Жирэмсэн болмогц биед шинээр боловсорч эхлэх дааврын нөлөөгөөр олон өөрчлөлт биед тань илэрч байгааг та мэдрэх болно. Нүүр царай цайрч зөөлөрсөн, эсвэл нөсөөжиж, хөхний хэмжээ томорч чангарсан, бэлхүүсээрээ өдөр ирэх тусам дүүрч байгаа, зан харьцаа өөрчлөгдөн, эелдэг, дөлгөөн, тайван болж хөдөлгөөн эвлэг, тогтуун болсон гэх мэтчилэн.
Гэхдээ энэ өөрчлөлт эмэгтэй хүн бүрт адилгүй байдаг.
Ер нь жирэмслэлт ба төрөлт нь эмэгтэй хүний бие махбод, сэтгэл санаа, гоо зүйн хувьд хамгийн эерэг хандлага үзүүлэх ёстой үйл явц юм. Учир нь байгаль эхээс эмэгтэй хүнд л ганцхан заяагдсан тавилан тул бие махбод өөрөө үүнийг маш эерэгээр хүлээн авдаг. Нэг үгээр, таны хүүхэдтэй болохыг хүлээж байдаг учраас баярладаг гэхэд болно.
Жирэмсэн эмэгтэйн сэтгэл санааны тогтворгүй байдал нь түүний биед боловсрогдож байгаа даавартай холбоотой гэдгийг дахин хэлэх нь зүйтэй. Зарим үед аливаа зүйлд амархан уурлах, бухимдах, баярлах гэх мэтээр сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй, эмзэг болох, уйламхай болох, мөн сэтгэлээр унах, айдас төрөх шинжүүд илэрнэ.
Хүүхдээ төрүүлэхээр шийдсэн л бол эдгээр айдас, сэтгэлийн зовнилыг огт ажралгүй, цоо шинэ амьдрал эхэлж байгаа тул гэр бүлийнхээ цаашдын ирээдүйн сайн сайхныг бодож төлөвлөх нь дээр.