Өмнө нь ч, өнөөдөр ч бид 20, 30, 40, 50, 60 настай хүн ямар байх ёстойг мэдэх тогтоох босго өөрсөндөө тогтоож байсангүй.
Бид мөрөөдөхдөө ч яг үнэндээ чухам юу мөрөөдхөө ч тодорхой мэдэж байсангүй.
Бид нас насны амьдралын хариуцлага, үүрэх ачаа, амрах амсхийлтээ мэдэж байсангүй.
Бид зүгээр л юу ч бодохгүйгээр дуулж, юуг ч тухайлан хариуцахгүйгээр амьдарч ирсэн.
Эхнэр хүн ээж, эцэг, нөхөр хүн гэж яах, ямар байх ёстойгоо мэдэхгүй.
Уурлалаа, аашиллаа, араар тавилаа, зодлоо нүдлээ, өлслөө, цангалаа гэхэд л буруутанг өөр нэгнээс эсвэл бүүр тухайлбал эрх баригчидаас хайчихдаг.
Тэгээд хэн нэгэнд бурууг тохоод амсхийдэг.
Өнөөдөр 20 настай залуу мөнгө байр машин мөрөөдөж байхад 60 настай хүний мөрөөдөл ч түүнээс нэг их ялгарахгүй байх жишээтэй.
Насан туршдаа бид би, би намайг хүн хараасай, яагаад энэ муугаас би илүү байхад тэрмуу Дондог надаас илүү харагдчихав гэдэгт санаагаа чилээсээр байх .
Өөрийнхөө хашааны хогийг цэвэрлэж зогсохдоо хамсан хогоо хөршийнхөө хашааны булан уруу хийж байхдаа тэр хог агаар салхиар дамжин эргээд өөрийн минь гэрт орж ирдэгийг 20, 50 настай байсан ч адилхан ойлгохгүй ухаарахгүй байсаар орчлонгоос буцах болох.
Нэг биендээ солих 30 хувцас 3 хувцастай байсан ч тааруулж тохируулж өмсөж чадахгүй л бол сайхан харагдахгүйг мэдэхгүй.
Нарийндаа биеийн тань галбирт , бас донж мэдрэмжид тань хамаг учир буйг ухаарах нь ховорхон аж.
Нүүрээ өдөр бүр угаасан нь биш ,арьсаа зөв арчилж чадсан нь сайхан харагдаж байгааг мэдрэхгүй байх.
Энэ хорвоо дээр амьдрах гэж амьдралын утга учирыг тайлах гэж тэгтлээ хичээгээгүй урсгалаараа явсан атлаа үргэлж урсгал сөрж, тэмцэж унасан ч инээж байгаа мэт харагдах Балданг жигших.
Учир нь өөрийгөө түүнтэй ижилхэн гэж дайрах.
Хэзээ бид 20 нас мөнхийн биш жил бүр нас нэмэгдэж төрсөн өдөр гэж бялуу хувааж ,хундага тулгадаг шигээ…
Хэзээ бид нэмж буй ,нэмэгдэж байгаа насныхаа хирээр ухаажиж, өөрийн болон өрөөлийн үүрэх ачаа хариуцлага хэмээх цувныхаа учрыг олж нөмөрдөг болох бол…
Хэзээ бид хүссэн ч эс хүссэн ч, мөнгөтэй ч мөнгөгүй нь ч адилхан утаатай униартай.
Улаанбаатарын минь салхи чиний миний, ах дүүсийн минь уушгийг ав адилхан үгүй хийж буйг мэдрэх бол .
Хэзээ бид би үхэхээр чи үх биш, үүнээс болж бид бүгдээрээ нас минь богиносож, үр хүүхдийн минь ирээдүй харанхуйлж буйг мэдрэх бол…
Та бид гэрээсээ гарахгүй суусан ч утаат агаараараа амьсгална.
Баячуудын хороолол, дундчуудын, ядуусын хороололд амьдарсан ч адилхан ижил өнөө л утаат агаар уушиг уруу тань орно.
