Тэд хамтдаа 20 жилийг ардаа орхижээ. Бүхэл бүтэн 20 жилийн турш өглөө бүр тэр эхнэрээ харж байгаа хэдий ч зөвхөн сүүлийн нэг жилд л эхнэрийнх нь зарим зуршил түүнийг аймаар эгдүүцүүлдэг болсон гэнэ. Ялангуяа: эхнэр нь өглөө дөнгөж сэрэнгүүтээ гараа сунгаад: “Нархан минь сайн байна уу! Өнөөдөр сайхан өдөр болохнээ” гэж хэлдэг нь. Уг нь бол, энгийн л нэг байдаг найрсаг өгүүлбэр. Гэвч эхнэрийнх нь сарвайсан эцэнхий гар, нойрмог зүс царай түүнд асар тааламжгүй санагддаг болчихож.
Эхнэр нь өглөө сэрээд цонх руу очиж, хэсэг хором алсыг ширтэв. Тэгээд унтлагын хувцсаа тайлаад, нүцгэнээр угаалгын өрөө рүү явлаа. Тэд гэрлээд удаагүй байхдаа эхнэрийнхээ нүцгэн биеэр үнэхээр их бахархдаг байж. Харин одоо ч эхнэр нь тэгтлээ их фигур алдаагүй боловч түүний нүцгэн бие эгдүүцэл төрүүлдэг болсон гэнэ. Нэг удаа тэрээр “сэрлийн” процессоо түргэтгэхийн тулд эхнэрээ бүр түлхээд хаячихмаар санагдсан аж. Гэвч хамаг хүчээрээ биеэ барьж, зөвхөн бүдүүлгээр: -Алив хурдал, бүр залхаж гүйцлээ! хэмээн хэлжээ.
Харин эхнэр нь түүний нууц амрагийн романыг мэддэг. Нөхөртэй нь гурван жил орчим уулзаж учраад байгаа тэр бүсгүйг ч мэдэж байв. Эхнэр нь нөхрийнхөө түрэмгий байдал, анхаарал хайхрамжгүй хүйтэн хөндий харьцаа, ахин залуужих гэсэн хүсэл тэмүүллийг нь өршөөн хэлтрүүлж байлаа. Тэр хүнд өвчтэй гэдгээ мэдсэнээс хойш бүх зүйлтэй эвлэрэн амьдрахаар шийджээ. Өвчин түүнийг өдөр хоногоор идэн, мөдхөн ялах гээд байдаг…
Нөхөр нууц амрагийндаа ирэв. Энд бүх зүйл өнгөлөг, дулаахан, дотнохон. Тэд уулзаж учраад гурван жил болжээ. Өнгөрсөн бүхий л хугацаанд нууц амраг бүсгүйгээ ер бусын хайраар хайрлаж байв. Тэрээр түүнийг хардан, уурлаж доромжлох, өөрөө бас доромжлуулах гээд л, залуу бүсгүйн биеэс холхон байвал бараг амьсгалж чадахааргүй болж байлаа.Өнөөдөр тэрээр энд ирэхдээ хатуу эр зориг гарган, эхнэрээсээ салахаар шийджээ. Юуны тулд ингэж гурван биеэ зовоож явах гэж. Тэр эхнэртээ хайргүй, тэр ч бүү хэл, үзэн яддаг. Харин энд бол шинэлэг маягаар аз жаргалтай байгаагаа мэдэрдэг. Тэр эхнэртэйгээ анх танилцаж байхдаа мэдэрдэг байсан тэр их хайраа дурсан санах гээд чадсангүй. Бараг л эхнэр нь танилцсан анхны өдрөөсөө л дургүйг нь хүргэж байсан мэт санагдах аж. Тэрээр түрийвчнээсээ эхнэрийнхээ зургийг гаргаж ирснээ, салахаар хатуу шийдсэний билэг тэмдэг болгон зургийг хэдэн хэсэг урж хаяв…
Тэд ресторанд уулзахаар ярилцжээ. Хуримласны 20 жилийн ойгоо зургаан сарын өмнө тэмдэглэж байсан тэр газарт. Эхнэр нь түрүүлээд ирэв. Харин нөхөр нь эхнэртэйгээ уулзахын өмнө салалтад шаардагдах бичиг баримтаа авахаар гэрийн зүг явжээ. Тэрээр бухимдсан байдалтайгаар хамаг шүүгээ саваа онгичин, талаар нэг тарааж асгав. Тэдний нэгэн дотор хар хөх өнгийн товчилдог хавтас байлаа. Урд өмнө энэ хавтсыг тэр гэртээ харж байсангүй. Тэрээр шалан дээр суугаад уг хавтасны товчийг онгойлгов. Бичиг баримтууд түүн дотор байгаа гэж итгэлтэй байсан тэрээр оронд нь баахан эмнэлгийн шинжилгээ, эмчилгээний бичгүүд байхыг олж харлаа. Бүх хуудсууд дээр эхнэрийнх нь овог нэр дурайх аж. Гэнэт төрсөн таамаглал түүнийг цахилгаан гүйдэлд цохиулсан мэт болгож, хамаг биеийнх нь хүйтэн хөлс цутгав. Тэр өвчилчихжээ!
