалттай их сэтгэлийн зовлон болж өнгөрсөн. Тиймээс тэдний нүдний өмнө эмээ өвөөг нь муулж, хадмуудтайгаа муудалцаж хүүхдүүдийнхээ хүндлэлийг алдах хэрэггүй. Бяцхан үрс чинь чамд хайртай шигээ л аавдаа, эмээ өвөөдөө хайртай гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал.

Хуучин нөхрийнхөө тухай ярихаас татгалзах

Салсан шалтгаан, асуудал юу ч байсан гэсэн хүүхдийн хажууд хааяа ч гэсэн хэлээ хазаад өнгөрсөн нь дээр. Тэр тусмаа эмээ өвөөтэйгээ хамт байхад нь тэр асуудлын талаар шууд март. Аавынх нь асуудал эмээ өвөөтэйгээ хамт байхад огтоос хамаагүй. Тэгээд ч одоо ганц бие ээж болсон чамд тэд хааяа хүүхдүүдийг чинь харж өгч туслах боломжтой шүү дээ.

Эмээ, өвөөтэйгээ уулзах цагийг нь гаргаж өгөх

Амралтын өдөр, баярын өдөр гэх мэт хүүхдүүдийг эмээ өвөөтэйгээ уулзах тодорхой цагийг бий болгочихвол амар.

Ач нараа эрхлүүлэхэд нь хориглохгүй байх

Салалт ач нараа эрхлүүлэхэд нь саад болох ёсгүй. Сургалтын төлбөрийг нь төлөхийг хүсч байвал зөвшөөр. Хичээлийн хэрэгслийг нь авч өгвөл бүү татгалз. Тэд та хоёрыг салсанд харамсаж байгаа ч тэглээ гээд ач нараа шууд хаях албагүй. Тиймээс тэдний хүүхдүүдэд чинь зориулан хийх зүйл, авч өгч болох зүйлийг нэг бүрчлэн заахгүйгээр хамтдаа хөгжилдөх боломжийг нь нээлттэй орхиорой. Ямар ч хэцүү зүйл тохиолдсон хүүхдүүдийнхээ төлөө эцэг эхчүүд бага зэрэг тэвчээр гаргах нь чухал үүрэг шүү дээ.

Хүүхдээ сэтгэл санаагаар дэмжих

Салалтын дараа хүүхдүүд ээжийнхээ хажууд аавынхаа болон эмээ өвөөгийнхөө тухай ярихаас айх нь бий. Эсвэл ээжийгээ гомдоохоос айгаад аавынхаа гэр бүлтэй уулзахаас зугатаж ч болно. Харин ийм асуудал үүсгэхээс болгоомжилж, тэдэнтэй чин сэтгэлээсээ ярилцаад өөрийхөөрөө байхад нь туслаарай. Зарим хүүхдүүд аав ээжийнхээ асуудлаас болж ямар хүнд байдалд орсноо эмээ нартаа ярих хандлага их байдаг. Хэрвээ тэд ярьж байвал хүүхдүүдийн хувьд сэтгэл санааны эмчилгээ болж өгдөг байна. Эрүүл харилцаанаас эрүүл ухаантай хүүхэд өсөн торнидог. Бүх зүйлд хүндлэл, хайраар хандаж хүүхдүүддээ үлгэр дууриал болоорой.

SOURCE: everyday.mn

1 Comment

  1. chugants says:

    dandaa er emiig hoorond ni hagaralduulh yum ,  ex hadmuudtai sain hariltsaatai bgaad bval ergeed niilchihne gej yas goridood bh biz, xm

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.