Miss International queen” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоод ирсэн трансжендер Э.Аминатай ярилцлаа.
-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? Сүүлийн үед сошл орчинд нэлээдгүй шуугиулж байна. “Мiss International queen” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцлоо. Яагаад тус тэмцээнд оролцох болов. Энэ талаар хоёулаа ярилцлагаа эхлүүлье.
-Намайг Э.Амин-Эрдэнэ гэдэг. 23 настай. 2010 оноос эхлээд өөрийгөө трансжендер байдлаар илэрхийлж гарч ирсэн. Энэ хугацаанд Монголд трансжендерүүдийн дунд зохиогддог хэд хэдэн тэмцээнд оролцож байсан. 2013 оноос “Мiss International queen” тэмцээнд оролцъё гэж өөрийгөө бэлдэж эхэлсэн. Тэмцээний тухайд ярихад олон улсын трансжендер миссийг тодруулдаг, дэлхийд чансаагаараа дөрөвдүгээр ордог тэмцээн юм. Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцоод ирлээ. Тэмцээний шалгаруулалт онлайнаар өнгөрсөн оны тавдугаар сараас эхэлсэн. Дэлхийн 74 орны 86 бүсгүйчүүд оролцсон. Үүнээс шилдэг 25 оролцогчийг тодруулснаас Аминаа миний бие багтсан байгаа. Шалгаруулалтын гол үзүүлэлт нь биеийн харьцаа, царай зүс, хүмүүнлэгийн ажил, тухайн улсдаа хэр олон хүнд танигдсан мөн ямар тэмцээн уралдаанд оролцож байв зэрэг шаардлагуудыг тавьдаг. Онгоцны зардлаас бусад зардлыг би өөрөөсөө гаргасан. Энэ жилийн “Мiss International queen” тэмцээний шторк монгол үндэсний хувцсаар эхэлсэнд би маш их бахархаж байгаа. Тайландын гурван телевиз, Хятадын нэг телевиз үндэсний хувцсыг маань онцолж яриа авсан. Хэдийгээр би “Мiss International queen” тэмцээнд байранд ороогүй ч гэсэн монгол үндэсний хувцас анх удаа “Мiss International queen” тэмцээний шторкийн эхлэл болно гэдэг нь өөрөө амжилт юм. Мөн шилдэг үндэсний хувцас төрөлд гуравдугаар байранд орсон.
-Тэмцээнд явж ирснээс хойш Аминаа олонд танигдаж эхэллээ. Нийгэм хэрхэн хүлээн авч байна вэ?
-Тэмцээнд явахаас өмнө би энэ талаар ээж, нөхөр хоёртойгоо ярилцаж байсан. Ээж маань тэмцээнд явахаас өмнө “Тэмцээнд Монголоо төлөөлж оролцож байгаа учраас ирээдүйд гарах сайн, муу бүх л зүйлд бэлтгэлтэй байгаарай” гэж хэлж байсан. Тэмцээнээ дуусаад Монголд дөнгөж ирсэний маргааш нь миний тухай мэдээлэл зарим сайтуудаар гарсан байсан. Энэ бүх зүйлд бэлтгэлтэй байсан болохоор хэвийн хүлээж авсан. Монголд танигдсан трансжендер гэдгээ зарласан гурван хүн л бий. Гэтэл Монголын гурван сая хүн ам дотор гуравхан трансжендер гарч ирж байхад Монгол улс сөнөж байгаа мэт хүлээж авч байна л даа. Монголчуудад би трансжендер хүмүүсийг ойлгож, хайрла гэж хэлэхгүй харин ийм хүмүүсийг битгий үзэн ядаач гэж хэлмээр байна. Бид гурвын цаана гарын арван хуруунд багтахаар трансжендерүүд бий. Энэ төрлийн хүмүүсийг нээлттэйгээр хүлээж авах цаг нь одоо ирсэн. Гэхдээ одоогоос хэдэн жилийн өмнөхтэй харьцуулбал байдал арай л сайжирч байна. 2011 онд би бие махбодь болон сэтгэл санааны дарамт, халдлагад хоёр удаа өртөж байсан. Тархиа хагалуулаад Гэмтлийн эмнэлэгт очиход эмч нь намайг тоогоогүй, хүлээж аваагүй ийм үе хүртэл байсан. 2012 онд далан дээрээ хутгаар зоолгуулж сэтгэл санааны хямралд гүн орж амьд явахаас шантарч, амиа хорломоор санагддаг байсан. Энэ төрлийн хүмүүсийг хүлээн зөвшөөрөхгүй тэр үзэн ядалт нь нийгэмд ил гарч ирсэн трансжерүүдэд нь ирдэг. Гей, гомо, лесби нарыг хүн хараад мэдэх боломжгүй.мХарин трансжендерүүдийг шууд хараад мэддэг учраас халдлагад өртдөг. Би Тайландад очоод энд төрсөн бол ямар гоё вэ боддог байсан. Гэхдээ үүгээр монгол залуусыг би үгүйсгэхгүй, яагаад гэвэл үүнийг хүлээн зөвшөөрөх нийгэм нь бүрдээгүй учир монгол залуус намайг үгүйсгэх нь аргагүй шүү дээ. Харин үүнийг нээхийн төлөө би өнөөдөр явж байна. Энэ цаг хугацааг ирэхийг би хүлээж байна. Намайг ойлгож байгаа дэмжигчид ч мөн үзэн ядагчид аль аль байна.