Тэр интернетэд орон, оношийг хайн үзтэл дэлгэц дээр: “6-18 сарын настай” гэх аймшигт өгүүлбэр харагдав. Тэр хугацааг сайн нягталлаа. Сүүлийн шинжилгээ өгснөөс хойш хагас жил өнгөрчээ. Цааш нь юу болоод өнгөрснийг сайн санасангүй. Толгой дотор нь зөвхөн “6-18 сарын настай” гэх ганц өгүүлбэр л эргэлдэнэ…
Харин эхнэр нь түүнийг ресторанд хүлээсээр 40 минут болжээ. Утасдахаар хариу байхгүй. Ингээд эхнэр нь тооцоогоо хийчихээд гадагшаа гарлаа. Намрын нарлаг сайхан улирал. “Амьдрал ямар сайхан юм бэ, газар дэлхий, гэрэлт нар, ой мод…”. Өвчнийхөө тухай мэдсэнээс хойш анх удаа өөрийгөө өрөвдөх сэтгэл төрөв. Уг нь тэрээр маш чанга хатуу зориг гарган, аймшигт өвчнийхөө талаар эр нөхөр, эцэг эх, найз нөхдөөсөө ч нууж чадсан юм. Тэр тэдгээр хайртай хүмүүсийнхээ сэтгэл санааг зовоохыг хүссэнгүй. Удахгүй энэ богинохон амьдралаас зөвхөн дурсамж л үлдэнэ. Тэр гудамжаар зөрөн өнгөрөх хүмүүсийн нүдэнд амьдралын баяр баясгалан гэрэлтэж байхыг мэдэрч байв. Тэдний өмнө бүх зүйл байна. Удахгүй өвөл болно, дараа нь залгаад урин дулаан хавар ирнэ! Харин түүнд энэ бүхнийг ахин мэдрэх хугацаа байхгүй. Ингэж бодонгуут сэтгэлд нь жигтэйхэн уйтгар гуниг төрж, харууслын нулимс хайр найргүй мэлмэрэв…
Нөхөр хий дэмий л өрөөн дундуур холхино. Тэр анх удаа л амьдрал гэгч ийм богинохон болохыг бие сэтгэлээрээ нэвт мэдрэв. Эхнэрээ анх танилцаж байх үеийн цэл залуугаар нь дурсан саналаа. Тэр үед түүнд үнэхээр ухаангүй дурлаж байсан билээ. Өнгөрсөн 20 жилд тэрээр эхнэрээ хангалттай хайрлаж байгаагүйгээ гэнэт мэдрэв… Ингээд сүүлчийн өдрүүдэд хоногийн 24 цагийн турш түүнтэйгээ хамт байж, бүхий л хайр халамжинд умбуулан, урд өмнө мэдэрч байгаагүй аз жаргалыг өөрөө бас хүртэж байлаа. Түүнийгээ ингээд яваад өгөх вий гэдгээс үхэтлээ айн, түүнийг аврахын тулд амиа өгөхөөс ч буцахааргүй болжээ. Хэрэв хэн нэгэн түүнд ганц сарын өмнө л эхнэрээ хэрхэн үзэн ядаж байсан талаар нь сануулбал бараг л “Тэр чинь би биш” хэмээн хашгирахад бэлэн байлаа. Эхнэр нь шөнө дөлөөр түүнийг унтаж байгаа гэж бодоод, орондоо мэгшин уйлж, амьдралтай салах ёс гүйцэтгэхэд хичнээн хүнд байгаа нь мэдрэгдэнэ. Өөрийнхөө өнгөрөх хугацааг мэдэх шиг аймшигт шийтгэл хүний амьдралд байхгүйг тэр гүн гүнзгий ойлгож байлаа…
Эхнэр хоёр сарын дараа таалал төгслөө. Бэлэвсэрсэн эр гэрээсээ оршуулгын газар хүртэлх бүхий л замыг цэцгээр хучив. Ингээд хайрцагтай шарилыг нүх рүү буулгах үед тэрээр хүүхэд мэт цурхиран уйлж, бараг мянган жилээр хөгширсөн мэт болов…
1 Comment
Hani ijlee hairlaj yavtsgaay