Хэзээ бид тэр түрүүлээд үхэж байгаа юм бол би ч бас нэг өдөр бас л араас нь үхнэ гэдгээ үргэлж санах вэ???
Аяа миний утаагаар уушгиа сийгүүлэн уралдан гоё машин тэрэг унаж, брэнд ярьж, дарга болохыг улайрсан, гоёсон гангалсан , байнга баярласан Улаанбаатарын, уймарсан хотын иргэд, улс Монголчууд минь ээ…
Цаг хугацаа зогсолтгүй явсан ч харин бид юунд хүрэв.
Эмнэлэг сургууль нь хүрэлцэхгүй, агаар усны бохирдол, гэр бүлийн салалт, ганц бие эхчүүдийн цуваа, хүүхдүүдийн нулимс…
Орон гэргүй дүүрэн ядуус. Туслаад, туслаад өгөөд дуусахгүй дүүрэн өрөвдөлтэй улс.
Ядуу тарчиг, арчаагүй, утаатай, хогтой байгаа минь бидний өөрсдийн минь арчаагүйнх гэж боддог нь ер нь хэд юм бол?
Утаан дундуур улам л их болимоор бүхэн нэмэгдсээр, сааралтсаар л…
Гэхдээ түүнийг бид өөрсдөө тарьсаар л…
Дорнын тэнгэрт утаа манараад гэж дуу бий…
Дотно өлгий гэр ,өр зүрхний Монголд минь юм юмны л утаа манарч бүрхэж буйд сэтгэл зүрх минь урагдан шархирах юм даа.
Ядаж миний үеийн 40 ба түүнээс дээш насныхан минь жаахан ч атугай сэрээч. Би л болвол бусад нь хамаагүй биш л юм байна шүү дээ энэ хорвоо гэгч чинь .
Та 3 өрөө байр ,зуслангийн байшин ,хураасан хэдэн төгрөг хуучин шинэ жиптэй байж болноо.
Хүүхэд чинь гадаадад сурдаг, өөрөө эсвэл нөхөр тань дарга байж бас болно. Баяр хүргэе.
Гоё машиныхаа цонхоор тамхиа, хогоо хаяхаа больчихооч ядаж.
20 настайдаа явганаар алхаж явахдаа чихрийн цаас, тамхины ишээ хаяж л байсан та 40 настай болчихоод түүнээ бас давтсаар байх ичмээр биш гэж үү?
Та нас чинь нэмэгдээд хангалуун боломжийн амьдарч байгаа ч өөрөө ч тарилцаж , нэрмэлцэж байгаа.
Улаанбаатарын улс Монголынхоо утаанаас, хогноос зугтаж чадахгүй.
Тиймээс бид л тэмцэж ,хогоо хогийн саванд өөрсдөө хаяж, хүүхдүүдээ ч үлгэрлэн сургаж чадна.
Гэртээ сайхан амьдрахыг хүсдэг шигээ гэр болсон Монголдоо сайхан амьдарцгаахсан.
Арчаагүй бохир заваан Монгол хэмээх том өргөө гэрийнхээ цонх , шалыг арчихгүйгээр дотор нь орших таны өөрийн гэр орон мянга гоё байгаад яах ч билээ дээ.
Хагархай шил, хогоор дүүрсэн зам дээр та мянган ганган үнэтэй чамин машин унаад хаа хүрэх юм бэ?
40+ настнууд минь бүхэл бүтэн 20 гаран жилийн турш бишгүй л их зүйл үзэцгээж, ухаажиж, туршлагажлаа та бид.
Өөрсдөөсөө үлгэрлэж, манай танай гэхгүй миний эх орон, улс гэр минь гэж байцгаавал одоо яасан юм бэ?
Одоо жаахан ч гэсэн аминч үзлээсээ салцгааж арай том уужуу, алсын хараатай, зорилготой байцгаая таминь ээ.
Хулганайн Тэргэл Чикаго хот