-Яагаад эмэгтэй болохоор шийдсэн бэ?
-Би угаасаа эмэгтэй байсан, трансжендер байсан. Мэс засал хийлгэсэн нь зүгээр л өөрийнхөө дотоод хүнийг ил гаргаж ирсэн л үйлдэл. Миний биологийн бие л эрэгтэй байсан болохоос би болоод оюун санаа маань тэр чигтээ эмэгтэй хүн байсан. Хүйсийн шилжилт, гормоны эмчилгээнд асар их мөнгө орсон. Энэ бүхнийг би олохын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй болсон. Гэтэл нийгэмд трансжендер хүнийг ажилд авах газар байхгүй учир хувийн бизнес эрхлэхээс өөр сонголт надад байгаагүй. Ингээд гэр бүлийнхээ бизнест туслаж, салон ажилуулж эхэлсэн. Мөн таван жилийн өмнөөс ЛГБТ-ын хүмүүст зориулж үдэшлэг зохион байгуулдаг байлаа. Аминаа гэдэг хүнийг гаргаж ирэхийн тулд нэлээн их хөдөлмөрлөж, мөн тэр хэрээр хөрөнгө санхүүг зарцуулсан. Нөхөртэйгөө танилцаад таван жил, хамтран амьдраад гурван жил болж байна. Манай нөхөр хоёр хүйстэнг сонирхдог учир Аминааг гаргаж ирэх хамгийн давуу тал нь болсон. Мөн миний эмэгтэйлэг зан чанарыг маш сайн ойлгодог байсан. Төдийгөөс өнөөдрийг хүртэл Сэкүгээс Аминаа болох хүртлэх гормоны эмчилгээ, хүйсийн шилжилт, мэс заслын ажилбар бүх зүйл дээр надтай үргэлж хамт байсан хоёр хүн бол миний ээж,нөхөр хоёр маань.
-Гормоны эмчилгээ, хүйсийн шилжилт энэ бүхэнд хэдий хэр хугацаа зарцуулагддаг вэ?
-Нийтдээ гурван жил зарцуулагдсан. Энэ бүхнийг нэг дор хийх боломжгүй учир бүгд ээлж дараалалтай тодорхой цаг хугацааны дагуу явагддаг.
-Нүүрэндээ ямар мэс засал хийлгэсэн бэ?
-Түгээмэл мэс заслуудын нэг болох хамар, болон давхраа хийлгүүлсэн. Би өмнөх эрэгтэй дүр төрхөө яагаад олон нийтэд гаргав гэхээр одоогийнх буюу эмэгтэй болсноо эрэгтэй зурагтайгаа харьцуулж байна. Үүгээр би трансжендер хүмүүс төрөлхийн төрдөг юм түүнээс биш дүр төрх, биеийн бүх хэсгээ өөрчилдөг юм биш гэдгийг харуулахыг зорьсон. Миний өмнөх эрэгтэй нэр буюу Сэкү нилээн олон хүнд танигдсан мөн фэйсбүүк хуудастаа маш олон найз, дагагчидтай байсан. Миний эрэгтэй төрх маш царайлаг. Гэхдээ одоо ч эмэгтэй болсон ч гэсэн гадаад төрх, зан чанар маань хэвээр байгаа.
-Өөрийгөө эмэгтэй гэдгээ хүүхэд байхдаа мэдэрсэн үү? Энэ талаар ярилцлагаа үргэлжлүүлье?
Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншаарай…